Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Часхийсэн хуульч

Монгол Улс Захиргааны хэргийн шүүхтэй болоод долоон жилийн нүүр үзэж байна. УИХ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах шийдвэрийг оны өмнөхөн гаргаснаар бараг гучаад хүн энэ шүүхэд ажилд оръё гэж шалгуулсан гэдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэдний  дөрвийг нь Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж бүрэн эрхийнхээ да­гуу хэдхэн хоногийн өмнө баталгаа­жуулав. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг, шүүгчээр дөр­вөн хүнийг томилсон юм. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн, Америкт мастер хамгаалсан Ц.Цогтод  салбарынхан нь ам сай­тай байдаг юм билээ. Академич С.Нарангэрэл түүнийг “часхийсэн хуульч” гэж тодорхойлжээ. Ц.Цогт  шүүхийн байгууллагад 10 га­руй жил ажиллаж байгаа юм. Захир­гааны хэргийн шүүхийг 2004 онд байгуулах үеэс  тууштай ажил­лаж буй хуульч. Тухайн үед хүмүү­сийн анхаарлыг ихээр татаж бай­сан Д.Сугар, З.Энхболд нарын сонгуулийн тойргийн маргаантай хол­боотой  хэргийг тэр шүүж байв. Дээд сургуульд хуулийн ном заасан   багш н.Ганзориг нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр, ангийнх нь  анд, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Сүх­баатар Сонгуулийн ерөнхий хороог төлөөлж энэ шүүх хуралд оролцсон юм. Сонин тохиолдол шүү. Ийм  халуун уур амьсгал дунд хэр баргийн хүн барьц алдана даа. Багшаа гэх үү, найзаа гэх үү. Шүүгчийн үүрэг ийм үед л хэцүү. Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж түүнд ерөнхий шүүгчийн үнэмлэх гардуулахдаа  хэд хэдэн зүйл  захисан. Тэрбээр  Ерөнхийлөгч болсноосоо хойш энэ салбарт хийсэн хоёр том ажлын нэг шүү гэдгийг ихэд онцолсон юм. “Ер нь манай төр, засагтай холбогдсон гэрээ, эр­хийн маргаан үүсэхэд заавал Лондон явж асуудлаа  шийдүүлдэг  биш, Улаанбаатартаа шийдэх том дэвшил бол энэ. Тиймээс шүүгчдийн ур чадвар их өндөр байх ёстой болохоор та нарыг сонгож томилсон шүү” гэсэн нь ч чихнийхээ хажуугаар өнгөрүүлэхээргүй үг байв.

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж