Шүүмжлэл төрийн албан хаагчид руу чиглэв

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Шүүмжлэл төрийн албан хаагчид руу чиглэв

Засгийн газрын зохион байгуулж буй “Шинэчлэж шийдье 222” нэртэй хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд өчигдөр 600 гаруй төлөөлөгчтэйгээр болж өндөрлөлөө. Уулзалтад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оролцсон бөгөөд хүн бүр биечлэн санал бодлоо илэрхийлж амжихгүй тул санал бодлоо бичгээр болон цахим байдлаар нэгтгэж буй аж.

Оролцогчид төрийн албаны хүнд суртал, алдаа дутагдлын талаар өөр өөрсийн жишээ дээр тоочив. Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэхдээ “Шинэчилж шийдэхийн эхний алхам нь энэ уулзалтаар эхэлж байна. Монгол төрийн үүрэг хариуцлагын тогтолцоо гажсан. Үүнийг цааш нь засаад аваад явахаас өөрцгүй. Бид энэ төрийн солгой тогтолцоог зөв болтол нь ажиллана. Шинэчлэлийг холоос хайх хэрэггүй, шинэчлэлийг өөрсдөөсөө хийх хэрэгтэй. Үнэхээр Монгол Улсын Засгийн Газар энэ хэдэн иргэдээ анхаарч хагас сайнд ч болов ажиллах ёстой. Шинэчлэхэд мөнгө хөрөнгө, эд материал хэрэггүй юм билээ. Гагцхүү сэтгэл зүрх хэрэгтэй” гэв. Иргэдийн гаргасан шүүмжийн ихэнх нь төрийн алба, албан хаагчдийн ажилд сэтгэл дундуур байдаг тухай байсан бөгөөд боломжийг нь олгоод өгвөл төрөөс халамж хүсэхгүйгээр амьдрахад бэлэн байгаа тухайгаа илэрхийлж байв.

Хэлэлцүүлийн уур амьсгалыг бүхэлд нь тодорхойлбол “Төрийн алба гэх зүйлд чих байдаг бол тэр нь өчигдөр улайж халууцахаар байлаа” гэж дүгнэж болохоор байв. Тухайлбал, “ЖДҮ-ийг дэмжих сан гэж байдаг боловч арын хаалгаар ажил явдаг. Ийм баримтуудыг Засгийн газрын тэргүүнд гардуулж өгөхөд бэлэн байна” гэх саналыг төрийн бус байгууллагыг төлөөлөн ирсэн оролцогч илэрхийлсэн бол Худалдаа аж үйлдвэрийн танхимыг төлөөлөн ирсэн н.Отгонбаяр “Засгийн газрын гишүүдийн шинэчлэх гэсэн хүсэл эрмэлзлэлийг төрийн байгууллагын албан хаагчид нураадаг. Тэд үгүй гэхгүй. Гэхдээ хийдэггүй. Засагт гарсан намын албан хаагчид төрийн албан хаагчид болсноор асуудал шийдэгдэхгүй. Гол нь сонгон шалгаруулалтыг маш өндөр түвшинд хийлгэх хэрэгтэй” гэв.

Мөн Эдийн засагч Н.Дашзэвэг “Засгийн газрын бүх гишүүд, дунд шатны бүх албан тушаалтнуудыг файсбоок хуудсанд холбож өгөх хэрэгтэй байна. Бид өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчтэй харилцаж чадаж байхад хэдэн асман дарга нар яагаад бидэнтэй харьцаж болдоггүй юм. Гол нь тэд асуусан шүүмжилсэнд хариулт өгдөг байх хэрэгтэй байна. Хэрэв гудамжинд хэн нэгэн хууль бусаар барилга барьж байвал шууд зургыг нь аваад тэр шийддэг дарга руу нь мэдээллэх боломж бүрдэж байна шүү дээ” гэх саналыг илэрхийлэв.

Хувийн компанийг төлөөлөн х.Цэцгээ гэх оролцогч “Төрийн байгууллагууд ажлын тав хоногийн бүтэн нэг өдрийг дотоод ажил гэж өнгөрөөдөг. Энэ нь иргэдэд чирэгдэл болдог. Үүнийг илүү цагаар ажиллуулах, ажлын цагт нь зохион байгуулалт хийж шингээх замаар зохицуулах боломж уг нь бий” гэх санал хэллээ. Арай ч бүгд төрийн албаныхан руу “дайрсангүй”. Тухайлбал, Шударга иргэдийн фронт хөдөлгөөний тэргүүн Г.Арслан “Монгол Улсыг хөгжүүлэх гэж байгаа юм бол авлигыг л таслан зогсоох хэрэгтэй. Авлигыг таслан зогсоохын тулд хамгийн сайн гурван найзаасаа эхлээд барь гэж Сингапурын ерөнхийлөгч хэлсэн байдаг. Түүнээс биш өрсөлдөгчөө намнаад бай гэсэн үг биш. Дараа нь өрсөлдөгчид чинь засгийн эрхэнд гарвал та нарыг эргээд намнана” гэж анхааруулав.

Мөн Цөмийн аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөний тэргүүн х.Сэлэнгэ “Маргааш энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн Аюулгүй орчинтой Монгол хүн хөтөлбөрт аюултай заалт оржээ. Цөмийн энергийн чиглэлээр явуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шар нунтагаас цааш үргэлжлэхгүй байхыг хуульчлан хориглоно гэсэн заалт байна. Энэ нь шар нунтаг, уран олборлоно гэсэн утга илэрхийлж байна. Өнгөрсөн засгийн газрын хуучин бодлогыг шинэчлэж өгөөч” гэж хүсэлт гаргав. Засгийн газраас их зүйл хүлээж байгаа өнгө аяс уулзалтанд оролцогчид, санал хэлж буй төлөөлөгчдөд ажиглагдаж байсан ба Албан бусаар хөдөлмөр эрхлэгчдийн холбооны тэргүүн н.Нацагдорж “Засгийн газар өөрөөсөө эхлэнэ гэсэн шийдвэрийг талархалтайгаар хүлээн авч байна. Монгол улсад хариуцлагагүйн зуданд нэврэгдсэн гэдэгтэй санал нэгдэж байна. Хүний эрхийн орчны эрхийн стандартыг бий болгож чадахгүй гуравдахь парламентийн нүүрийг үзэж байна” хэмээв.

Дараагаар нь Нарантуулын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга х.Байгалмаа “Албан бус хөдөлмөр эрхлэгч гэж 30 мянган хүн зах дээр хөдөлмөр эрхлэдэг. Бидэнд ямар ч хөдөлмөрийн хууль үйлчилдэггүй. Энэ талаар захиргаанд хэлэхэд ямар ч хариу өгдөггүй. Ер нь төрийн байгууллагад санал хүсэлт өгөхөд хариу өгдөггүй. Суудал бөглөсөн хэдэн их зантай хүмүүс л байдаг” гэв.

Уулзалт цааш Байгаль орчны төрийн бус байгууллагыг төлөөлөн н.Баасанжавын саналаар үргэлжилсэн бөгөөд “Хороо сар бүр хоёр удаа хурал хийдэг зарчимд шилжих хэрэгтэй. Н.Алтанхуяг чамаас хүсэхэд ажиллаж байгаа хүмүүстээ хариуцлага тооцохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Төрийн албан тушаалтнууд чинь ажлаа хийхгүй байна шүү” хэмээн анхааруулсан байна. Засгийн газрын шинэчлэлийн үйл явцыг боловсронгуй, үр дүнтэй болгох талаар иргэд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, ТББ-ын санал бодлыг авах зорилготой энэ­хүү уулзалт ийн өндөрлөсөн бө­гөөд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдрийн хоёр цагт “222-Шинэчлэлээр шийдье” уулзалтыг тогтмол хийж байхаар болсныг дахин сануулаад уулзалтыг өндөрлүүлсэн байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж