Сэргээн засах сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Сэргээн засах сургалт болж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хүрээнд аймаг, дүүргийн өрхийн эмч, сум, багийн бага эмч нарт зориулсан хоёр хоногийн сэргээх сургалтыг өнөөдрөөс шат дараатайгаар явуулж эхэллээ. Уг нь сэргээн засалтын анхны сургалтыг 1992 оноос хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд сургалтад хамрагдсан нийт өрхийн эмч, сумын эмч, багийн эмч нарын ихэнх нь солигдож,  шинэчлэгдсэн учраас 2009-2011 онуудад бүх аймаг, дүүрэгт дахин сургалтыг явуулахаар болжээ.  Өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн эмч нарт зориулсан сэргээн засалтын сургалт дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эхэллээ.

Нэг нь нөгөөдөө туршлага болох, нэг нь нөгөөгөөсөө суралцах энэхүү сургалтаас гадна бүх дүүрэгт давхар явагдаж байгаа нэг ажил бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн уулзалт юм. Ингээд нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн зохицуулагч Б.Галятай хийсэн ярилцлагыг хүргэе.

-Танай дүүрэгт хэзээ хамгийн сүүлд сэргээх сургалт болсон бэ?

-Манай дүүрэг дээр явагдах өрхийн эмч нарт зориулсан хоёр хоногийн сэргээх сургалт өнөөдрөөс эхлээд байна. Сэргээх сургалт анхлан 1992, 1996, 2005 онд явагдсан. Сэргээх сургалтын гол шалтгаан бол энэхүү сургалтад хамрагдсан өрхийн эмч нар бүгд шинэчлэгдээд, шилжих нь шилжээд, тэтгэврийн насных нь гараад өөрчлөгдсөн учраас дахин давтан явуулж байгаад оршино.

-Энэ сургалтын хөтөлбөрийн онцлог юу вэ?

-Сургалтын гол зорилго болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах талаар шинээр ажиллаж буй өрхийн эмч нарт ойлголт өгөх, чиг хандлагыг танилцуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олны дунд нь илрүүлэх, оношлох, сэргээн засахад ямар арга хэмжээ авах ёстой вэ, ялангуяа өрхийн эмч нарын зүгээс гэдгийг ойлгуулах явдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлийн гишүүн юу хийх ёстой вэ гэдгийг өрхийн эмч нар мэдэж байх ёстой. Дараа нь дүүргийн түвшинд хичнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна вэ гэдэг судалгааг бүрмөсөн гарахын тулд, өрхийн эмнэлэг бүрээс нэг, нэг эмчийг шинэ маягтаар судалгаа гаргуулахын тулд бид сургалтад оролцуулаад байж байна.

-Танай сургалтад хичнээн хүн оролцож байна вэ?

-Нийтдээ манай дүүргээс өрхийн эмнэлгийн 18 хүн, сэргээн засах эмчилгээний эмч, нийгмийн эрүүл мэндийн орлогч буюу өрхийн эмнэлгийг хариуцсан дарга гэсэн 20 хүний бүрэлдэхүүн оролцож байна. Хоёр өдөр сургалт болно. Сургалтыг АИФО байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн менежер, мөн Улаанбаатар хотын зургаан дүүргийн зохицуулагч нарыг урьж хичээлээ заалгуулж байгаа. Мөн өөрийнхөө дүүргийн “Тэгш дүүрэн” хөтөлбөрт явагдаж байгаа туршлагаас танилцуулах ажил хийгдэж байна.

                                                                                        Б.Батжаргал    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж