Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Үндэсний эмгэнэл

Хятадын шүүх  Ван Вей, Жин Жинфин нарт цаазаар авах ял сонсгов. Тэднийг химийн хорт бодис меламинтэй сүү үйлдвэрлэж худалдсан хэрэгт буруутган ийм хатуу ял дуулгажээ. Хорт бодистой сүү зургаан хүүхдийн аминд хүрч,  олон  арван мян­ган хүүхдийг хордуулан эрүүл мэндэд нь  хохирол уч­руулсан юм.  Меламинтэй сүү үйлдвэрлэсэн “Санлу” груп­пийн ерөнхий менежер,  ерөн­хийлөгч нарт бүх насаар нь  хорих ял оноожээ. “Санлу” бол Хятадын хүнсний үйлд­вэрийн салбарын хамгийн том,  шилдэг  корпорацын нэг юм. Нэг ёсондоо өмнөд хөр­шийн нэрийн хуудас болсон аж ахуйн нэгж гэж хэлж болно. Гэтэл хорт бо­дис­той сүү үйлдвэрлэснээс өөрийн­хөө төдийгүй улс орныхоо нэр хүндийг ийнхүү сэв­түүлэв. Мэдээж, цаана нь эдийн засгийн асар их хохирол учирсан байж таарна.

Меламинтэй сүүнд хордсон хохирогчид “Санлу” группээс 20 гаруй мянган ам.доллар нэхэмжилж байна. Энд  эм­чилгээ, сувилгаанаас эхлээд аж­лаа тасалсны хөлс хүртэл багтжээ. Меламинтэй сүүнд хорд­сон 50 гаруй мянган хүүх­дэд зориулан Эрүүл мэндийн яам­ныхаа дэргэд тусгай сан  байгууллаа.

Хоол хор болохын ур­шиг нэн их. Хөрш орон маань хүнснийхээ  аюулгүй бай­далд ийн анхаарч байхад мон­голчууд бид дуулсан ч дуу­лаагүй юм шиг, мэдсэн ч мэ­дээгүй юм шиг нүдэн балай, чихэн дүлий л байх юм. ЭМЯ-наас гаргасан судалгаагаар жилд дунджаар 300-400 хүн хоол хүнсний хордлогод өртдөг  аж. Хоёр жилийн өмнө “Азийн чоно” компанийн архинд хордож 15 хүн нас барав. Хүнсний бус спиртээр архи найруулсан тус компанийн менежерт найм, захиралд нь долоон жилийн хорих ял оноосон юм. Ял хүндэдлээ гэх гомдол одоо болтол тасраагүй л байна. УИХ-ын эрхэм гишүүн Ш.Сайхансамбуугийн  “SS” клубт хооллосон  30-аад хүн хордсон, Баян-Өлгий аймагт айлын найранд очсон хүмүүс хоолны хордлогод өртсөн, Налайхад  хүнсний зах дээрээс бэрсүүт жүрж худалдан авч идээд цөөнгүй хүн хордсон  гээд тоочвол өнгөрсөн жил хоёр мянга гаруй хүн хоолноос хордсон байна. “Махимпэкс”, “Талх чихэр”-ийн агуулахаас аммиак алдагдлаа гэх мэт мэдээлэл хааяа  дуулдавч түүнийг тоож байгаа хүн алга. Статистик мэдээнээс үзвэл, Монгол улс жилд  30 гаруй төрлийн 550 мянган тонн хүнсний бүтээгдэхүүн импортолдог аж. Гурил, будаа, чихэр, жимс гээд есөн шидийн л юм авчирдаг юм байна.  Үүнд тавих хяналт дэндүү сул байгаагийн уршиг ч их. 

Монгол Улс  30 гаруй сая малтай хэрнээ сүүнийхээ хэрэгцээний бараг тал хувийг гадаадаас хангаж байна.  Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг  зэрэг нөхөд үүнийг “үндэсний эмгэнэл” хэмээн нэрлэж буй нь үнэхээр оносон мэт. Энэ чиглэлээр бизнес эрхэлдэг   “Сүү” компани Улаанбаатар хотынхны сүүний  хэрэгцээний  30 орчим хувийг дангаар хангадаг.  Нэг ёсондоо салбартаа монополь гэсэн үг. Тэднийхэн “Үндэсний манлай үйлдвэр”, “50 жилийн чанар” гэх мэтээр өөрсдийгөө рекламдахдаа  гаргууд. Магадгүй ээ, мундаг байж болно.  Гэтэл ачир дээрээ тийм ч нэр цэвэр биш. Мэргэжлийн хяналтынхан  тэднийхийг үе үе шалгадаг. Шалгалтад голдуу л бүдэрнэ. Тэгсэн атлаа манай компанийн нэр хүнд хэрэглэгчдийн дунд уначих гээд байна гэдгээр шалтаглан  алдаа дутагдлаа  арилгах талаар  санаа тавьдаггүй гэхэд хилсдэхгүй.  Сүү үйлдвэрлэх зориулалтын байрандаа  захиргааныхан  нь албаа гүйцэтгэдэг, вакуум цонхны үйлдвэр өрөө түрээсэлдэг гээд эрүүл ахуйн наад захын горим зөрчсөн нь ил л байдаг.Мэргэжлийн хяналтынхан 30 гаруй  зөрчил илрүүлчихээд үйлдвэрийг хаах шаардлага тавихаар захирал нь боож үхэхээс наахнуур юм болно. “Энэ бол үйлдвэрийг хаах шалтгаан биш. Арилгаж болох  хэдхэн зөрчил л байгаа” гээд гэдийгээд суучихдаг юм. Тэр  ч байтугай, мэргэжлийн хяналтынхан үндэслэлгүй мэдээлэл цацаж, компанийн нэр хүндэд сэв суулгалаа гэхийг нь яана. Тус компанийн зарим дамжлагаас гэдэсний савханцар үүсгэдэг энтеробактери, тарагнаас нь хөгц илрээд байхад л иймэрхүү мэдэгдэл хийж байдаг  нь хачирхалтай хэрэг шүү. 

Хүнсний  аюулгүй байдлыг зөрчсөн аж ахуйн нэгж, түүний удирдлагад ногдуулах торгууль, шийтгэл  дэндүү хөнгөн. Мэргэжлийн хяналтын байцаагч дээд тал нь 250 мянган төгрөгөөр торгох эрхтэй. 250 мянга гэдэг  том байтугай жижиг  аж ахуйн нэгжийн хувьд юу байх вэ дээ. Уг нь хүнсний аюулгүй байдлаа анхааръя гэж буй бол түүнийг зөрчсөн хүмүүст  оногдуулах шийтгэлийг чангатгамаар санагдана. Хятад шиг цаазаар авах нь хаашаа юм бэ, гэхдээ л чангалмаар байна. “Атрын III аян”-ы хүрээнд үр тариа, төмснийхөө хэрэгцээг бүрэн , хүнсний ногооныхоо  хэрэгцээний тал хувийг дотооддоо хангаж байна гэх боловч зах зээл дээр хятад төмс Монголынхоос  хямд байдаг. Халаас нимгэнтэй хүмүүс арай хямдыг нь л сонгоно шүү дээ. Нэг үгээр хэлбэл, монгол төмс өрсөлдөх чадвараар  дутаж байна гэсэн үг. Гэтэл өнөөх хямдхан хятад төмсөнд нь нитрит мэтийн хортой  бодис илэрдэг. Хятадууд богино хугацаанд их хэмжээний ургац авахын тулд азот, калийн бордоог түлхүү  хэрэглэдэг. Хурааж авсан ургацаа удаан хугацаагаар хадгалахын тулд пестицид гэх мэт хортой бодис  ашигладаг. Ингэж тариалж, хурааан авсан ургацаа  гахай, тахианы хоол болгодог. Харин манай наймаачид тэрхүү гахай, тахианы зоог болох төмс, хүнсний ногоог бөөндөж авчраад л зах дээр хямдхан  зардаг юм даа.

Засгийн газар өнгөрсөн оныг “Хүнсний аюулгүй байдлын жил” хэмээн тунхагласан боловч хүнсний аюулгүй байдлын талаар олигтой зүйл бараг хийгээгүй. “Хүнсний баталгаат байдал” гэдэг хөтөлбөр баталснаас өөр гарт баригдахуйц юм үгүй л болов уу. ЭМЯ-ны судалгаанаас үзвэл, монголчуудын нийт өвчлөлийн 30 хувь нь хортой хүнс хэрэглэснээс болсон гэх. Энэ бол үнэхээр аймшиг дагуулсан мэдээлэл биш гэж үү.

Нийслэлийн хэмжээнд гэхэд л 50-иад сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хүүхдүүдэд нь ямархуу хоол унд өгч байгааг эцэг, эхчүүд огт анзаардаггүй. Багш нар ч тоодоггүй. Нийслэлд ийм байгаа юм чинь зах хязгаарын сумын сургуульд байдал ямар байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ.   

Хүнсний аюулгүй байдлын тухай ярихаар “хүний муу үзэх гэлээ, компанийн нэр хүндэд халдлаа, улс төрийн зорилго байна” гэх мэтээр нам дарахыг хичээдэг нь ёс мэт болжээ. Уг нь идэж уудаг юмандаа  улстөржилгүй шиг  хандах цаг аль хэдийнээ болсон баймаарсан.

Б.БАТБИЛИГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж