Шалгалтын дүнгээс хамаарч хаашаа алхахаа шийднэ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Шалгалтын дүнгээс хамаарч хаашаа алхахаа шийднэ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүг нэг тэрбум гаруй  төгрөгөөр тогложээ гэсэн утга бүхий мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Тэгвэл энэхүү мэдээлэл үнэн болохыг баталж, ХӨСҮТ-ийнхөн түүний гаргасан зөрчлүүдэд холбогдогдох арга хэмжээг авч өгнө үү хэмээн Эрүүл мэндийн яам, Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Төрийн албаны зөвлөлд албан бичиг илгээжээ. Энэхүү албан бичигт Д.Нямхүүгийн хийсэн хууль бус үйлдлүүдийг баримттай нь дурьдсан байна. Тэрбээр Дархлаажуулалтын  ту­хай хуулийг ноцтой зөр­чиж, вакцины тээвэрлэлт, хадгалалтын горимыг ал­дуулснаар олон сая төгрөгийн вакцин чанарын шаардлага хангахгүй болсон аж.

Мөн вакцин худалдаж авах гэрээг зөрчсөн байсныг Эрүүл мэндийн сайдын 2008 оны нэгдүгээр сарын 10-ны 1/90 албан тоотод дурьдаж байсныг ч сануулсан байна. Тухайн үед ХӨСҮТ-ийн ажлыг сайжруулах талаар ЭМЯ-наас дөрвөн албан даалгавар, 21 албан тоотыг түүнд хүргүүлж байсан ч алдаа дутагдлаа засахын оронд  шударга бус үйлдлийг улам газар авахуулсан байна. Тухайлбал, Дархлаажуулалтын албаны дарга н.Ганбаатар олон улсын байгууллагын тусламжаар ирүүлсэн эмнэлгийн бүтээгдэхүүнийг зарахыг завдсан үйлдэл гаргасан байна. Мөн дэд дарга Г.Сүрэнханд нь ДЭМБ-аас санхүүжүүлдэг эмч нарын тэтгэлэгт сургалтад хамрагдах ёстой эмч нарын оронд “арын хаалга” ашиглан өөр эмч нарыг суулгадаг зэрэг үйлдлүүд ХӨСҮТ-д гаарсанд хамт олон нь сэтгэл дундуур байгаа аж.  Тиймээс ХӨСҮТ-ийн хамт олон Д.Нямхүүд зохих арга хэмжээг нь авч өгнө үү хэмээн дээрх байгууллагуудад албан бичиг хүргүүлжээ. Хэрэв тэдний хүсэлтийг авч хэлэлцэхгүй бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболдод энэ талаар ил захидал хүргүүлж, тэмцэхээ мэдэгдсэн байна.

Тиймээс албан бичиг хүлээн авсан байгууллагууд энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгааг сонирхлоо.

Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ: МАНАЙХ ЭЦСИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ЭРХГҮЙ

Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаас гомдлын мөрөөр хэрхэн ажиллаж байгааг лавлалаа.

-ХӨСҮТ-ийн хамт олноос захирлынхаа ёс зүйгүй үйлдлийн талаар танайд гомдол гаргасан. Гомдлын мөрөөр ямар ажил хийж байна вэ?

-Манай зөвлөлд өнгөрсөн долоо хоногт энэ  асуудлын талаарх гомдлыг ирүүлсэн. Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой санал, гомдол, зөрчлийг хариуцан ажилладаг. Харин эмнэлгийн асуудал нь төрийн үйлчилгээний албан хаагчийн асуудал болж хувираад байгаа юм. Тиймээс манай албаны зүгээс энэ тал дээр ямар нэгэн эцсийн шийд гаргах эрхгүй. Харин гомдлыг судалж үзсэний үндсэн дээр холбогдох газруудад нь хүргүүлнэ.

-Гомдлыг судлах явцад энэ асуудлыг хаана хүргүүлэх магадлалтай байна?

-Гомдлыг судалж байх явцад эрүүгийн шинжтэй үйлдлүүд харагдаж байна. Хэрэв энэ нь батлагдвал хууль хяналтын байгууллагад энэ асуудлыг шилжүүлэх болно. Шаардлагатай гэж үзвэл салбарын яаманд нь санал хүргүүлнэ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү эзгүй байгаа учир түүнээс ямар нэгэн хариулт авч чадсангүй. Харин доод албан тушаалтнууд нь энэ талаар ямар нэгэн гомдол мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлээгүйг хэлсэн юм. Тиймээс мэргэжлийн хяналтын газраас авах арга хэмжээ одоогоор тодорхойгүй  хэвээр байгаа юм.

Харин Авлигатай тэмцэх газрын хэвлэл мэдээллийн ажилтан  Ц.Эрдэнэцэцэг  “Манай байгууллагад ХӨСҮТ-өөс мэдээлэл ирүүлсэн. Ер нь Авлигатай тэмцэх газар иргэд, байгууллагаас ирүүлсэн албан тушаал, хээл хахуулийн шинжтэй гомдол болон мэдээллийн мөрөөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хойшлуулшгүй ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг тодруулахын тулд прокурорын хяналт дор хуульд заасан хугацаанд буюу 19 хоногийн дотор хойшлуулалгүй ажиллагаа хийх ёстой.  Хойшлуулшгүй ажиллагаа явуулсны үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэн, эрүүгийн хэргийн дугаар авах, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахын аль нэг саналыг  хяналт тавьж буй прокурорт гаргана.  Мөн албан тушаал, хээл хахуулийн шинжгүй нь шалгалтын явцад тогтоогдвол харьяаллын дагуу холбогдох байгууллагад хүргүүлдэг. Үүний дагуу дээрх мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа хийгээд явж байна” хэмээсэн юм. 

Харин Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, ХӨСҮТ-д шалгалт хийж байгаа гэдгийг хэлсэн юм. ХӨСҮТ-ийн хамт олон Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийг дарга Н.Хүрэлбаатарт ч энэ талаарх саналаа хүргүүлсэн аж. Энэ талаар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатараас тодруулах гэсэн боловч тэрбээр өчигдөр ажил дээрээ өнжөөгүй юм. Ямартай ч ХӨСҮТ-ийн хамт олны гаргасан гомдлын дагуу холбогдох албаныхан нь “гараа хөдөлгөж” эхэлсэн аж. Харин 2008 оных шиг алдагдлаа зас гэсэн албан тоот хүргүүлээд орхихгүй гэх баталгаа алга байгаа юм. Тиймээс ХӨСҮТ-ийнхөн холбогдох албаныхны хариуг харзнах л үлдлээ.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж