15 жилийн түүхтэй “НВЦ” компани нь ОХУ-ын Белореченское, АНУ-ын Пилгрим Прайд корпорациудын албан ёсны дистрибьютер юм. “НВЦ” компанийн охин компани болох “Мон Эгг” компанийн “Мон Эгг” шувууны аж ахуйн төслийг хэрэгжүүлснээр улсынхаа дотоодын өндөгний хэрэгцээг бүрэн хангахаас гадна импортыг 100 хувь шийдэх аж.
“Мон Эгг” шувууны аж ахуйн шав тавих ёслолд “НВЦ” компанийн ТУЗ-ийн дарга Б.Цэрэндаваа, Дэлхийн өндөгний холбооны ерөнхийлөгч Франк Пэси, “Биг Дочманн” компанийн захирал Брайн, “Си Лайн” команийн захирал Фрэд, Баянчандмань сумын Засаг дарга Д.Баярнэмэх, сумын ИТХ-ын дарга Б.Батмөнх болон албаны бусад төлөөллүүд оролцсон юм. Нэг сая өндөглөгч шувууны аж ахуй нь иж бүрэн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй өндөглөгчийн аж ахуй, дэгдээхэй бойжуулах аж ахуй, тэжээлийн үйлдвэр, нядалгааны цех, сангас боловсруулах үйлдвэрээс бүтсэн улсдаа анхны иж бүрэн аж ахуй болох юм. Харин тус аж ахуйн тоног төхөөрөмжийг Германы Биг Дочманн, барилгыг Францын “Си Лайн”, тэжээлийн үйлдвэрийг Францын “Столз”, өндөг хадгалах, ялгах үйлдвэрийг Голланд улсын “Моба” зэрэг дэлхийд танигдсан шилдэг компаниуд европ стандартын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглохоор болжээ.
Дэлхийн Өндөгний холбооны ерөнхийлөгч Фрэнк Пэси “Монголын бүх хэрэглэгч шинэхэн өндөг өдөр бүр идэх болж байгаад баяртай байна. Нэг сая өндөглөгч шувууны аж ахуйн төслийг хэрэгжүүлснээр монголчууд өндгийг хамгийн бага үнээр хэрэглэх болно. Мөн хамгийн сайн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэнэ. Тиймээс Монголын хэрэглэгчдэд өндгийг өдөр бүр хэрэглээрэй гэж захимаар байна. Өндөг бол хамгийн их аминдэмтэй, уураг агуулсан бүтээгдэхүүн. Хүн өглөө бүр нэг өндөг хэрэглэж заншвал уураг аминдэмээ нөхөхөөс гадна бие бялдрын хөгжил сайтай, эрүүл чийрэг байх болно. Мөн Монгол Улс хоёр дахь жилдээ Өндөгний баярыг тэмдэглэж байна. Тиймээс Дэлхийн өндөгний холбооны гэр бүлд зүй ёсоор тооцогдоно. Би танай оронд анх удаа ирж байна. Монгол хүн долоо хоногт нэг удаа өндөг хэрэглэдэг гэсэн. Энэ нь дэлхийн стандартаас маш доогуур үзүүлэлт юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд өндөгний хэрэгцээ өссөн нь сайн хэрэг. Өндөг бол гайхамшигтай, ид шидтэй бүтээгдэхүүн гэдгийг онцолмоор байна. “Мон Эгг” төсөл хэрэгжсэнээр ирээдүйд өндөгний хэрэгцээ улам өсөж, хүн бүр өглөө болгон нэг өндөг иднэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч Монгол Улс Дэлхийн өндөгний комиссын шагналыг хүртэнэ гэж итгэж байна” хэмээн ярив.
Уг шав тавих ёслолын үеэр Монголд анх удаа 1500 ширхэг өндгөөр хамгийн том хэмжээтэй омлетыг хийсэн юм. Цацагт хяруулын болон тахианы махтай, чинжүүтэй, шинэ ногоотой, сонгинотой омлет хийж, ирсэн зочид төлөөлөгч, сумын 600 орчим иргэнийг дайлсан. Мөн Баянчандмань сумын иргэдийн дунд сугалаа явуулж, нэг жилийн хэрэгцээг нь хангах өндөг болон тахианы мах, 100-500 мянган төгрөгийн шагналыг гардууллаа.
“Мон Эгг” компани нь одоогоор 100 мянган толгой өндөглөгч шувуутай, жилд дунджаар 30 гаруй сая өндөг үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгч болон хөгжиж дэвшээд байна. “Мон Эгг шувууны аж ахуйн төсөл”-ийн хүрээнд эхний ээлжинд 600 мянган өндөглөгчийн аж ахуйд хөрөнгө оруулалт хийх аж. Ирээдүйд тус аж ахуйг түшиглэсэн туслах аж ахуйг цогц байдлаар хөгжүүлнэ гэдгийг “НВЦ” компанийн Ерөнхий захирал Ц.Баатарбилэг нээлтийн үеэр дуулгалаа.
Хотоос 70 гаруй км-ийн зайтай Баянчандмань сумын нутагт уг аж ахуйг байгуулснаар сумын 200 өрх айл шинэ ажлын байртай болж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх давуу талтай юм. Мөн Баянчандмань сумын улсын төсөвт оруулах татварын хэмжээ ч нэмэгдэнэ гэдгийг сумын ИТХ-ын дарга Б.Батмөнх онцолсон. Ийнхүү хүн ардаа эрүүл хүнсээр хангах, шинжлэх ухааны ололт дэвшлийг ашигласан үйлдвэртэй болох, импортыг 100 хувь орлож чадах үндэсний хэмжээний бүтээн байгуулалт тус суманд өрнөж эхлэх нь.
“Мон Эгг шувууны аж ахуйн төсөл”-ийн шав тавих ёслолын дараа “Мон Эгг” компанийн 100 мянган өндөглөгч шувууны аж ахуйтай танилцлаа. Энэ үеэр “НВЦ” копманийн Ерөнхий захирал Ц.Баатарбилэгээс зарим зүйлийг тодруулсан юм.
-“Мон Эгг шувууны аж ахуйн төсөл”-ийн давуу тал юу вэ?
-“НВЦ” компани Монголд сайн чанарын өндгийг импортолж байгаа. Анх манай компани 20 мянган өндөглөгч шувуутай эхэлж байсан бол одоо 100 мянган өндөглөгч шувуутай болсон. Манай улсад хэдхэн жилийн дотор өндөгний хэрэглээ дөрөв дахин нэмэгдсэн. Энэ хэмжээгээр импортын хэмжээ ч нэмэгдсэн. Тиймээс компанийн стратегийн дагуу дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулж ирлээ. Нэг сая өндөглөгч шувууны аж ахуйн төслийг хэрэгжүүлснээр салбартаа үндэсний хэмжээнд зүй ёсоор тооцогдох болно. Мөн импортыг 100 хувь орлоно. Татварын хэмжээ нэмэгдэж, өрхийн орлого, хүнсний аюулгүй байдалд эергээр нөлөөлнө. Дэлхий дээр хамгийн сүүлийн үеийн шувууны аж ахуй, менежмент, ноу хау дэвшилтэт технологи орж ирснээр Монгол Улсын шувууны аж ахуйн хөгжилд түүхийн шинэ хуудсыг нээх юм.
-Олон улсын хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хэрхэн хангах вэ?
-Дэлхийн жишигт хүрсэн ямар стандарт байх ёстой вэ, түүнийг бид хангана. Шувууны сангасыг хүртэл боловсруулж, бордоо болгоно. Зөвхөн Баянчандмань сумын тариалангийн бүс гэлтгүй Сэлэнгэ, Борнуурын газар тариалангийн бүсэд хэрэглэнэ. Ингэснээр химийн бус 100 хувийн экологийн бордоо хэрэглэх юм.
-“Мон Эгг шувууны аж ахуйн төсөл”-д дотоодын аж ахуйн нэгжүүд хэрхэн оролцож байгаа вэ?
-Чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээл гэдэг шиг дор бүрнээ ажиллаж байна. Одоохондоо дотоодын аж ахуйн нэгжүүд оролцоогүй. Евро стандарт, дэлхийн эрүүл ахуйн шаардлагыг хангасан үйлдвэр учраас боловсон хүчнээ сургах, өндөглөгч шувууны дэгдээхэй худалдаж авах гэх мэт олон ажил бидэнд байна. “Далай үерлэхэд жижиг, том бүх завийг өргөдөг” гэсэн Японы зүйр үг шиг бид аж ахуйн нэгжүүдээ бүгдийг нь дээшээ авч явах тийм ажил хийж байна.
-Орон нутгийн хүний нөөц дутагдалтай байна гэсэн. Хүний нөөцөө хэрхэн бэлдэх вэ?
-“НВЦ” компани АНУ-аас үйлдвэрийн менежер авч ажиллуулж байна. Тэр хүний үүрэг бол гурван жилийн дотор хүний нөөцөө бэлдэж шат шатанд нь сургах юм. Баянчандмань сумын коллежид суралцаж буй 30-40 хүртэлх оюутнууд болон ХААИС-тай хамтарч ажиллаж оюутнуудад сар бүр тэтгэлэг өгөх ажлыг хийнэ. Мөн шувууны аж ахуйн ажилчдын 50-100 айлын орон сууц барих зэрэг олон ажил төлөвлөсөн байна.
-Нэг сая өндөглөгч шувуутай аж ахуй хэзээ ашиглалтад орох вэ?
-Одоогийн байдлаар дэд бүтцийн ажлыг хийж байна. Ирэх хавраас барилга, тоног төхөөрөмжийн ажил хийнэ. Хамгийн эхний өндөг дараа жилийн шинэ жилээс өмнө гарна. Шувууны аж ахуй бүрэн хэмжээнд ашиглалтад ороход 40 тэрбум төгрөг шаардлагатай. Сайн хөрөнгө оруулагч, чанартай нийлүүлэгч, орон нутгийн оролцоо, чадварлаг баг байж томоохон ажил босдог тул хамтран ажиллаж байгаа бүх түншдээ баярлалаа гэж хэлмээр байна.