Засаг даргын зөвлөлийн хурал болов

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Засаг даргын зөвлөлийн хурал болов

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал болж хэд  хэдэн асуудал хэлэлцлээ.  Захирагчийн ажлын албанаас оруулж ирсэн хоёрдогч түүхий эдийг цуглуулах, ангилах, худалдан авах, худалдах журмын төсөл анхаарлын төвд байв. Журмын зорилго нь Улаанбаатар хотын 9 дүүрэг, 132 хорооны нутаг дэвсгэрт үүсэн бий болж байгаа төрөл бүрийн хаягдлууд эмх замбараагүй холилдож, хур хог болох замаар бөөгнөрөн цугларч, улмаар их хэмжээний зардал гаргаж төвлөрсөн хогийн цэгт хүргэгдэж байна. Одоогийн явуулж буй үйл ажиллагааг эмх цэгцэт оруулж зохицуулахад энэхүү журмын зорилго орших нь байна. Уг танилцуулгад дурьдсанаар  Улаанбаатар хотын нэг иргэн өдөрт дунджаар 270- 900 гр хог хаягдал үүсгэж байна.  Жилдээ 340.0 мян тонн ахуйн хог хаягдлыг Нарангийн энгэрийн болон Морингийн давааны хогийн цэгт хүлээн авч ландфиллийн технологийн дагуу дарж булах үйл ажиллагааг явуулдаг аж. Нийслэлээс гарч байгаа хог хаягдлыг  бүтцийн хувьд авч үзвэл дахин боловсруулах боломжтой хог хаягдал буюу цаас, пластик ундааны болон усны сав, хөнгөн цагаан лааз, шилний хэмжээ нийт хог хаягдлын 30 орчим хувийг эзэлдэг байна.  2010 онд нийт хог хаягдлын 7,6 хувь буюу 25,800 тонн дахин ашиглах боломжтой хог хаягдлыг цуглуулан хоёрдогч түүхий эд болгон экспортод гаргажээ. Өнөөдрийн байдлаар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгалт хийж хаях, цуглуулах тогтолцоо бүрэлдээгүй байгаа тул хог хаягдлыг  ачих, тээвэрлэх үйл ажиллагааны явцад болон төвлөрсөн цэг дээр хог хаягдал түүгчид цуглуулан хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд тушааж байна. Иймд хог хаягдлыг анхан шатанд ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн үндэслэл бий болгох, хог хаягдлын ангиллыг тогтооход  энэхүү журмын зорилго оршиж байгаа гэлээ. Түүнчлэн  журмын төсөлд хог хаягдлын ангилал, хог хаягдлыг ангилан ялгахад ЗАА, Дүүрэг, Хоёрдогч түүхий эдийг худалдан авч буй цэгүүдийн хүлээх үүрэг, хориглох зүйлс, хариуцлага, урамшуулал зэрэг хог хаягдлыг анхан шатанд ангилан ялгахад шаардлагатай харилцааг зохицуулахаар тусгаж өгсөн байв. Хоёрдогч түүхий эдийг цуглуулах, ангилах, худалдан авах, худалдах журам төслийг боловсруулахдаа нийслэлийн дүүргүүд болон холбогдох хэлтэс, мэргэжлийн хяналтын газраас саналыг авч нэгтгэн тусгасан гэлээ. Энэхүү танилцуулгын дараа зөвлөлийн гишүүд саналаа хэлэв.  Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг хог хаягдал авах байршлыг журмандаа тусгахыг сануулсан бол Засаг даргын зөвлөлийн гишүүн, ЗТБХБ-ын дэд сайд Д. Пүрэвдорж маш чухал асуудлыг хөнгөн гоомой байдлаар хагас дутуу боловсруулж гэж  шүүмжиллээ. Хотын дарга журмаа боловсруулахдаа дүүргийн удирдлагуудад заавал танилцуулах учиртайг анхаарууллаа.  Ерөөсөө энэ асуудлыг шийдвэрлэхдээ мэргэжлийн хяналтын байгуулага, дүүрэг, иргэдийн оролцоотой шийдэх ёстой. Өнөөдрийг хүртэл урсгалаараа явж ирсэн шүү гэж онцолсон юм.  Ингээд уг асуудлыг дүүргийн засаг дарга нараас санал авч иргэдийн хуралд оруулахаар тогтлоо.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж