Сүүлийн үеийн улс төрийн амьдралыг ойлгохгүй их л шаналах боллоо. Ногоон гээд нэг нам байсан. Саяхан их хурлаа хийгээд Иргэний зориг намтай нэгдчих шиг болов. Ингээд Иргэний зориг-Ногоон нам гэсэн шинэ нам бий боллоо гэж ойлгож явлаа. Гэтэл байхгүй болсон гэж ойлгосон Ногоон намд Д.Басандорж, О.Бум-Ялагч гээд гадаад, дотоод асуудал хариуцсан дарга нар гэнэт гараад ирэв. Уг нь Ногоон намын хууль ёсны дарга нар нь УИХ-ын гишүүн Д.Энхбат, Ерөнхийлөгчийн байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт нар байсан санагдах юм. Үүний дараа Монгол ардын нам /МАН/, Монгол ардын хувьсгалт нам /МАХН/ хоёрын асуудал бас л толгой эргүүлээд байх юм. МАХН их хурлаа хийгээд намынхаа нэрийг МАН болгон өөрчилсөн. Гэтэл МАХН гэсэн нэртэй нам бий болчихлоо. МАХН-ын дарга нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. МАН-ын дарга нь Ерөнхий сайд С.Батболд юм уу даа. Тэгээд аль нам нь 90 жилийн түүхтэй юм бэ гэдэг асуудал толгой эргүүлж байна. Д.Сүхбаатар МАН-ыг үндэслэгч үү, МАХН-ын үндэслэгч юм уу. Д.Бодоо агсан МАН-ын дарга байсан уу, МАХН-ын дарга байсан уу гээд олон асуудал байна аа. МАХН-ын төв байрны суурин дээр барьж буй “Эрх чөлөөний ордон” МАН-ын өмч үү, МАХН-ынх уу ч гэж бодогдож байх шиг. Ногоон нам гэж байна уу. Хэрвээ байгаа бол О.Бум-Ялагч, Д.Басандорж хоёр Ногоон намын дарга мөн үү, биш үү. Мөн гэж үзвэл Д.Энхбат, Э.Зоригт нар Ногоон намын юу болж таарах вэ. Байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг намууд, жинхэнэ ч юм шиг, хуурамч ч юм шиг дарга нар бидний оюун ухаанаар наадаж байна. Сүүлийн үеийн улс төрийн амьдралыг бодоод байхаар “Би чинь би мөн үү, аягүй бол биш байх аа” гэсэн бодол төрөөд байх боллоо. Хэн нэгэн надад дээрх байдлыг тайлбарлахаар үнэн ч юм шиг, худлаа ч юм шиг санагдаад хэнд итгэхээ ч ойлгохоо болилоо. Хэн нэгэн гарч ирээд миний босгосон амьдралыг “Энэ бүгд чинь минийх” гэвэл би юу гэж хэлэх вэ. Хуулийн байгууллага нь дээрх асуудлыг нэг мөр шийдэж чадахгүй байгаа юм чинь миний амьдралд тохиолдож болох магадлалтай асуудлыг зохицуулна гэдэг ч худлаа байх аа даа. Би хэнд нь итгэж юуг зөв гэж ойлгох вэ.
Б.ЭНХМӨНХ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин