“Шударга ёс” эвсэл “Боролдой”-н Б.Мягмарыг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвсэл “Боролдой”-н Б.Мягмарыг дэмжжээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол бүлгийн гишүүд эл асуудлыг хэлэлцээд Ерөнхийлөгчөөс санал болгосон хоёр нэр дэвшигч дээр санал зөрөх шалтгаан байхгүй гэж үзсэн бол УИХ-д ирээд байгаа нэр дэвшигч дээр нэлээд ярилцах шаардлагатай хэмээжээ. Хуулиараа УИХ-аас дөрвөн хүний нэрийг санал болгох ёстой, харин төрийн бус байгууллагуудаас санал болгосон хүний нэрс 29-д хүрсэн. Шигшилт хийсний үндсэн дээр Монголын зохиолчдын хорооны дарга Г.Мөнхцэцэг, “Боролдой” студийн захирал, УИХ-ын даргын зөвлөх Б.Мягмар, Бөхийн холбооны ерөнхийлөгч н.Нямдорж, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Амгаланбаатар, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, н.Бадар-Ууган, “Нээлттэй нийгэм форум”-ын Ц.Ганболд, Төрийн шагналт зохиолч Б.Догмид нарын нэрс тунаж үлдээд буй аж. Гэхдээ “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн хувьд “Боролдой” студийн захирал, УИХ-ын даргын зөвлөх Б.Мягмарыг санал нэгтэй дэмжсэн юм байна. Тэрбээр УИХ-ын сонгуулийн үед “Шударга ёс” эвслийн сонгуулийн PR –ыг гардаж байсан нь ийнхүү дэмжлэг авахад нөлөөлсөн бололтой. Мөн “Нээлттэй нийгэм форум”-ын Ц.Ганболдын хувьд МҮАН-ын дарга М.Энхсайхантай их ойрхон ажилладаг, энэ утгаараа бас дэмжлэг хүлээх магадлал өндөр байж мэдэх талтай. Бусад гишүүдийн хувьд тэр дундаа Ардчилсан намын бүлэг эдгээр нэр дэвшигчдээс хэнийг дэмжээд буй нь нууц байгаа. Хоёр бүлэг тиймээс саналаа нэгтгэнэ.

Ямартай ч хуульд зааснаар Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүнээс наймынх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул шинээр томилох болж буй юм. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хоёр, Засгийн газраас мөн хоёр хүнийг тус бүр нэр дэвшүүлээд байгаа бол УИХ-ын зүгээс санал болгох дөрвөн нэр дэвшигч дээр ийнхүү арав шахам хүний нэр тунажээ. Үүнээсээ шигшиж дөрвийг л санал болгоно. Тиймээс УИХ-аас санал болгох нэрс дээр нэлээд ширүүхэн өрсөлдөөн болох төлөвтэй байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж