Ам.доллар, юань, евро зэрэг дэлхийн зах зээлд хаанчилдаг валютын ханш суларч байгаа мэдээлэл сүүлийн хэдэн сарын турш тасраагүй. Гэтэл манайд эсрэгээрээ болж, юань, ам.долларын ханш тэнгэрт цойлж, монгол төгрөг үнэгүйдсээр байна. Монголбанкны өчигдрийн ханшаар ам.доллар 1389, юань 219, евро 1760 төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хамаагүй өссөн үзүүлэлт бөгөөд төгрөг хүчгүйдэж буйг илтгэж буй хамгийн том баталгаа. Өнгөрсөн жилийн яг өдийд “ногоон”-ыг 1251, юанийг 195 төгрөгөөр өгч авалцаж байжээ. Харин өчигдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны захад валют доорх ханштай байна.
Валютын нэр Авах Зарах
Ам.доллар 1397 1399 төг
Евро 1778 1785 төг
Юань 220 221 төг
Валютын ханшийг барьж, тогтворжуулах үүрэгтэй гол байгууллага нь Монголбанк. Манай эдийн засаг уул уурхайгаасаа хараат. Тиймдээ ч уул уурхайн баялгаа экспортод гаргаж хариуд нь валют авдаг. Тийм ч учраас экспортод гаргасан бүтээгдэхүүний хэмжээ, тухайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ ханшаас хамаарч Монголбанк валютын ханшийг тогтоодог. Валютын ханшийн өсөлтөд Монголбанк зохицуулалт хийх ёстой. Өмнө нь тодорхой зохицуулалт хийж ам.долларын ханшийг барих бодлого явуулж байсан. Харин сүүлийн үед ханшийн өсөлт бодлогод нь захирагдахаа больсон уу, эсвэл зах зээлийнх нь араншинд даатгаад зөнд нь орхисон уу, бүү мэд. Юутай ч энэ намар лав ханшийг тогтоох оролдлого хийсэнгүй.
Гадаад валютын ханш чангарсан ч эрэлт ихтэй байгаа нь манай улсын эдийн засагт олон сөрөг нөлөө дагуулж байна. Тухайлбал, ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарсан нь импортын бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг. “Доллар өссөн шүү дээ” хэмээгээд наймаачид барааныхаа үнийг нэмж эхэлсэн. Импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр өргөн хэрэглээний барааны үнэ ч тэнгэр өөд тэмүүлж байна. Энэ нь бизнес эрхлэгчдэд цохилт болдог нь дамжиггүй. Мөн банкнаас валютаар зээл авсан хүмүүст тун ч хүнд тусч буй юм. Хэрэв ханшийн график үргэлж өөдөө цойлсоор байвал эдийн засгийн тэлэлт муутай манайхыг сөхрүүлж мэднэ. Хамгийн түрүүнд инфляцийг хөөрөгдөж ингэснээр иргэдийн худалдан авах чадвар муудаж, эрэлт багасна. Энэ нь бараа үйлдвэрлэгч, импортлогчдын ашиг буурна гэсэн үг.
Жил бүрийн наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын дунд үе хүртэл валютын ханш чангардаг. Хичээлийн шинэ жил угтаад наймаачид олноороо урд хөршийг зорьдог. Мөн гадаадад суралцдаг оюутан сурагчид буцахаар валютын хэрэгцээ эрс нэмэгддэг. Гэвч эрэлт нэмэгдэхээр ханш өсдөг зарчим энэ жил арай л удаан үргэлжилж байна хэмээн чэнжүүд ярьж байна. Өчигдөр “Найман шарга” захад очиход их хэмжээгээр валют худалдан авах гэсэн хүмүүс олон таарав. Харин тэндхийн чэнжүүд “Эрэлт нэмэгдэхийн хэрээр үнэ өсөх нь зах зээлийн хууль биз дээ. Бид ашгийн төлөө ажиллаж байгаа учраас эрэлттэй үеийг далимдуулж, хэдэн төгрөг олбол амьдралд хэрэгтэй” гэж байсан. Валютын ханш өсч буйн учрыг асуувал, “Ханш байнга хэлбэлздэг ч энэ жил бүр их савлагаатай байна. Гэхдээ одоо жаахан тогтворжиж байгаа” гэсэн.
Тус захаар үйлчлүүж байсан зарим иргэнтэй ч ханшийн талаар яриа өрнүүлсэн юм.
Иргэн С.Алтанцэцэг
-Та валют аваа юу. Ханш ямархуу байна вэ?
-Ханш өссөн байна. Би хүссэн хэмжээндээ вон авч чадсангүй. Тэгээд мөнгө нэмдэг юм бил үү гээд л явж байна. Валютын ханш өснө гэдэг чинь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн үг шүү дээ. Ер нь ард төр засаг өөрчлөгдлөө л гэх юм. Гэтэл ард иргэдийн амьдрал улам хүндрээд байна шүү дээ.
-Чэнжүүд болохоор ханш өсөөгүй, харин ч буурч байгаа гэх юм?
-Буурч байгаа гэдэг ч худлаа. Гурван сарын өмнө ам.доллар 1350-1360 орчим байсан. Одоо хэд болсон байна. Би Солонгост эмнэлэгт хэвтэж байгаа хүүхэд рүүгээ вон явуулах гэсэн чинь ханш өсчихсөн байна. Өдөрт 20-50 мөнгөөр өсч байх шиг байна.
“Найман шарга” валютын захын чэнж
-Валютын ханш хэр тогтвортой байна вэ?
-Валютын ханш өсч, буурч хэлбэлзэж л байдаг шүү дээ. Жишээ нь, өчигдөр ам.доллар 1400 төгрөгийн ханштай байсан. Гэтэл өнөөдөр 1399 болсон. Тэгэхээр өчигдөр 1398-аар авсан доллараасаа ашиг гаргахад хэцүү болсон байгаа биз дээ.
-Ингэж хэлбэлзэх нь юутай холбоотой байдаг бол?
-Зах зээл, эдийн засагтай холбоотой байлгүй дээ. Тухайлбал, арилжааны банкууд ам.долларын ханшийг 1380 гээд тогтоовол, бид автоматаар буулгахаас өөр аргагүй. Би өдөрт интернэтээс банкуудын ханшийг хардаг. Бас Bloomberg.com сайтаас олон улсын зах зээлийн ханшийн мэдээлэл авдаг. Тэдний мэдээллээр өнөөдөр л гэхэд доллартай харьцах еврогийн ханш 0.27 хувиар уначихсан байна билээ. Тэгэхээр энэ тохиолдолд иен өсөх ёстой. Харин рубль еврог дагаж өсдөг юм.
-Ямар валют илүү эрэлттэй байна вэ?
-Ихэвчлэн юань, ам.доллар гүйлгээ сайтай байдаг.
-Цаашдаа ханш тогтворжих хандлага байна уу?
-Тэрийг бид мэдэхгүй ээ. Хаашаа ч эргэж болно шүү дээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин