Эрүүл мэндийн яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тухай үндэсний хэмжээний тендерийн баримт бичгийн шинэчилсэн хувилбарыг боловсруулах, танилцуулах гурав хоногийн сургалт үргэлжилж байна. Сургалт энэ сарын 29-нд эхэлсэн бөгөөд НҮБ-ын Копенгаген дахь Худалдан авах газрын зөвлөх Карен Расмуссен, Мариано Флешлэр нар оролцож байна. Семинарт эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн үйл ажиллагааг гардан явуулдаг ЭМЯ-ны болон харьяа нэгдсэн эмнэлгийн эмийн мэргэжилтнүүд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын ажилтнууд оролцож, тендерийн жишиг бичиг баримт, эм, эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, нөхцөл, үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцож байгаа юм. Тендерийн баримтад өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжирна гэж үзэж байгаа юм.
Ш.Чимэг