С.Баяраас нэг л өөр сүрчиг үнэртээд байна

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

С.Баяраас нэг л өөр сүрчиг үнэртээд байна

С.Баяр тунин тунисаар ирэв.  Түүнийг энэ удаад төрийн шүүх хүлээж байлаа. Ухамсартай хүний хувьд үүргийнхээ дагуу очиж тайлбар өгөх бололтой. Дурамжхан дүр эсгэн утсаар хэдэн үг хэлсэн харагдана. Утасны цаана С.Баяр хэнтэй, юу хийж байсныг бид мэдэхгүй. Гэхдээ Н.Энхбаяр найзаа “этгээд” хэмээн гоочлоод дургүйцлээ илэрхийлснийг л анзаарлаа.  Мэдээж өнөөдөр С.Баярыг  “Дарга аа…” гээд гүйлдэх хүн олон байдаг биз. Чухамдаа тэр одоо юуны ч дарга юм бэ. Далдаас ноёрхлоо тогтоосон  үл үзэгдэх нисдэг биет шиг л болж.

Яг үнэндээ  тэр  УИХ-ын гишүүний үүргээ  бие­лүүлэхгүй байгаа.  Мон­го­лын төр түүнд өртэй юм шиг л байгаа. Ардын намын хэдэн дарга нар өргөж тэврэх нь холгүй бөөцийлж буй. Үүгээрээ тэр УИХ-д өөр жишиг тогтоож  байгааг бид харж байна. Гадаадад суугаа Элчин сайд шиг хоноцын сэтгэлээр Монголын улс төрд хандан, хонзон хадгалсан хоржоонтой үг утсаар хэлчихээд сууж байдаг дархан эрхтэй болсон. Тийм ээ,  С.Баяраас   нэг л өөр сүрчиг ханхлаад байна. Эрч хүчтэй, үнэнийг нүүрэн дээр нь шуудхан хэлдэг бага зэргийн ихэмсэг  (бүдүүлэг ч гэж хэлж болно) С.Баяр алга болчихож.

Харин түүний оронд Монголын төрөөр гуйлгасан, өрөвдүүлсэн, бүр цан­хаалж цамаархсан төрх­тэй шинэ С.Баяр хүрээд ирж.   Ямартай ч  С.Баярыг Монголын хөрсөн дээр хүлээж авахад амаргүй болсон байна шүү. Түүнийг УИХ-д сонгосон Сүхбаатар дүүргийнхэн ямар сэтгэгдэлтэй байдаг юм бол доо. АНУ-д эмчлүүлж байгаа л гэж бодоод амгалан сууна уу, хүлээж цөхрөв үү, бүү мэд. 

С.Баяр Ерөнхий сайд болонгуутаа эртний анд З.Алтай гишүүний “урмыг хугалсан”. Харин одоо ард түмний урмыг хугалах нь бололтой.  Учир нь  Н.Энхбаяр С.Баярт гомдож явдгаа ярьж, сонгуульд ялагдсан буруугаа ерөнхий менежерээсээ хайх нь байж болох л хэрэг.  Улс төрийн том хүчний нэр дэвшигчийг сонгуульд “сой­сон” хүний хувьд сонсох л шүүмжлэл. Харин тэр тухайн үед алдаа хийсэн. Өөрөө албан тушаалаа өгсөн хүний хувьд энэ намын эв нэгдлийг  хамгаалаад гарч болох л байсан. У.Хүрэлсүхийг Н.Энхбаяртай дайтуулж, намаа хага татуулахгүй байлгах чадвар түүнд л байсан. Сү.Батболд яах вэ, угаасаа төвийг сахих нь ойлгомжтой.  Тэр тэгдэг л хүн.  Эзэмшсэн мэргэжил нь ч тийм байхыг шаарддаг. Тухайн үед 90 жилийн түүхтэй намаа хоёр хувааж элэг доог болгохгүй аваад гарах монгол эрийн ухаан  С.Баярт яах аргагүй дутсан юм. Аль нэг он тоололд зангидсан өсөө авахын тулд намаараа, Монголын нийгмээр тоглохыг  тэр илүүд үзсэн нь ч үнэн. Тэгэхээр “Ер нь С.Баяр  өөрөө л намаа татаад унагачихсан юм билээ шүү дээ” гэчихэд буруудахгүй байх.

АНУ-аас зөөлөн газардсан түүнийг энэ удаа долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой мэдээлэл дэлгэж, гэрчийн мэдүүлэг өгсөн Н.Энхбаяр хүлээж авсан.  Тэр хэдийгээр  өөдгүй новш байлаа ч гэсэн  долдугаар сарын 1-ний хэргийн хувьд маш үнэтэй гэрч. Түүний үг бүхэн үнэтэй. Харин үүнийг С.Баяр “марзганал” гэж хэлэх нь монголчуудад таалагдахгүй байна. Тэр хэн болчихоод таван хүний амь насыг үрсэн аймшигт хэргийг марзганал гэж хэлнэ вэ.  Одоо түүнд хэвлэл мэдээллээс зугтах эрх бий. Харин долдугаар сарын 1-ний хувьд худал хэлэх, гэрчийг дарамтлах эрх байхгүй. Тэр хуулийн өмнө бодит мэдээллийг өгөх үүрэгтэй. Үүрэгтэй шүү. 

С.Баярыг Сиэтлд тансаглаж байх зуур намынх нь рейтинг год­ройтож, Н.Энхбаярын мэдэгдлүүд үнэ цэнэтэй болсныг тэр бас л анзаарсангүй. Наад зах нь л  экс Ерөнхийлөгчийн  Тавантолгойн ордыг эзэмших, иргэдэд олгох хувьцааны тухай яриа олон нийтээс “онц” үнэлгээ авсан. Даанч  С.Баярын философи өөр л дөө. Түүний тархинаас ундрах бодол, амнаас  унах үгс нь хүртэл харийнх байдаг. Тээр жил мориноос унаж бэртэж факталсныхаа дараа хүртэл “Морь хүнээс унав гэвэл харин дуулиант мэдээ болох байх” хэмээн цэцэрхсэн. Манайхан л болсон хойно яасан мундаг хэлээд мултарчихав аа гээд биширч байсан. Уг нь Ч.Андерсон хэлэхдээ “Хэрэв нохой хүнийг зуусан гэвэл энэ шинэ мэдээ биш. Харин хүн нохойг зуусан бол шинэ мэдээ байх болно” гэсэн байдаг юм билээ. Эцэст нь хэлэхэд, С.Баяр харийн нутагт давчдаж яваад нутагтаа ирсэн үедээ ядаж сүрчгээ сольчихмоор  юм. Монголчууд нялуун, хурц сүрчигийн алинд нь ч таагүй ханддаг. Голдуу зөөлөн, намуун үнэрт дуртайг  улстөрч хүн  мартаж боломгүй.  Нэг л өөр үнэр нь  нэн онцгүй үйл явдлын дохио мэт санагдах юм.

С.Баяр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэвлэлд юу хэлж байсныг сануулъя. Хэдийгээр сонгуулийн ерөнхий менежер С.Баярын ялалтын дараах үг боловч мөнөөх л Н.Энхбаяртай холбоотой. Гэхдээ тэр үеийн С.Баяр алдаа дутагдлаа дүгнэж, хүлээн зөвшөөрч чаддаг байжээ гэдгийг эндээс харж болохоор байна. Ингэж ярьж байсан С.Баярын нүдээр өнөөдрийн нөхцөл байдлыг, өөрчлөгдсөн С.Баярыг харуулах юмсан гэж тэсэшгүй хүсмээр. С.Баяр аа, юу таныг ингэж өөрчлөв, Н.Энхбаяр таныг яачихаа вэ гэж хашгирмаар…

-Та яагаад намын дарга болсонгүй вэ. Үнэндээ Н.Энхбаяр дарга хүссэн л бол та байж болох байсан шүү дээ. Бүгд л энэ байдлыг гайхан хүлээж авсан?

-Сонгууль амжилттай болбол тэгнэ ингэнэ гэсэн тохироо бол байгаагүй. Би байлгахыг ч хүсээгүй. Ер нь аливаа нэгэн албан тушаалд хэн нэгний татаа түлхээсээр очвол хүссэн ч, эс хүссэн ч чөдөрлөгддөг, чөлөөт бус байдал үүсдэг гэж би боддог. Миний хамгийн хүсдэггүй байдал бол тийм байдал. Аль нэгэн хүнд ач бодсон, хариу барьсан харилцаанд орохгүй байх юмсан даа л гэж би залбирдаг. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг шүү дээ.

-Тэр хоёрын дунд юу байв. Ялалтын дараа яагаад С.Баяраас татгалзав гэх асуултын хариу сэтгүүлч хүний хувьд хайх зүйл мөн л дөө. Та илэн далангүй ярьчихаж болохгүй юу?

-Ялалт, ялагдал гэдэг бол сонин ойлголт л доо. Нэг тийм сонгодог тодорхойлолт байдаг шүү дээ. Ялагдал бол ямагт өнчин өрөөсөн амьтан байдаг. Харин ялалт бол олон эцэг эх, хамаатан садан, ах дүүтэй гэж. Сонгууль амжилтгүй болсон тохиолдолд гол хохирогч нь Н.Энхбаяр, гол буруутан нь С.Баяр болох байсан нь тодорхой л доо. Харин аз болоод сонгууль амжилттай боллоо шүү дээ. Аливаа юманд олны дэмжлэг, оновчтой бодлого зэрэг байхаас гадна аз түшсэн юм байдаг. Сонгууль амжилттай болсон. Миний хувьд тэр л чухал байлаа. Бусад нь бол ач холбогдол багатай асуудал.

-Улс төр бол яг хөлбөмбөг шиг зүйл. Өөрийн хөгжөөн дэмжигчидтэй. Н.Энхбаяр даргын улаан фенүүд сонгуулийн явцад өөрийг тань хардаад байх шиг мэдрэмж төрж байсан л даа. Энэ С.Баяр сонгуулийг хоёр үе шаттай болгохыг дотроо бол маш их хүсч байгаа даа ч гэх юм уу. Танд өөрт чинь ажил хэрэгт садаатай энэ мэт хардлага сэрдлэг ирж байсан уу?

-Гарч байсан ч би түүнийг ажил хэрэгтээ саад болгохгүйн тулд бодлынхоо зах хязгаар руу тууж аваачаад байсан л даа. Тэр үе бол анхаарал, зүтгэл хоёр нэг цэгт төвлөрөх ёстой тийм л үе шүү дээ. Хоёр үе шаттай болгох vйл ажиллагаа энэ тэрийн хувьд ерөөс дэндүү утгагүй, солиотой гэмээр зүйл л дээ. Сонгууль алдвал гол буруутан болох хүн тийм юм бодно, хийнэ гэж үү? Би Ерөнхийлөгчийн гурван сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж үзлээ. Хамгийн хэцүү, бас хамгийн сонирхолтой, тэвчээр чадвар сорьсон сонгууль бол сүүлчийнх нь байлаа гэж би хэлнэ. Энэ сонгууль дээр ажилласандаа би хувьдаа бол сэтгэл нэн тааламжтай байдаг. Алдсан юм надад зөндөө байдаг юм. Сонгуулийн үед миний гаргасан найман алдаа байдаг. Гэхдээ чухам юун дээр алдав гэдгээ би хэнд ч хэлэхгүй шүү дээ.

-Одоо ч хэлэхгүй юү?

-Яалаа гэж. Надад л үлдэх нууц шүү дээ. (инээв)

-Гурван сонгуульд гаргасан найман алдаа юм уу?

-Үгүй ээ. Зөвхөн сүүлийн сонгууль дээр. Сонгуулийн дараа сайн, муу бүх зүйлээ тэмдэглэдэг зуршилтай гэх юм уу даа. 1997 онд 20-оод алдаа гаргачихсан. 2001 онд арав гаруй алдаа гаргасан байдаг юм. Энэ удаад найм. Арай цөөрсөн байгаа юм. Гэхдээ алдааны ард зөв олсон шийдлүүд тэр хэдээсээ илүү байгаа юм. Тийм учраас би сэтгэл хангалуун явдаг.

-Хувь хүмүүсийн хоорондын харилцаа руу орох их эмзэг байдаг. Гэхдээ асуумаар санагдаад байх юм. Н.Энхбаяр дарга танд “Баярлалаа” гэж хэлсэн үү?

-Хэлээгүй. Хэлэх ч албагүй. Ерөнхийлөгчийн сонгууль бол хувь хүмүүсийн хоорондын харьцаан дээр тогтдог, түүнд нэг их хамаардаг асуудал биш. Намын эрх ашиг дээр л тогтож албаны харьцаанд хамаарагдах ёстой гэж боддог. Оногдсон үүрэгт ажлаа хийсний төлөө нэг их “спасибо” болоод байдаггүй биз дээ.

-Хувь хүмүүсийн хоорондын харилцааны хүрээнд тийм үг хэлэх шаардлагагүй гэж та бодож байна уу?

-Би, бид бүгд аль нэгэн хувь хүний сайн сайхны төлөө яваагүй л дээ. Энэ ялалт манай намын хувьд чухал байсан. МАХН-ын ирээдүй, нийгэмд эзлэх байр суурь, төрийн бодлогод нөлөөлөх бололцоо зэргийг хөндсөн сонгууль байсан нь ойлгомжтой. Гэхдээ намаа бодоод зүтгэж байгаа, намынхаа төлөө ажиллаж байгаа, улс төрийн ширүүн өрсөлдөөнд орж байгаа улс төрчид ч гэсэн эцсийн бүлэгт бүгд хувь хүмүүс гэдэг нь бас үнэн. Хувь хүмүүсийн хооронд бол хөлөн дээр гишгэчихвэл уучлаарай гэдэг ч юм уу. Ололт амжилт, өгөө аваан дээр баярлалаа ч гэх юм уу тийм зүйл байдаг. Гэхдээ бас заавал байх ёстой зүйл гэсэн байдлаар хандаж болохгүй л дээ. Байвал илүүдэхгүй, байхгүй гээд үхчихгүй тийм л зүйл юм. Гэхдээ энэ бол яахав. Миний эрхэмлэдэг бас нэгэн зарчим бол “Хувьсгалт намын ажлыг хувь хүний харилцаатай бүү хутга” гэсэн зарчим. Харамсалтай нь хувь хүмүүсийн харилцааны хүчин зүйл хувьсгалт намд маань хэтэрхий их нөлөөлж байжээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд. Үүнийг залруулах хэрэгтэй.

 (Өдрийн сонин 2005-10-27 №258) дугаарт өгсөн ярилцлагаас хэсэглэн авав.


У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж