“Пенгвинс”-ийн багийн ахлагч нэгдүгээр сарын 5-ны өдөр толгойндоо хүнд гэмтэл авснаар талбайг орхисон билээ. Ямартай ч орон нутгийн цагаар пүрэв гаригийн орой “Тампа Бэй”-н эсрэг хийх тоглолтод багийнхаа хамтаар Флоридаг зорьжээ. Хэдийгээр түүний биеийн байдал сайжирч байгаа ч энэ улирлын тоглолтод оролцох тал дээр найдлага тавихгүй байгаа, үлдсэн тоглолтуудад оролцохгүй гэж Шеро хэлсэн байна. Хамгийн гол нь түүнийг плей-оффын шатанд багтаа эргүүлэн авчрахыг хүсч байгаа учраас тэр яарахгүй байна.
Плей-офф эхлэхэд бэлэн байхын тулд Кросби одоо багийнхаа бүтэн бэлтгэлд оролцох шаардлагатай. Кросби гуравдугаар сарын 14-нөөс эхлэн мөсөн талбайдаа ямар нэг байдлаар харагдах болсон ч одоо болтол хэзээ тоглолтод оролцох нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Бүсийнхээ аваргын төлөө өрсөлдөж байгаа “Питтсбург” мягмар гаригт тэргүүлэгч “Филаделфия Флайерс”-тай таарсан ч 5:2 харьцаатай талбай дээрээ хожигдсон. Ингэснээр тэд “Флайерс”-аас дөрвөн онооны дутуутай болсон бөгөөд бүсийн дөрөвдүгээр байраар плей-оффт шалгарвал “Тампа Бэй Лайтинг” багтай эхний шатанд таарах магадлал өндөр.
Кросби бэртэл авахаасаа өмнө 41 тоглолтод оролцож, 32 гоол, 66 оноо авсан амжилт нь багаа тэргүүлсээр. Тийм учраас плей-оффт хэрэгтэй гэдэг нь зайлшгүй юм.