Богиноссоор буй хүүхэд нас

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Богиноссоор буй хүүхэд нас

Эргэх дөрвөн улирал ээлжлэхэд нэгэн цагт өдөр уртасч шөнө богиносч байхад дараагийн улиралд эсрэгээрээ шөнө уртассаж өдөр богиносч байдаг. Яг үүнтэй адил бид бүхэн “нийгэмших”-ийн хэрээр хүүхэд нас гэх зүйл богиносох боллоо. Өмнө нь “Энэ америк хүүхдүүд чинь ээж аавтайгаа ямар замбараагүй, илэн далангуй ярьдаг юм бэ” гэж үзсэн киногоо шүүмжилж суудаг байсныг өнөөдөр өөрсдийнх хүүхдүүд бодитойгоор үйлдэх болов. Нэгдүгээр ангийн жаалууд нэгэндээ “Танай аав чинь аксенттай” гэж шоолох, бренд хэрэглэдэггүй гэж даапаалах, ганц өрөө байранд яаж амьдардаг байна аа гэж нэгнийгээ муучлах, хувийнхаа жолоочоо загнан даналзах гээд хэзээний насанд хүрэгчдийн авирыг сурчихжээ. “Би мөнгийг чинь төлсөн. Тэгэхээр та биш, би таныг загнах эрхтэй” гэж багшийгаа зандрах үг бага ангийн сурагчийн амнаас гарахад хэн ч гайхахааргүй болов. Өмнө нь арван настай охид дээс эргүүлж байсан бол өнөөдөр тэр тоглоомоо “банди нар”-аар сольжээ. Аав ээжүүдийнхээ нь ахлах ангид мэддэг болсон зүйлийг дунд ангидаа, ах эгч нарынхаа дунд ангидаа мэддэг болсон зүйлийг бага ангидаа мэддэг болж.   

Хүүхдийн дуу “явах”-аа байж хайр дурлал, янаг амрагийн дуу цэцэрлэгийн насныханд хит болжээ. Бага ангийнханд хараалыг үгсийг хэрэглэх нь энгийн зүйл болж, дунд ангийхны хувьд архигүй нийллэг гэдэг байж боломгүй зүйл болж. Харин ахлах ангийнхан арай өөр зүйлээр өөрсдийгөө үнэлцгээх ба “чихдэх” “үзэх” гэх үгсийг ид хав болгон ярьцгаана. Үнэндээ энэ шатлал улам доошилсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь хэдийнэ болсон. 

Гэвч энэ бүхнийг буруу гэж дүгнэвэл эцэх эхчүүд нь гол буруутан. Ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ зөв гольдрол руу нь эргүүлье гэвэл бас гол гаргалгааг хийж чадах хүмүүс нь эцэг эхчүүд та бид л байх болно. 

Хүүхдийнхээ тархинд нь л юм хийх гэж улайрахаас биш зүрх сэтгэлд нь зориулсан хөрөнгө оруулалт хийдэг нь ховордсон уу. Гаднаасаа ямар хувцастай харагдах нь чухлыг анхаарахаас биш дотроос нь харагддаг сайхан зүйлийг олж харахыг хичээдэг нь цөөдсөн юм уу.  Үлгэр ярьж өгөх нь битгий хэл, хүүхэдтэй ярилцдаг эцэг эхчүүдийн  орон зайг нь телевизийн шоу, солонгос сериал, хэлбэр төдий дуу, клипүүд нөхөх болсоор удсан гэв үү. Аав аа, ээж ээ л гэж дуудаж байгаа болохоос биш аль хэдийнэ томчуул болчихсон юм биш биз. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн яах ёстой вэ, зүрхээ нэг чагнаад, хүүхдээ сайн анхааралтай ажиглаж, тэдэнтэйгээ ярилцаж, ойлгол­цохыг хичээвэл яах бол…

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж