Одоогийн байдлаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын судалгааны ерөнхий зөвлөх компани шалгарч, гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болоод байгаа. Судалгааны баг тайлангаа зургаан сарын дотор бэлтгэж, хүлээлгэн өгөх учиртай. Үүнтэй холбогдуулан аж үйлдвэрийн цогцолбор болон төмөр замын бүтээн байгуулалттай холбогдсон харилцаа, Дорноговь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар бодит мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай болсон байна. Гэхдээ хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт нь том төслүүд гэхээсээ илүү дагалт үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарна. Тухайлбал, барилгын компаниудад цэцэрлэг, сургуулиас эхлээд гүйцэтгэх ажил мундахгүй аж. Ойрын жилүүдэд улсын хэмжээнд бүтээн байгуулалтын 26 том төсөл хэрэгжүүлэх жагсаалт гаргачихсан байгаа. Үүнээс 11 ажил нь Дорноговь аймагт өрнөх юм. Энэ утгаараа дорнын говьд хүн амын төвлөрөл, ажлын байр нэмэгдэх нь ойлгомжтой. Зөвхөн Сайншандын бүтээн байгуулалтад л гэхэд эхний ээлжинд 30 мянган ажлын байр шинээр бий болох тооцоо бий. Мөн аж үйлдвэрийн цогцолборыг бүрэн байгуулж дуусахад энэ тоо 300 мянга болж өсөх юм. Тиймээс үндсэн бүтээн байгуулалтаас гадна хүнс, орон сууцны хангамж, боловсрол, соёлын үйлчилгээг шийдэх зайлшгүй шаардлагатай болно. Энэ нь өөрөө жижиг, дунд бизнес хөгжих асар том боломж юм. Аймгийн удирдлага орон нутгаа хөгжүүлэх энэ орон зайг бусдад зүгээр нэг тавиад өгчихгүй. Гахай, шувууны аж ахуй гэх мэт жижиг, дунд хэмжээний төслүүдийг бизнесийн байгууллагуудтайгаа хамтран боловсруулаад эхэлчихсэн. Харин энэ бүхэнд хөрөнгө оруулалт татах юм. Гэхдээ хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд ус, эрчим хүчний хангамжийг аймгийн төсвөөр шийднэ гэдгээ тэд хэллээ.
Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та бүхэн гадаадын хөрөнгө оруулалт татах бэлтгэлээ хэр хангасан бэ?
-Бид юун түрүүнд ямар ямар ажилд хөрөнгө оруулах боломж байгааг дэлгэрэнгүй танилцуулна. Холбогдох тооцоо судалгааг нарийвчлаад хийчихсэн ажил ч олон байгаа. Үүнээс гадна орон нутгийн удирдлага төрийн үйлчилгээний хувьд хөрөнгө оруулагчдад аль болох хүндрэл учруулахгүй байх тал дээр анхаарч байгаа. Мөн энэ их бүтээн байгуулалтын бэлтгэлийг хангахын тулд Дорноговь аймгийн иргэд дарга, цэрэг гэлтгүй бүгд хүчин зүтгэх болно.
-Замын-Үүдэд чөлөөт бүс хөгжүүлэх тухай яриад олон жилийг үдлээ. Энэ ажлын явц ямар байна вэ?
-Том бүтээн байгуулалтуудтай зэрэгцээд олон ажил урагшлах төлөвтэй байна. Ер нь бид хилийн гол боомт гэдэг утгаар нь Замын-Үүдийн хөгжилд түлхүү анхаарна. БНХАУ-аас манай улсад олгосон 300 сая ам.долларын зээлээс 50 саяыг нь энэ боомтын дэд бүтцэд зориулж байгаа. Эдийн засгийн чөлөөт бүсийн ажлыг одоо улам эрчимжүүлнэ.
-Одоо яаралтай санхүүжилт шаардлагатай ямар ажлууд байна?
-Чойроос Замын-Үүд хүртэлх босоо тэнхлэгийн замын бүх санхүүжилтийг шийдсэн. Энэ ондоо багтаад замын 50 хувийг нь ашиглалтад өгөх боломжтой. Ерөнхийдөө томоохон дэд бүтцийн хөтөлбөрүүдэд хүндрэл гарахгүй байх. Харин энэ бүхэнтэй зэрэгцүүлж хөгжүүлэх шаардлагатай дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээнүүдэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Тийм учраас бид “Хөгжлийн бүс-Дорноговь” хөрөнгө оруулалтын чуулганыг орон нутагтаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин