
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Prophecy Coal” компанийн 100 хувийн эзэмшлийн “Prophecy Power Generation” ХХК цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээний төслийг Монголын Засгийн газарт танилцуулсан талаар “coalinvestingnews” сайтад мэдээлжээ. “Prophecy Coal” компани Хэнтий аймгийн Чандганын нүүрсний ордод түшиглэн 600 мВт цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа билээ. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанид цахилгаан эрчим хүч нийлүүлэх тухай гэрээний төсөлд гэрээг 2013 оны дөрөвдүгээр сард байгуулж, 2016 оны эхний улиралд ашиглалтад оруулах, “Цахилгаан дамжуулах сүлжээ” компанид долоо хоногийн 24 цагийн турш тасралтгүй, доголдолгүй, удаан хугацаанд эрчим хүч нийлүүлэх, цахилгааны тарифийг Монголын салхин фермийн тарифаас доогуур тогтоох, эрчим хүчний нийлүүлэлт, зардлын тарифийг тогтвортой, уян хатан тогтоох, тарифийн индексацийг АНУ-ын хэрэглэгчийн үнийн индекс болон Монголын төлбөрийн индекстэй харьцуулах тухай заажээ. “Prophecy Power” ХХК нь 600 мВт хүчин чадалтай цахилгаан станц барихаар барилгын лицензийг өнгөрсөн оны сүүлээр Монголын Засгийн газраас гаргуулжээ. Цахилгаан станцын ашиглалтын зардлын 60 хувь нь Чандганын ордын нүүрсээс гарах тул “Prophecy Coal” цахилгаан станц барих “Prophecy Power” ХХК-ийг байгуулсан. “Prophecy Coal” компани 131 сая тонн нүүрсний тогтоогдсон нөөцтэй Чандганын нүүрсний төслийн гурван лицензийг эзэмшдэг. Чандганы нүүрсний төслийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргах судалгаа одоо хийгдэж байгаа юм байна. Засгийн газарт гэрээний төслийг танилцуулсан “Prophecy Coal” хариу мэдэгдэл 90 хоногийн дотор ирнэ гэж найдаж байгаа гэнэ. “Prophecy Coal” компанийн гүйцэтгэх захирал Жонн Ли “Бид ийм үр дүнд хүрэхийн тулд Монголын Засгийн газрын ажлын хэсгийнхэнтэй хэдэн сарын турш шаргуу ажилласан. Бид бүгдээрээ Чандганын төсөлд ихээхэн найдлага тавьж байгаа” хэмээн ярьсан байна.
Н.ЭНХ