Дотоод асуудлын 66 хувийг нь шийдчихсэн

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Дотоод асуудлын 66 хувийг нь шийдчихсэн

Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндоржийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх зөвлөлийн нөхөн сонгууль өнгөрсөн долоо хоногт болсон. Үндэсний зөвлөлдөх хо­роо­ны дотоод сонгуулийг УИХ-ын 2012 оны сонгууль хүртэл зарлахгүй гэсэн шийдвэр бий. Энэ утгаараа энэ удаагийн нөхөн сонгууль олон хүний анхаарлын төвд өртөх шиг боллоо?

-Нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх зөвлөлийн 139 гишүүний 29 гишүүний суудалд нөхөн сонгууль явуулсан. Энэ суудалд 69 хүн өрсөлдөж, өнөөдөр асуудал жигдэрчихээд байна.

-Нөхөн сонгууль явуулах болсон шалтгаан бүгд татвараа төлөөгүй гэсэн үндэслэл биш биз дээ?

-Зургаан хүн нь төрийн албанд шилжсэн учраас намаасаа түтгэлзсэн.

-Татвар нь хэдэн төгрөг вэ?

-500 мянган төгрөг.

-Жилийн дотор төлөхгүй бол шууд хасдаг юм уу?

-Жил бүрийн гуравдугаар сарын 1-нээр тасалбар болгодог. Энэ өдрийн дотор төлөөгүй бол шууд нөхөн сонгууль зарладаг. Энэ нь нам доторх хариуцлагыг сайжруулахтай холбоотой.

-Энэ удаагийн нөхөн сонгуульд МоАХ фракцийн гишүүд хүч түрэн орж ирсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарч байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Нэр дэвшсэн хүмүүсийг дотор нь фракцаар нь хуваана гэвэл боломжгүй. МоАХ-ны хоёр, гурван хүн бий. Энэ үнэн. Гэхдээ энэ удаад ихэвчлэн шинэ залуу хүмүүс хүч түрэн гарч ирснээрээ харин ч онцлог болсон.

-“Эра” төвийн захирал Д.Эрдэнэтуяаг хүртэл сон­госон байсан?

-Тийм ээ. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүд түүнийг сонгосон.

-Улс төрийн хэр туршлагатай юм бол?

-Ардчилсан намд элсээд олон жил болж байгаа. Удирдлагын түвшинд ажил­­лаж байгаагүй. Нийслэлийн Ард­чилсан намын зөвлөлдөх зөвлөлд анх удаа сонгогдсон.

-Энэ зөвлөлийн гишүүн болох нь Ардчилсан намынхны хувьд хэр том карьер вэ?

-Намын дүрмээр сонгуульт гишүүдийн хувьд хариуцлага үүрэхийн зэрэгцээ тодорхой боломж нээлттэй болдог нь нууц биш. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн хүн УИХ-д нэр дэвших боломжтой байдаг. Үүн шиг нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх зөв­лөлийн гишүүд нийслэлийн Ир­гэдийн төлөөлөгчдийн хурлын 45 суудалд нэр дэвшиж чадна.

-Таныг нийслэлийн Ардчилсан намыг удирдаж эхлэхтэй зэрэгцээд МоАХ-г энд нүүгээд ирчихсэн тухай яриа олон гарч байсан?

-Янз бүрээр л ярьдаг. Яриа бол дуусахгүй бололтой юм билээ.

-Гол нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгыг танаар дамжуулж нийслэлийн Ардчилсан намыг удирдаж байна. Одоогийн намын удирдлагатай харилцах харилцаагаа тэгшитгэсэн гэх мэт яриа бас нэг их голгүй яриа биш байж мэдэх юм?

-Улс төрийн байгууллагыг хэзээ ч нэг хүн удирддаггүй юм. Ганц хүний ашиг сонирхолд бүхэл бүтэн нам хөтлөгдөнө гэдэг бүр ч боломжгүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хар л даа. Цагтаа Н.Энхбаяр шиг мундаг хүн Монголд, Монголын улс төрд байгаагүй биз дээ. Гэтэл одоо яаж байна. Тэгэхээр Ардчилсан намыг Н.Алтанхуяг дарга төдийгүй өөр хэн ч байсан ганцаараа удирдаж чадахгүй. Бүх асуудлыг хамтдаа ярилцаж, хэлэлцэж шийддэг. Ерөөсөө анхнаасаа нам байгуулсан л юм бол аливаа асуудлыг эв нэгдэлтэйгээр хэлэлцэж шийдэх хэрэгтэй. Бид тийм байр сууринаас асуудалд ханддаг. Ардчилсан нам хүчээр нэгдсэн нэгдэл биш шүү дээ. Энэ ч утгаараа нийслэлийн Ардчилсан намын хувьд салж, нийлсэн гурван дүүргийн Ардчилсан намыг нэгтгэхийн төлөө өнгөрсөн хугацаанд хангалттай ихийг хийсэн.

-Хэцүү байсан уу. Хоёр тийшээ салж гүйгээд, хоёр өөр газар намын байр нээсэн хүмүүсийг нэгтгэхэд?

-Хоорондоо зөрчилдсөн улс төрийн хүмүүсийг нийлүүлэхэд их хэцүү юм байна лээ.

-Ардчилсан намын удирдлагын зүгээс тэднийг нийлүүлэхийн тулд шууд тулгалт хийсэн үү. Эс бол эвлэрлийн зам гаргахыг чухалчилсан уу?

-Бидний зүгээс хатуу тулгалт хийгээгүй. Гэхдээ мэдээж дүрмийн хүрээнд ажиллаач гэдгийг хэлсэн. Бидний хийсэн гол ажил бол тэднийг уулзуулсан явдал. Өмнө нь хоорондоо уулзахаараа маргалдаад, зөрчилдөөд, бараг зодолдоод байдаг байсан. Тэгж бие биенээ үл зөвшөөрдөг хүмүүсийг өөд, өөдөөс нь харуулж суулгасан. Эхний удаад шууд маргалдаад эхэлдэг бол дараагийнхаасаа харил­цаа нь зөөлрөөд, үг солилцож, санал бодлоо ярилцахтайгаа болоод ирсэн.

-Ярианых нь агуулгаас хэлж болно биз дээ?

-Яах вэ дээ, чи тэр үед ингэсэн. Бид тэгсэн. Энэ асуудал дээр буулт хийчих хэрэгтэй шүү дээ гэх мэтээр олон удаа ярилцсан. Сүүлдээ бид  “Та нар одоо өөрсдөө суугаад ярилц” гэж хэлсэн. Тэгж байж л Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Ардчилсан намыг нэгтгэсэн. Одоо Хан-Уул дүүргийн асуудал тун нааштай байгаа. Удахгүй асуудал шийдэгдэнэ.

-Та өмнө нь МоАХ-ны гүйцэтгэх захирал байхдаа асуудлыг гаднаас нь хардаг байсан байж болох юм. Тэр үед хошин шог шиг санагдаж байгаагүй юу?

-Хошин шог гэж арай ч бодож байгаагүй юм байна. Харин их гайхдаг байсан.

-Тэгвэл дотор нь ороод, удирдаад ирэхээр ямар сэтгэгдэл төрж байна?

-Хариуцлага толгой дээр ирчихсэн учраас гайхах, шоолох эрхгүй болчихдог юм билээ. Асуудлыг шийдэх нь миний үүрэг учраас ажлаа сайн хийх хэрэгтэй байна. Энд хоёр бүлэг байна. Тэр хоёр бүлгийг яаж эвлэрүүлэх вэ. Хэрхэн зохицуулах вэ гээд бодоод эхэлсэн. Энэ нь миний ажил болохоор арга ч үгүй байх л даа.

-Та өөрөө ч бас энэ албыг тун асуудалтай нөхцөл байдалд авч байсан. Шууд утгаар нь хэлэхэд дүүргүүдийн Ардчилсан нам шиг хоёр хуваагдаагүй ч асуудал хуваагдалд хүрэхэд тун ойрхон байсныг та хүлээн зөвшөөрнө байх. Хэцүү санагдаж байв уу?

-Ер нь бол онцгүй л дээ. Гэхдээ энэ бүхэн С.Эрдэнэ гишүүний асуудал байгаагүй. Намын дүрмийн алдаа байсан. Дүрмээ жаахан цэгцлэхгүй бол үүнээс ч хэцүү нөхцөл байдал үүсч болно шүү дээ. Хуваагдсан гээд байгаа дүүргийн Ардчилсан намынхныг хар л даа. Тэдний аль, аль нь үнэндээ сэтгэл хангалуун байгаадаа тэмцэлдээд байсан юм биш. Хэн, хэн нь өнөөдөр эвлэрээд, үйл ажиллагаагаа нэгтгээд ирэхээр “Одоо л нэг сайхан болж байна. Мөн ч их хэцүү байсан шүү” гэж хэлж байгаа байхгүй юу. “Яасан, та нарын дотроос юм аваад хаячихсан юм шиг болж байна уу” гэхэд “Харин тийм ээ. Их сайхан тайвширч байна” гэж хэлж байсан. Одоо нийслэлийн Ардчилсан намын дотоод асуудлын 66 хувь нь ерөнхийдөө шийдэгдсэн. Хан-Уул дүүргийн асуудал шийдэгдэх тийшээгээ орчихсон. Тэгэхээр удахгүй зуун хувь болно гэдэгт итгэлтэй байна.

-Гэхдээ асуудал яг энэ хэвээрээ нэгдмэл байна гэдэгт та итгэж байна уу. Учир нь, удахгүй УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ги­шүү­дийг ч адилхан. Тэгэхээр тэд намын дарга болохын төлөө, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний суудлын төлөө дахиад л өрсөлдөөд, зөрчилдөөд эхлэх биш үү. Эрх ашиг нь тэднийг удаан тайван суулгахгүй байж мэдэх юм?

-Харин түүнээс чинь сэргийлж энэ удаад ротаци явуулахгүй байхаар тогтсон. Хүмүүс “Хаалгаа хаачихлаа” гээд байна лээ. Хаалгыг шууд хаасан юм байхгүй. Хүссэн хүмүүс нь Үндэсний зөвлөлдөх хороонд орж болно шүү дээ.

-Та нөхөн сонгуулийг хэлж байна уу?

-Тийм ээ.

-Гэхдээ энэ нь намын дотоод сонгуулийг шууд мөнгөний наймаа болгож хувиргах гэмтэй?

-Нам гэдэг чинь өөрийн гэсэн бодлоготой байгууллага. Хэрэв Дорнодод УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд гарцаагүй ялах хүн байгаад тэр хүн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн биш байвал намын удирдлагын зүгээс дэмжинэ. Намын эрх ашгийн үүднээс шийдэж болно. Амбицдаа дийлдсэн, УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялалт байгуулах ямар ч боломжгүй хүн байвал бас хэцүү. Тиймэрхүү хүмүүс нь мөнгөөр зохицуулах гэж оролдох л байх.

-Нийслэлийн Ардчилсан нам өмнө нь Ардчилсан нам дот­роо тусгаарлагдмал гэж ойл­гогд­дог байсан. Өнөөдөр байдал өөрч­лөгдсөн үү?

-Өөрчлөгдсөн. Намын удирд­лагатай маш сайн хамтарч ажиллаж байгаа. Таарахгүй зүйл байвал шууд хэлдэг. Би нууж чаддаггүй юм. Зарим нэг зүйл дээр арга барилын зөрүү гарах үе байдаг. Тэр бүхнийг ярилцаад шийддэг.

-Та МоАХ-ны гүйцэтгэх захирлын ажлаа өгөхгүй, давхар хийх юм уу?

-Дөрөвдүгээр сард манай Мон­голын ардчилсан холбооны Удирдах зөвлөл хуралдана. Тэр хурлаар шинэ гүйцэтгэх захирлыг сонгоно.

-Монголын ардчилсан холбоо гэдэг төрийн бус байгууллага байсаар байхад Ардчилсан нам дотор албан ёсоор МоАХ фракц байгуулах нь зайлшгүй шаардлага байсан юм уу. Зарим хүмүүс бол хамтарсан Засгийн газрыг хамгаалах сонирхлоо ил тод илэрхийлэхийн тулд албан ёсны фракц болгосон гэх юм билээ?

-Фракц бол тусдаа. Үүнийг Монголын ардчилсан холбоо гэж задалж болохгүй. Шууд МоАХ фракц гэдгээрээ явах ёстой. Монголын ардчилсан холбооны хувьд төрийн бус байгууллага. МоАХ фракцид зөвхөн Ардчилсан намын гишүүд байдаг юм биш. Сонирхсон хүн бүр орж болно. Энэ фракцид Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 80 гаруй гишүүн хамрагдаж байгаа.

-Ардчилсан намын бодлого тодорхойлох түвшинд асар их хүчтэй юм байна. Тийм үү?

-Хүчтэй нь үнэн. Гэхдээ дангаараа хэзээ ч шийдвэр гаргаж чадахгүй.

-Байр суурь нь далайцтай байна биз?

-Тэгж хэлж болно. Гэхдээ дахиад хэлэхэд хэзээ ч шийдвэрийг бид дангаараа гаргах боломжгүй. Ардчилсан нам чинь ардчилсан нам шүү дээ.

-Та дээр нэр дэвшлээ гэхэд ялалт байгуулах боломжтой хүмүү­сийг нам бодлогоор дэмжинэ гэж хэлсэн. Тэгэхээр Х.Тэмүүжин, Х.Баттулга тэргүүтэй гишүүдэд хаалга нээлттэй гэж хэлж болох нь ээ?

-Тэдний өмнө хаалга нээлттэй байгаа. Манай намын дүрэмд сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн байсан бүх хүн нэр дэвших эрхтэй гэсэн заалт бий. Тэгэхээр тэдэнд зориулж боломж олгоно гэсэн юм байхгүй.

-Х.Тэмүүжин гишүүн гэхэд Үндэсний зөвлөлдөх хорооны ги­шүүн болж чадаагүйдээ тухайн үед нэлээд их эмзэглээд байсан?

-Өөрийнх нь өмнө боломж нээлттэй шүү дээ. 2008 оноос хойш хоёр жилийн хугацаанд Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн байсан хүн. Зүгээр тэр хуралд суух нь сайхан санагдаад байдаг юм байлгүй дээ. УИХ-ын гишүүн хүн намынхаа бодлого тодорхойлох дээд байгууллагад байхгүй бол муухай гэж боддог ч байж болох юм.

-Таны ард Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн хөрөг зураг байна. Та ардчилсан Ерөнхийлөгчийг хүндэтгэсэндээ хөргийг нь өрөөндөө залсан уу?

-Би ардчилсан хувьсгалын он жилүүдэд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Зориг тэргүүтэй лидерүүдийг дагаж гүйж байж гарч ирсэн хүн. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой олон удаа хамтран ажиллаж байсан. Иймд Ерөнхийлөгч гэдэг утгаар нь бус хувь хүнийх нь хувьд хүндэлдэг учраас өрөөндөө залсан. Энэ байранд нийслэлийн Ардчилсан нам нүүж ирснээс хойш миний ард байгаа хөрөг дөө.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж