Дотоодын бүтээгдэхүүнийг дэлгэж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Дотоодын бүтээгдэхүүнийг дэлгэж байна

“Улаанбаатар түншлэл 2012” олон улсын 16 дахь удаагийн намрын  үзсэсгэлэн яармаг энэ өдрүүдэд нийслэлчүүдэд бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг “Мишээл экспо” төвд дэлгэн тавьж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ өчигдөр болсон бөгөөд 17-ныг хүртэл үргэлжлэх юм. Үүнд нийт 100 орчим дотоодын компани оролцож, гадаадад гаргадаг экспортын болон импортын бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, худалдаа явуулж байна. Уг худалдаа, үйлчилгээг сонирхохоор нийслэлчүүдийн сайн мэдэх “Мишээл экспо” төвийг зорьлоо. Хүмүүсийн хөл хөдөлгөөн ажлын цагаар гэхэд худалдааны төвд их байх юм.

Намар цаг болоод,өглөө, оройдоо хүйтэрч байгаа энэ үед хэн бүхэн л дулаахан хувцас, энерги, эрч хүч сэлбэх тэжээллэг бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсдэг шүү дээ. Тэгвэл энэ бүгдийг нэг дороос шийдэх боломжийг олгосон гэж хэлмээр санагдсан. Учир нь хүний биед сайн гэгддэг ногоон цай, хүн орхоодойн бэлдмэл, овъёос зэрэг бүтээгдэхүүнийг худалдаж, дэлгэрэнгүй зөвөлгөө өгч байна. Үзэсгэлэн худалдаанд ноолууран цамц, малгай, бээлий, Монгол гутал зарж харагдана лээ. Үндэсний үйлдвэрлэл гэхээр хөдөө аж ахуйн салбараас эхтэй, манай орны өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн санаанд буудаг. Хүйтэн цагт дулаахан явах хувцас хэрэглэлийг эндээс сонирхож болно. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй ноолууран цамц загвар хийцээсээ хамаараад 70-200 мянган төгрөг, Монгол гутал 70-800 мянган төгрөг, эрэгтэй, эмэгтэй нэхий 400-500 мянган төгрөгний үнэтэй. Энд зөвхөн хувцас хунар худалдаалаагүй, энэтхэг бараа болох ясан заан, аяга тавганы хослол, арьсан цүнх, зүүлт,  хүнсний бараа, гал тогооны цахилгаан хэрэгсэл, бүхий л төрлийн жийргэвч үйлдвэрлэл, дарс, виноны өргөн сонголтыг сонирхох боломжтой ба талх, нарийн боов, гоо сайхны бараа, төрөл бүрийн эм, хөдөлмөр хамгааллын хувцас худалдан авч болох юм. Түүнчлэн үзэсгэлэн худалдааны үеэр “Сансар” кабелийн телевиз, “Голомт” банкны үйлчилгээг үзүүлж байсан. Худалдан авагч, иргэд эсгий болон арьсан эдлэлийг ихэд сонирхож байсан. Тухайлбал, эсгийгээр хийсэн шатарыг авч өгч, хүүхдүүдээ сургая гэсэн эцэг ихтэй багагүй тааралдсан. Ийм шатар 25 мянган төгрөгний үнэтэй. Монгол хүний ур ухаанаар хийсэн болоод ч тэр үү, цаанаа л сэтгэл шингэсэн гэмээр, хээ хуар, чанарын хувьд сайн юм. Цааш сонирхвол, дарс, вискины өргөн сонголттой лангуу харагдлаа. Архи, тамхины онцгой албан татварыг саяхан нэмсэн учраас эдгээр бүтээгдэхүүнүүдийн үнэ тухайн бүтээгдэхүүний хатуулаг, онцлог шинж чанараас хамаарч, 5-20 мянган төгрөгөөр нэмэгдсэн талаар худалдагчаас нь олж сонссон. Гэсэн ч хүмүүс ихэд сонирхож байна лээ. “Улаанбаатар түншлэл 2012”-т мөн барилгын материалаас танилцуулж байна. Тухайлбал, бүхий л өрөөний тавилгын материал болох чулуун тавцангуудыг худалдаж буй. Ердийн чулуу м/кв нь 60-90 мянган төгрөг, өнгө, зузаанаасаа хамаараад 200-300 мянган төгрөгний ч хавтан байх юм. Аятай тухтай амьдрах орчноо бүтээхийн тулд сүүлийн үед бүх тавилга, өрөөний интерьерээ өөрсдөө захиалдаг моод дэлгэрч байгаа. Тэгвэл өрөөний дизайнд тохируулж тавилга хийлгэх гэсэн бол  эндээс төрөл бүрийн хавтангийн загваруудыг үзэх боломжтой.

Ийнхүү үзэсгэлэнд оролцож буй аж ахуй нэгжүүд дундаас хэрэглэгч, олон нийтийн саналаар шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг 20 төрлөөр шалгаруулах тухай албаныхан мэдээлж байна. Шалгаруулалтын эцсийн дүнг есдүгээр сарын 17-ны 18.30 цагт МҮХАҮТ-ын байранд болох ззэсгэлэнгийн хүлээн авалтанд мэдээллэх ажээ. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн “Улаанбаатар түншлэл 2012” үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 17-ныг хүртэл үргэлжлэхийг дахин сануулъя.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж