
Орост төгсөөд Орон сууцны конторт инженерээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрбээр хотын ажлыг бүх шатанд нь мэддэг. Инженер даргатай болсон нийслэл өнгөрсөн хоёрхон жилийн хугацаанд хорин жилд хийгээгүй их бүтээн байгуулалтын ажил амжуулсан. Тавьснаас нь хойш нөхөж цойлдох төдийхнөөр аргалж байсан хотын төвийн зам бүрэн шинэчлэгдэж, нүх тоолж хараалаа барж явдаг жолооч наоын нуруу тэнийсэн. Зам засах нэрээр ойр хавийг нь түйвээж орхидог байсныг тэр өөрчилсөн. Нэгэнт тендерт ялаад ажил хийх эрх, бас санхүүжилт авсан бол зам шинэчлэх төдийнхнөөр үүрэг нь хязгаарлагдахгүй, автобусны зогсоол, явган хүний зам, гэрэл чийдэн гээд тохижилтын бусад ажлыг ч давхар хийх шаардлага тавьдаг болсон нь чухамдаа Г.Мөнхбаяр гэж инженер хотыг удирдаж буйн гавьяа. Тэр зөвхөн ажил өгөөд зогсоогүй, хийж чадаагүй нэгэнтэй хариуцлага тооцож хот гэж их айл эзэнтэй гэдгийг харуулж чаддаг юм. Ердөө ганц жишээг зам засвараас авъя. 2009 онд Баянбүрдийн уулзвараас Цагдаагийн гудамж хүртэлх 1,54 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын тендерт ялж гүйцэтгэгчээр шалгарсан “Заабар”, “Цаст импекс”, “Уорлд Еруна”, “Мон агаар” гэсэн дөрвөн компанийг ажлынхаа ихэнхийг хийсэн ч гэлээ ашиглалтад өгөх хугацаа тулчихаад байхад гэрэлтүүлэг, явган хүний зам тавиагүй, ажил нь хэт удаан хэмээн шүүмжилж, гэрээг нь цуцлах шийдвэр гаргаж байсан юм. Үүнтэй адил зөвшөөрөлгүй газар барилга барихаар санаархсан компаниудад ч хатуухан шаардлага тавьж, элдэв зөвшөөрлийг нь хүчингүй болгож байсан. Хууль зөрчиж, ажиллах цагаа хэтрүүлдэг баар цэнгээний газар, дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. Энэ мэтээр аливаад зарчимч бас шударга байж чаддаг жишээ олныг дурдаж болно.
Хотын дарга болоод доод албан тушаалтнууддаа тавьсан гол шаардлага нь албан өрөөнөөс биш ажлын талбар дээр биеэр очиж, нүдээр үзэж, асуудлыг газар дээр нь шийдэх. Өөрөө ч удирдагч хүний зөв төриийг үзүүлж чадсан. Дарга ирэх сургаар шинэ халаадаа өмсч, ширээний бүтээлгээ сольдог уламжлалт арга Г.Мөнхбаяр даргын үед цэгцлэгдсэн гэж болно. Учир нь тэр хэдийд ч яваад очиж мэднэ. Өнгөрсөн өвөл биз дээ, цантсан цонхотой цэв хүйтэн автобусаар хотын мээр гэнэтхэн зочилж нийтийн тээврхийнхнийг багагүй сандаргаад авсан. Тэр ч бүү хэл, хаа хол хотын захын хороон дээр ч хэлж мэдэгдэлгүй яваад оччихдог. Дугаар хорооны Догоо эмээтэй хэзээний танил мэт гудамжинд хууч хөөрч, хог ачихгүй удсан, халаалт доголдож байгаа, гэрэл тасарсан тухай мэдээллийг авч орхино. Эмээ хотын даргад хов хүргэснээ ч анзаарахгүй өнгөрч ч мэдэхээр энгийн ярилцана.
Г.Мөнхбаяр хотын дарга болоод хүч тавин хөөцөлдсөн бас нэг чухал ажил нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль. Хүн амын талаас илүү нь суурьшсан нийслэл эдийн засгийн хувьд эрх мэдэл байхгүйтэй адил. Алсхан сэтгээд томхон хөдөлье гэхэд мөнгөгүй, мэдэлгүйн зовлон үе үеийн хотын дарга нарыг нэрмэж байсныг олон жил ярьсан ч одоотой адил ажил хэрэг болгон парламент хүртэл чирсэнгүй. Энэ ажлынхаа төлөө эрхэм гишүүдийн чихнээс хонх уяхаас ч мөн залхуурдаггүй нэгэн.
Түүнээс гадна барьдаг гол зарчим нь ярих биш хийх. Хийхдээ алгуур аажим биш. Хурдтай сэтгэж, хурдтай ажиллахыг цэргүүдээсээ байнга шаардаж өөрөө бас үлгэрлэж чаддаг. Мөн ямар ч ажлыг олон нийтийн өмнө ил гаргаж ирж, эргэн тойрноос нь харуулж, ярьж хэлэлцэж байж хийхийг чухалчилдаг гэсэн. Аливаа шийдвэр хааоганы цаана, явцуу хүрээнд гараад байвал тусах тусгал нь ч, шийдэх шийдэл нь, хэрэгжих хүрээ нь ч яг л тийм хумигдмал байх болно гэдгийг ч анхааруулдаг. Тийм учраас хотын ажил олон түмэнтэйгээ ойр, тэдний оролцоотойгоор хийгдэж байгаа. Бүх ажил ил тод орчинд явагдаж байгаа учраас үр дүн нь, хурд нь нийгэмд анзаарагдаж байгаатай олон хүн санал нийлэх биз ээ.
Г.Мөнхбаяр дарга МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Эрх баригч намын дарга Ерөнхий сайд болдог жишгээр хотын дарга нийслэлийн намын байгууллагыг тэргүүлэх ёстой. Энэ утгаараа түүнийг саяхан нийслэлийн Ардын намын даргаар сонгосон. Ардын намын хувьд нийслэл том бөгөөд чухал нэгж нь. Иймээс энэ байгууллагыг улстөржиж бужигнуулаад байдаггүй, байр суурь нь байнга солигдож, хэн нэгнийг аялдан дагаад байхааргүй тогтвортой бас зангарагтай улстөрч удирдах учиртай юм. Г.Мөнхбаярын хувьд энэ албыг анхны удаа ч авч байгаа юм биш. Богино хугацаанд ч гэлээ хотын намын хороог тэргүүлэхдээ шинэчлэлийн салхийг ширүүн биш ч сэвэдзүүлж чадсан учраас нам нь түүнд дахин итгэл хүлээлгэжээ.