Д.Лүндээжанцан: Цалин, тэтгэвэр нэмэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан: Цалин, тэтгэвэр нэмэхийг дэмжлээ

УИХ дахь МАХН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Хүний хөгжлийн сангаас олгож эхэлсэн хувь хишгийн асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцсэн байна. Мөн цалин, тэтгэвэр нэмэх тухай асуудал ч өнөөдрийн бүлгийн хуралдааны гол сэдэв болжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Лүндээжанцангаас тодрууллаа.
-Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал юу байв? 

-Өнөөдрийн хуралдаанаар бид гол нь 1.5 сая төгрөгийн улстөрийн амлалтыг яаж хэрэгжүүлэх ёстой талаар ярилаа. Эрүүл мэндийн даатгалд зайлшгүй хамрагдах шаардлагатай 400-гаад мянган иргэний асуудал байдаг юм байна. Тэднийг даатгалд хамруулах. Мөн оюутны сургалтын төлбөрийн эрхийн асуудал. Бэлэн мөнгөөр иргэн бүрт 120 мянган төгрөг өглөө гэхэд, үлдсэн хэсгийг 2011, 2012 оны сургалтын төлбөрт шилжүүлж болохоор эрхийг олгочих жишээтэй. Түүнчлэн орон сууцны төлбөр хийх эрхийг нь бас олгочихъё гэх мэтчилэнгээр тодорхой асуудлуудыг Засгийн газраас оруулж ирсэн байна.
Бэлэн мөнгөний тухайд улирал тутам, үе шаттайгаар өгье гэж байна. Мөнгөний хэлбэлзэл инфляцитай холбогдож гарч ирэх учраас. Банкуудад малчид их хэмжээний өртэй байна. Өрийг нь Хүний хөгжлийн сангаас олгох хувь хишгээр хааж болохгүй юм уу гэдэг асуудал байна, ядаж л хүүг нь төлж болно. Засгийн газраас энэхүү эрхийг иргэддээ олгох зорилгоор ард түмнээсээ санал авъя гэж байна. Мөн ажлын байр нэмэгдүүлэхийн тулд иргэд хөдөлмөрөө хоршоод сум, аймгийн төвдөө үйлдвэр байгуулж, хувьцаа эзэмшигч болох ч юм уу, иймэрхүү олон төрлийн хэлбэрийг оруулж ирэх боломжтой гэснийг бүлгийн гишүүд дэмжлээ.
Хоёр дахь чухал асуудал нь Засгийн газраас УИХ-д төсвийн тодотголоор цалин, тэтгэврийг хоёр үе шаттайгаар нэмэх асуудлыг оруулж ирэхээр болж байна. 2010 ондоо багтаагаад  долдугаар сарын 1, аравдугаар сарын 1 гэж оруулж ирэх юм.  Үндсэнд нь энэ асуудлыг бас дэмжлээ.

-Тавантолгойн төсөл, Төмөр замын асуудал дээр бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үдээс хойш үргэлжлэх бүлгийн хуралдаанаар Халамжийн тухай хууль, Утаагүй Улаанбаатар Тавантолгойн төсөл, Төмөр замын талаар баримтлах бодлого гэх мэт энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлыг багцаар нь үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

-Амлалт нэхэх ард түмний холбооноос УИХ-ыг тартал өлсгөлөнгөө зогсоохгүй гэж мэдэгдээд байгаа. Энэ талаар ярилцав уу?

-Сая энэ асуудлыг хэлэлцэж амжсангүй. Гэхдээ бид олон удаа хэлж байгаа, “Тавьж байгаа шаардлагад хүндэтгэлтэй хандаж байгаа” гэж…  Гэхдээ өлсгөлөн гэдэг хүчирхийлэл, хүний эрүүл мэнд, амь насанд халтай учраас тэмцлийн энэхүү хэлбэрээ эргэж хараач ээ гэж уриалах байна. Манай УИХ-ын гишүүд өлсгөлөн зарлаж байгаа болон суулт хийж байгаа иргэний нийгмийн төлөөлөлтэй тодорхой,  тодорхой асуудлуудаар санал солилцоход бэлэн байгаа.

-Тэгвэл УИХ-д итгэл үзүүлэх эсэх тухай асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулъя гэдэг шаардлагын тухай ямар байр суурьтай байна вэ?

-Ард нийтийн санал асуулгын хувьд ард түмэн УИХ-ын сонгуулиар л санал асуулгаа явуулчихаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал ярвигтай. УИХ –ыг дөрвөн жилийн хугацаатай байгуулдаг. Тиймээс энэ асуудлаар манай бүлгээс хүмүүс томилоод өлсгөлөн суулт зарласан хүмүүстэй уулзахад бэлэн байгаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж