Хятадын иргэд алтны зах зээлийг хоосолж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Хятадын иргэд алтны зах зээлийг хоосолж эхэллээ

Хятадын ард иргэд сандарч эхэллээ. Тэд улс оронд нь бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци нэмэгдэж байгаад санаа зовних болов. Тиймээс найдвартай нь дээр гэх зарчмаар алт худалдан авч, нөөцлөх болсон нь олон улсын зах зээлд нөлөөлж байна. Хятадын 1.3 тэрбум хүн инфляцид санаа зовж эхэлсэн нь ийнхүү дэлхийн дахиныг хамарсан асуудал болжээ.

Хятадын хэрэглэгчид энэ оны эхний хоёр сард олборлосон нийт алтны тал шахам хувийг худалдан авсан мэдээ байна. Үүнээс болж сүүлийн хэдэн долоо хоногийн турш унци алтны үнэ 1500 ам.доллар шахаж, өслөө. Түүнчлэн энэ онд дэлхийн нийт алтны нөөцийн 50 хувийг хятадууд худалдан авна гэх урьдчилсан таамаг гарчээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Хятадад инфляци 1.5 хувьтай байсан. Харин түүнээс хойш 12 сарын дараа инфляци 4.9 хувьд хүрсэн юм. Дахиад  нэг жил өнгөрөхөд хэрэглээний үнийн индекс хэдийнэ хоёр оронтой тоонд хүрч, цаашлаад гипер инфляци болох аюул тулгараад байна. Хятадын үнийн өсөлт хүнсний бүтээгдэхүүн, үл  хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн их ажиглагдаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард хүнсний бүтээгдэхүүний үнэ 10.3, үр тариа 15.1, жимсний үнэ 34.8 хувиар тус тус өсчээ. Хятадад ийнхүү инфляци нэмэгдсэн шалтгаан нь санхүүгийн хямралын жилүү­дэд Засгийн газар нь мөнгөний бод­ло­гоо тэлж, зах зээл дэх мөнгөний  ний­лүүлэлтээ 585 тэрбум ам.дол­лараар ихэсгэ­сэн­тэй холбоотой юм. АНУ-ын Зас­гийн газар 800 тэрбумаар ам.дол­ларын ний­лүү­лэлтээ нэмж байсантай харьцуулахад Хята­дынх харьцангуй бага үзүүлэлт. Гэвч 2008 оны санхүүгийн хямралд хэр их өртсөнийг нь тооцож үзвэл өөр дүн гарах юм.

Хятадын эрх баригчдын хэрэг­жүүлсэн дээрх арга хэмжээний дүнд тус улсад инфляцийн түвшин хур­дацтай нэмэгдэж байна. Тиймээс инфляцийг бууруулахын тулд тодор­хой алхмуудыг хэдийнэ хийж эхэлжээ. Үүнд, юун түрүүнд бод­ло­гын хүүгээ үе шаттайгаар өсгөж, зарим салбарт үнийн хязгаар тог­тоон, арилжааны банкуудын нөө­цийн хөрөнгийг нэмэх замаар зээ­лийн хэмжээг бууруулах, үүгээрээ дамжуулан орон сууцны зээл авч байгаа  хүмүүсийн тоог цөөлөх зэрэг ажил багтаж байна. Гэхдээ одоогийн байдлаар эдгээрийн аль нь ч үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Тиймээс энэ нь эдийн засгийн нүсэр тогтолцоог аюулд оруулж магадгүй гэх болгоомжлол төрүүлжээ. Цаасан мөнгө үнэгүйдэж эхлэх үед хүмүүс алт руу хошуурдаг жишгээр Хятадын хөрөнгө оруулагчид олон улсын зах зээлээс их хэмжээгээр алт худалдан авч байна.

Швейцарийн “UBS” банкны шинжээчдийн тооцоолсноор энэ оны эхний хоёр сард Хятадын алтны эрэлт 7.05 сая унциар нэмэгджээ. Энэ нь мөн хугацаанд олборлосон нийт алтны 47 хувьтай тэнцэж байгаа юм. Үүн дээр үндэслэн энэ онд Хятадын эрэлт хэр хэмжээнд хүрэхийг тооцож үзвэл нийт 42.3 сая унци болжээ. Өөрөөр хэлбэл, Хятадын төв банк маш их хэмжээний алт нөөцөлж авна гэсэн үг. Энэ талаар зарим шинжээч “Магадгүй тэд удахгүй болох ямар нэгэн хямралд бэлтгэж байж болно” гэх хачирхалтай дүгнэлт гаргасан байх юм. “Financial Times” сонинд Хятадын Үйлдвэр, худалдааны банкны тэргүүн Зоу Минг саяхан ярилцлага өгчээ. Тэрбээр Хятадын “алтны” сонирхол огцом нэмэгдэж байгааг онцолсон байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Хятадын Үйлдвэр, худалдааны банкны тэргүүн алтны хадгаламж нээжээ. Үүнтэй зэрэгцээд, Хятадын хөрөнгө оруулагчид 12 тонн алт хадгалуулсан тухай Зоу Минг онцолсон байна. Харин энэ оны нэгдүгээр сард тус банк 250 мянган унци алт худалдан авсан нь өнгөрсөн онд бүтэн жилийн турш авсан нийт алтны тал хувьтай тэнцэх хэмжээтэй болжээ. Энэ бүх мэдээлэл нь алтны зах зээл дэх Хятадын амбицыг харуулж байгаа юм. Хятадын хөрөнгө оруулагчдын эрэлт иймэрхүү янзаар нэмэгдсээр байвал тун удахгүй энэ нь нэлээд аюул дагуулж болох талтай. Дэлхийн зах зээл дэх түүхий эд ганцхан орноос хамааралтай болно гэдэг төдий л таатай зүйл биш. Одоогийн байдлаар Хятадын төв банк гурван их наяд ам.долларын өртөг бүхий цаасан валютаар алт болон бусад үнэт металл худалдан авч эхэлжээ. Энэ талаар албаны төлөөлөгчид нь “Ам.долларын ханш суларч байгаа тул алдагдал хүлээхээс сэргийлж байна” хэмээн тайлбарласан юм. Ерөнхийдөө ажиглагчдын дүгнэж байгаагаар Хятад алтны нөөцөө нэмж байгаа нь урт хугацааны стратег төлөвлөгөөнийх нь нэг хэсэг бололтой.

Хятадын алтны эрэлт гэнэт өсөх болсныг тус улсын албаны хүмүүс инфляцитай холбон тайлбарлаж байхад барууны хэвлэлүүдэд энэ бүхэн нь Засгийн газраас нь хэрэгжүүлж буй бодлого гэж бичжээ. Өмнө нь 1950-2003 онд Хятадын эрх баригчид алт эзэмшиж байгаа иргэддээ нэлээд дарамт учруулдаг байж. Гэвч энэ бодлого нь хожим өөрчлөгдсөн юм. Харин энэ удаад үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн хөөрөгдлийг бууруулахын тулд Хятадын эрх баригчид иргэд нь алт худалдан авахыг дэмжиж байгаа бололтой. Дэлхийн алтны зөвлөлөөс саяхан нэг мэдэгдэл гаргажээ. Үүнд, “Хятадын Засгийн газар орон нутгийн уурхайнуудаас их хэмжээний алт худалдан авч байгаа. Энэ нь цаашид үргэлжлэх төлөвтэй байна” гэсэн юм. Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан судалгаагаар Хятадын алтны эрэлт ирэх 10 жилд хоёр дахин нэмэгдэнэ. Харин богино хугацаанд энэ нь нийлүүлэлттэйгээ уялдсан эрэлт болж чадах юм. Зөвхөн алт, гэлтгүй бусад үнэт металлын тухай ч энд онцолж үзэх хэрэгтэй. Тиймээс энэ онд Хятадын эрэлтээс хамаараад алтны үнэ нэлээд өсөх бололтой.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж