Уэйн Руни: Унаж босоод амьдарч л явна

Хуучирсан мэдээ: 2012.09.16-нд нийтлэгдсэн

Уэйн Руни: Унаж босоод амьдарч л явна

Aнглийн шигшээ багийн довтлогч Уэйн Руни “Прьемер-Лигт тоглосон арван жил” гэдэг ном саяхан хэвлүүлжээ. Өөрийнхөө намтрыг өгүүлсэн энэ номоо хэвлэгдсэнээс хойш уншигчдын дунд нэлээд эрэлт хэрэгцээтэй байгаа бүтээлүүдийн нэгээр тооцогдож байгаа. Түүнтэй “Манчестер Юнайтед”-ийн хөгжөөн дэмжигчид интернетээр асуулт тавьж хүүрнэснийг доор сийрүүлье.

-”Прьемер-Лигт” завсаргүй арван жил тоглолоо. Энэ таны хүсч байсан эрмэлзэл мөн үү?

-Миний амьдралд гэрэл гэгээтэй бас тас харанхуй мөчүүд зөндөө байсан. Гэхдээ аль аль нь амьдралд хэрэгтэй туршлага болон үлдэх юм даа. Миний бодлоор дэлхий дээр байгаа хамгийн сонирхолтой, хүчтэй, чадалтай Лигт арван жил тоглох тэр тусмаа найман жилийг нь “Манчестер Юнайтед" багийн бүрэлдэхүүнд багтан тоглож өнгөрөөнө гэдэг хэр баргийн аавын хүүд олдохгүй боломж хэмээн бодож байна. Зөндөө олон цом, аваргын титэм багийхантайгаа хамт авлаа. Сүүлийн хэдэн жил гоол оруулах чадвар маань нэлээд дээшилж овоо хэдэн бөмбөгөөр өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан шүү. Бас харамсмаар мөчүүд ч байсаан, байсан. Гэхдээ хүн гэдэг чинь унаж босдог хорвоод амьдардаг шүү дээ. Өөрийнхөө алдаан дээр суралцаад явж л байна.

-Арван жилийн дараа таныг хорин жилийнхээ хөдөлмөрийнхөө талаар шинэ ном бичнэ гэж найдаж болох уу?

-Тэгэх юмсан. Би Гиггз, Скоулз, нарыг хараад биширдэг. Тэдний жишгээр амьдарч алхах юмсан гэж мөрөөддөг. Тэдэн шиг олон жил нэг багтаа үнэнч тоглох юмсан. Арван жилийн дараа тантай уулзаад “Прьемер-Лиг”-т өнгөрүүлсөн хорин жилийнхээ тухай хүүрнээд сууж байвал сайхан л байна.

-Тэр арван жилээ “Манчестер Юнайтед”-д өнгөрөөнө гэж боддог уу?

-Бас л тийм байгаасай гэж мөрөөддөг. Би өмнө нь олон удаа хэлсэн дээ, энэ багт намайг хэрэгтэй гэж үзвэл би “Манчестер Юнайтед”-ийн тоглогч хэвээрээ л байх болно гэж. Хоёр жилийн өмнө би алдаа гаргасан. Гэхдээ маш хурдан алдаагаа ойлгож уучлал гуйсан гэж боддог.

-Би яагаад ийм үйлдэл хийчихэв дээ хэмээн хожим өөртөө асуулт тавьж байв уу?

-Бид дандаа л өөрсдийнхөө алдаан дээр суралцдаг шүү дээ. Тэр үед Сэр Алекстай уулзаад, “Алдаа гаргачихлаа, алдаагаа засахын тулд юу хийх вэ” гэдгээ тодруулсан. Тэр чинь агуу хүн байхгүй юу. Бид ярилцаж суугаад бие биеэ ойлголцож 12 цагийн дараа шинэ гэрээ байгуулсан.

-Багийнхаа ирээдүйд итгэхгүй байна гэж хэлж байсан санагдах юм?

-Одоо тэр бүхнийг эргэж санах шаардлага байна уу. Би тэгэх хэрэгтэй байсан юм. Гэхдээ миний үйлдэл манай багийн хөгжил дэвшилд бага ч гэсэн нэмэр болсон шүү дээ.

-Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн итгэлийг буцааж эргүүлэн авчирна гэдэг хэцүү шүү?

-Фанатууд надад үргэлж сайн ханддаг байсан. Тэд намайг хараад “МЮ”-гийн төлөө бүхнээ зориулж чадна гэдгийг мэддэг байсан. Би тэр хэвээрээ л байгаа.

-Өнгөрсөн улиралд сүүлчийн өдөр “Сити” ялалтыг өөртөө авчирсан тэр агшин танд хэр хэцүү туссан бэ?

-Аймшигтай. “Чи ялчихлаа гээд бодчихсон, аваргын цом авч байна” гээд бодож байхад хорин секундийн дараа бүх юм орвонгоороо эргэнэ гэдэг тийм сайхан байх уу. Тэр мөч манай багийн бүх хүмүүст их хүнд туссан. Тийм учраас шинэ улирал эхлээд хувцас солих өрөөнд бүгдээрээ цуглахдаа хүн бүхнээс титмээ буцааж авна гэх хүсэл зориг ханхалж байсан гэхэд болно.

-Та өөрийнхөө номонд бичихдээ тэр өдрийн “Match of the Day” теле нэвтрүүлгийг орой нь үзсэн гэжээ. Өөрийгөө тэгж зовоох хэрэг байсан юм уу?

-Би энэ үйлдлийг дандаа хийдэг. Орой нь суугаад тэр өдрийн бүх тоглолтыг харж, бид сайн тоглож уу, муу тоглож уу, манай өрсөлдөгчид ямархуу байна гэдгийг заавал харж дүгнэлт хийдэг. Гэхдээ Агуэрогийн гоолыг хараад дотор зүсэгдэх шиг болж билээ.

-”Сити” танай багийн гол өрсөлдөгч мөн үү?

-Мөн. Гэхдээ цаана чинь “Челси” бий. Бас “Ливерпүүл” эргэж ирнэ гэдэгт итгэж байна. Тэдний дасгалжуулагч их сайн, сонирхолтой хөлбөмбөг тоглохыг хичээдэг хүн шүү дээ. Надад энэ тухай ярихад хэцүү ч гэлээ “Ливерпүүл” бол агуу түүхтэй, агуу баг.

-”Фулхэм”-тэй тоглосон тоглолтонд маш эвгүй гэмтэл авлаа шүү. Хэзээ талбайдаа эргэж ирэх вэ?

-Одоохондоо бүх юм эмчийн зааврын дагуу сайн л явж байна. Үүнээс ч муу байж болох байсан. Эмч нар надад дөрвөн долоо хоногийн дараа эрүүл болно гэж хэлсэн. Тэдний хэлсэн энэ хугацаанд шарх бүрэн эдгэрвэл сайн л байна. Тэр үед би хөлөө бариад шүүгчийг дуудсанаа санаж байна. Их гүнзгий зүсэгдсэн байсан ч өвдөлт бага байсан.

-Өмнө нь та багийнхаа үндсэн бүрэлдэхүүний найдвартай нэгэн гишүүн нь байлаа. Харин одоо Ван Перси гэдэг лут өрсөлдөгч гарч ирлээ?

-Манай багт үндсэн багийн найдвартай гишүүн гэж байдаггүй юм. Хэн сайн тоглож байна, тэр нь л талбайд гардаг. Хэдийгээр би хэсэг хугацаанд талбайд гарч чадахааргүй болсон ч бэлтгэлийн танхимд бэлтгэл сургуулилтаа хийж л байгаа шүү дээ. Ван Персигээс өмнө манайд зөндөө сайн довтлогч нар байсан. Бүгдтэй нь л хэл амаа сайн ойлголцдог байлаа. Робин бид хоёр ч хөл нийлнэ гэдэгт итгэж байна.

Б.ХУЛАН

Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж