
Төмөр замын тээврээр энэ оны эхний найман сарын байдлаар 13256.2 мянган тонн ачаа тээсэн байна. Энэ нь жилийн өмнөхөөс 1458.9 мянган тонн буюу 12.6 хувиар өсчээ. Харин зорчигчдын тухайд, давхардсан тоогоор 2733.1 мянган зорчигч зорчсон нь жилийн өмнөхөөс 163 мянган хүн буюу 6.3 хувиар өссөн байна. Дээрх нийт төмөр замын ачаа тээвэрлэлтийг дотооддоо 6070.2 мянган тонн ачаа, экспортын 4130.5 мянган тонн ачаа, импортын 830.5 мянган тонн, дамжин өнгөрөх 1153.3 мянган тонн ачааг тээвэрлэсэн нь бүрдүүлсэн ажээ. Эдгээр ачаа тээвэрлэлт болон зорчигч тээврийг Монгол Улс одоогийн байдлаар төмөр зам тавьсан хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-тай хийдэг талаар албаныхан мэдээлж байгаа. Энэ нь жилийн өмнөхөөс ийнхүү 12.6 хувиар өссөн нь сүүлийн жилүүдэд уул уурхай болон зам барилгын салбарын бүтээн байгуулалтаас хамаарч хэрэгцээт бараа бүтээгдэхүүн тээвэрлэх шаардлага бий болсонтой холбоотой гэнэ. Ачаа тээвэрлэлтийн төрлийн тухайд, өмнөх саруудад төмрийн хүдэр дийлэнх байсан бол энэ сард барилгын материал тээвэрлэх нь нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Уг өсөлтийг дагаад энэ салбар 278.9 тэрбум төгрөгийн орлоготой байсан нь жилийн өмнөхөөс 24.8 тэрбум төгрөг буюу 9.7 хувиар өсчээ. Өвлийн цагт ихэнх барилгын ажил бүрэн зогсдог байтал ийнхүү барилгын материалыг ихээр тээвэрлэх болсон нь дараа жилийн бүтээн байгуулалтандаа болон худалдаа үйлчилгээнд нөөцлөх зорилготой байдаг юм байна.
У.БОЛОР