Л.Гурченко хорвоог орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Л.Гурченко хорвоог орхилоо

ОХУ-ын Ардын жүжигчин Людмила Гурченко энэ сарын 30-ны өдөр Москва хотноо 75 насандаа нас нөгчлөө хэмээн “Интерфакс” мэдээлжээ. Урьдчилсан оношоор түүний зүрх нь хаагдсан бололтой. Энэхүү мэдээллийг алдарт жүжигчний нөхөр Сергей Сенин ч баталсан байна. Гурченко гэртээ байхдаа бие нь муудаж түргэн тусламж авч чадалгүй хорвоог орхижээ.

“LifeNews”-ын мэдээлснээр, Л.Гурченко өвөл гадаа салхилж явахдаа хальтирч унан дунд чөмгөө бэртээсэн байсан юм. Тухайн үед түүнд мэс засал хийж, улмаар энэ сарын эхээр эмнэлгээс гаргасан байв. Эрүүл мэндийн салбарт ажилладаг эх сурвалжуудын мэдээснээр, мэс заслын дараах хүндрэл Гурченкогийн аминд хүрсэн байх магадлалтай аж.

Людмила Марковна Гурченко 1935 оны арваннэгдүгээр сарын 12-нд Украины Харьков хотноо төржээ. Оюутан ахуй цагаасаа эхлэн кинонд тоглож эхэлсэн аж. Монголчууд түүний тоглосон олон киног сайтар мэдэхийн сацуу “Буудалд учирсан хоёр” киногоор нь андахгүй таньдаг байлаа. Тэрээр 1983 онд ЗСБНХУ-ын Ардын жүжигчин гэсэн хүндэт цолыг хүртсэн юм.

Л.Гурченког эмнэлэгт хэвтэж байх үед түүнийг нас барсан тухай мэдээллүүд цацагдаж байсан нь саяхан. Удалгүй эдгээр нь цуу яриа байсан нь нотлогдсон. Харин энэ удаад байдал үнэхээр эвгүйгээр эргэсэн бололтой.

http://lenta.ru/news/2011/03/30/gurchenko/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж