Хонконг Хятадын боловсролоос татгалзав

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

Хонконг Хятадын боловсролоос татгалзав

Хонконг сургалтын хөтөлбөрт Хятадын иргэний боловсрол олгох хичээлийг зайлшгүй сурах хичээлийн тоонд оруулах төлөвлөгөөгөө цуцалжээ. Уг хичээлийг эх газрын Хятадын суртал ухуулга хэмээн эсэргүүцэгчид Засаг захиргааны төв байрны өмнө хэд хэдэн удаа эсэргүүцлийн жагсаал хийж, 10 хоногийн өлсгөлөн зарласан юм. Хонконгийн Засаг захиргаа орон нутгийн сонгууль болохын урьд өдөр дээрх шийдвэр гаргасан байна. Хонконгийн захирагч Лян Жэньин өнгөрсөн бямба гаригт мэдэгдэл гаргаж, дунд сургуулиудад “Ёс суртахуун, Үндэсний боловсрол” хэмээх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ гэжээ. Тэрбээр “Дунд сургуулиудад өөрөө удирдах эрхийг олгох болно. Энэ бол сургууль төвтэй боловсролын үндсэн зарчим” хэмээн ярьсан гэнэ. Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт Хятадын иргэний боловсролын тухай хичээл оруулахыг Хонконгчууд ухаан суугаагүй хүүхдүүдийн тархийг угаах гэсэн оролдлого гэж эсэргүүцсэн аж. Хонконг нь 1997 онд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын харьяаллаас Хятадын автономид шилжсэн бөгөөд 2047 он хүртэл тус улсаас ихээхэн хамааралтай байх ёстой юм. Өнгөрсөн долдугаар сард Хонконгийн дунд сургуулиудад “Хятад загвар” нэртэй сурах бичиг тараасан аж. Уг сурах бичигт Хятадын эрх баригч коммунист намыг “дэвшилттэй, нэгдмэл, бусдын төлөө” нам гэж сурталчилсан бөгөөд АНУ-ынх шиг олон намын систем сүйрэл дагуулдаг гэж шүүмжилсэн аж. Хонконгийн Засаг захиргаа уг хичээлийг зайлшгүй сурах хичээлийн тоонд оруулахаар хэлэлцсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гаригт болсон эсэргүүцлийн жагсаалд л гэхэд 10,000 гаруй хүн оролцсон аж.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж