1700 орчим хүүхдэд тухтай хичээллэх орчин алга

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

1700 орчим хүүхдэд тухтай хичээллэх орчин алга

Хүмүүнлэг, ардчилсан нийгэмтэй хэмээн цээжээ дэлддэг манай улс харин
ч эсрэгээрээ хүүхдийн эрх үүргийг умартсан, хатуу харгис улс болж
хувирчээ. Ингэж хэлэхийн учир нь хичээлийн шинэ жил эхлээд удаагүй
байхад бага насны хоёр хүүхэд томчууд бидний хэнэггүй тэнэг бас
болгоомжгүй үйлдлээс болж хорвоог орхин одлоо.

Айлд аз жаргал бэлэглэх бяцхан үрс аав, ээжтэйгээ хөтлөлцөөд явж
байхдаа, аль эсвэл гадаа гудамжинд тоглоод явж байхдаа амь эрсэддэг
болж. Хэдийгээр гай зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг ч түүнээс
бид сэргийлж бас болмоор санагдах юм. Тун энгийн нэг жишээг дурьдая.

Хичээлийн шинэ жил эхлэхэд сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажил бүрэн
дууссан байх ёстой. Гэтэл зарим сургуулийн засварын ажил одоог хүртэл
дуусаагүй байна. Хичээлийн шинэ жилээ будаг, шохой үнэртсэн саарал
орчинд угтаж байгаа хүүхэд олон байна Энд эрүүл мэнд, харшил энэ тэр гэж
яриад ч бүр хэрэггүй байх. Яагаад гэвэл, сургуулийнх нь засварын ажил
хугацаандаа дуусаагүй гээд өөрийнхөө сургууль дээр ч хичээллэж чадахгүй
өөр сургууль руу нүүж, таньж мэдэхгүй анги танхим “царайчлаад” сууж
байгаа хүүхэд олон байна.

Монгол III сургуулийн 1700 орчим хүүхэд иймэрхүү маягаар хичээллээд хоёр
долоо хонох гэж байна. Тэгэхдээ бүр дунд, ахлах ангийнхан нь нэг
тийшээ, бага ангийнхан нь бас нэг өөр сургууль дээр хичээллэж байна.
Боловсролын салбарынхан анги танхим хүрэлцэхгүй, сургуулийн даац хэтэрч
байна гэж яриад олон жилийн нүүр үзэж байгаа. Гэтэл энэ жил ч бас
үүнийгээ ярьсаар л сууна. Дараа дараачийн анги нь орох гэж яараад,
ямархуу орчинд тэд юу сурч байгаа бол.

Ямартай ч үзсэн хичээлээ хүүхэд бүр ойлгож байгаа гэдэгт итгэхэд бэрх
байна. Тус сургуулийн байр нуралт өгч, ганхаж эхэлсэн, барилгын стандарт
шаардлагыг хангаагүй гэсэн шалтгаанаар эрхэм дарга нар өнгөрсөн хавар
ийм нэг шийдвэрийг гаргасан байх юм. Харин үүнийг нь цаг, үеэ олсонгүй
гэж эцэг, эхчүүд шүүмжилж байна. Тиймээс бид энэ удаа тус сургуулийн
сурагчидтай уулзаж, холбогдох албаны хүмүүсээс дараах мэдээллийг
тодруулсан юм.

ЗАРИМ ХҮҮХЭД СУРГУУЛИАСАА ШИЛЖСЭН


Монгол III сургуулийн захирал Б.Болормаа:

-Шинэ хичээлийн шил дөнгөж эхэлж байхад яагаад хүүхдүүдээ нүүлгэж өөр сургуулиудад хувааж хичээллэх болов?

-Манай сургуулийг буулгах, хичээллэж болохгүй гэх дүгнэлтийг дөрөвдүгээр
сарын 6-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч А.Мягмаржав
гаргасан. Тухайн үед хичээл амрах дөхөж байсан учраас энэ хичээлийн
жилээ дуусгаад зун барилгын ажил эхлэх юм байна гэж ойлгож байсан ч
удааширсаар өнөөдрийг хүрлээ. Хэзээ буулгах бол гэж зунжин харсаар багш
нар ч амарч чадаагүй. Ингээд хичээлийн шинэ жил эхлэх гээд яах учраа
олохгүй байсаар нийслэлийн Боловсролын газрын даргыг ажлаа аваад хоёр
хонож байхад нь бидний асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргаж өгсөн.
Ингээд маргааш нь бидэнд дөрөв болон 16 дугаар сургууль дээр хуваагдаж
ор гэсэн шийдвэрийг хэлсэн. Ингээд дөрөвдүгээр сургуульд бага анги, 16
дугаар сургуульд ахлах дунд ангийн хүүхдүүд хичээллэж байна.

-Одоо нэгэнт хичээл эхэлчихлээ. Энэ жил өөрийн байрандаа хичээллэх боломж байгаагүй юм уу?

-Бид энэ тухай хэлж үзсэн. Нуралт өгч, ганхаад байгаа гуравдугаар
давхраа хаагаад өөрийн байрандаа хичээллэе. Заавал хоёр сургуульд
хуваагдаж хичээллэх хэрэг байна уу гэсэн хүсэлт гаргасан. Гэвч
Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр энд олон хүүхэд хичээллэж
болохгүй нуралт өгнө гэсэн акт гарсан. Ингээд энэ дүгнэлт гарснаас хойш
манай дээр хэд хэдэн удаа хүмүүс ирж газар доорх цэвдгийн хэмжээг үзээд
явсан. Ингэж явсаар өдийг хүрлээ. Олон хүүхдийн амь нас, эрсдлийг бодоод
өөрсдийн байрандаа энэ жилдээ хичээллэе гэсэн хүсэлт гаргасан боловч
ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн.

-Хотын төвийн сургуулиудын анги танхим хүрэлцэхгүй, даац хэтэрч
байна гэж яриад байдаг. Тухайн сургуулиудын анги танхимын хүрэлцээ хэр
байна. Нэг дор хичээллэх саналыг чинь нөгөө сургуулийн удирдлагууд яаж
хүлээж авсан бэ?

-Манай сургууль 1700 орчим сурагчтай. Тухайн сургуулийн удирдлагууд
бидний бэрхшээлийг ойлгож, нааштай хүлээж авсанд маш их баярлаж байгаа.
Тэд бидэнд бололцооныхоо хэрээр зай, анги танхим гаргаж өгсөн. Одоогоор
бага анги хоёр ээлжээр, дунд болон ахлах анги гурван ээлжээр хичээллэж
байгаа.

-Танай сургуулийг хуваагдаж орж байгаад эцэг, эх, хүүхдүүдийн зүгээс хэр гомдол ирж байна. Хүндрэл учирч байна уу?

-Зарим сурагч хоёр гурван зам гарч байна гэсэн шалтгаанаар шилжих
тохиолдол гарсан. Гэхдээ 90 хувь нь сургуульдаа үлдээд удахгүй шинэ
хичээлийн байртай болно гэсэн хүсэлтэй байгаа. Тиймээс бид эцэг, эх
болон сурагчдынхаа сэтгэл санааг өргөх үүднээс шинэ хичээлийн жилээ
улаан хивсний баяраар нээсэн. Урьд өмнө нь Монголд ерөнхий боловсролын
сургууль улаан хивсний баяр хийж байсан тохиолдол байхгүй. Энэ нь тэдэнд
урам зориг өгсөн. Мөн үе үеийн ахмад багш удирдлагуудаа урьсан нь
хүүхэд багачууд болон эцэг, эхчүүдэд сэтгэлийн дэм өгсөн гэж ойлгож
байгаа. Энэ нь хүүхдүүд 91 жилийн түүхтэй сургуулиараа бахархах эндээ
үлдээд хичээлдээ суух хүсэл төрсөн байх.

Э.ОРХОНСҮРЭН
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж