Капитал банк гар утсаар мөнгө олгоно

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Капитал банк гар утсаар мөнгө олгоно

Капитал банк Хүний хөгжил сангийн мөнгийг гар утсаар олгох шинэ үйлчилгээ үзүүлж байгаа нь жирийн иргэдийн талархалыг хүлээж байна. Хүмүүсийн цаг завыг хэмнэсэн, энэ шинэ үйлчилгээний талаар ярилцахаар Капитал банкны маркетингийн албаны мэргэжилтэн Л.Гантуяаг энэ дугаарын зочноор оролцуулж байна.

  -Капитал банк Мобифинанстай хамтран гар утсаар Хүний хөгжил сангийн мөнгө олгох шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн гэсэн Та энэ талаар манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулж өгнө үү?

  -Энэ шинэ үйлчилгээний талаар танилцуулах болсондоо таатай байна. Манай банк Мобифинанс ББСБ-тай хамтран хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан Мост Мони буюу гар утасны цахим дансаар Хүний хөгжил сангийн мөнгө иргэдэд олгох Хамтын ажиллагааны гэрээг байгуулж, үйл ажиллагаа нь явагдаж байна.

  -Банкныхаа шинэ үйлчилгээний онцлог болон давуу талыг манай уншигчдад сонирхуулбал?

  -Энэ үйлчилгээ их олон давуу сайн талтай. Манай банкны харилцагчид хүний хөгжил сангийн мөнгөө банкны 41 салбар  нэгж, мобикомын бүх үйлчилгээний зал болон Мобифинансын  200 гаруй төлөөлөгчийн газраас цаг алдалгүй,  элдэв чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүлсэн.

Мөн банкны теллерүүдийн ажлын ачаалал буурахаас гадна,  арилжааны банкинд урт дараалал үүсэх, банкны  сүлжээ тасрах,  АТМ-ын мөнгө дуусах,  гацах,  гэх мэтчилэн үйлчлүүлэгчийг бухимдуулах  тохиолдол гардаг байсан. Харин манай банкны энэ үйлчилгээг авснаар дээр дурьдсан бэрхшээл гарахгүй.

  -Мост Мони данс гэж  юуг хэлээд байгаа юм бол энэ талаар тайлбарлаж өгнө үү?

  -Иргэд банкинд хадгаламж, харилцах болон виза картын данстай байдаг. Үүнтэй адил гар утасны тань дугаар Таны цахим дансны дугаар болно. Иймд та гар утасны дугаараа цахим данс болгох үйлчилгээний гэрээг Мобифинанс ББСБ-тай хийснээр манай банкны зарим нэг үйлчилгээ тухайлбал 21 мянган төгрөг авах боломжтой болно. Энэ цахим дансыг ММ данс гэж нэрлээд байгаа юм л даа.

Түүнчлэн гар утсаар Хүний хөгжил сангийн мөнгөө авахаас гадна гар утасны дансандаа мөнгө хийх, авах, бусдын гар утсыг нэгжээр цэнэглэх, ярианы төлбөр төлж болно. Үүнээс гадна ММ данстай харилцагчид хооронд мөнгөн шилжүүлгийг нууцын өндөр зэрэглэлтэй шуурхай хийх боломжтой.

Өндөр нууцлалтай гэдэг маань харилцагч ММ дансаараа гүйлгээ хийх бүрд өөрийн пин код оруулдаг бөгөөд энэ пин кодоо нууцалж чадвал цахим дансны нууц алдагдахгүй.

АТМ-ыг ашиглан картаар мөнгө авах үйлчилгээг иргэд сайн мэдэх болсон. Яг үүнтэй адил Таны гар утсанд АТМ-ын программ шиг цэс суулгасан байна.

  -Цаг үеэ олсон сайхан үйлчилгээ байна. Энэ үйлчилгээг иргэд авахын тулд яах ёстой вэ?

  -Манай банкны харилцагчид харъяа салбар, нэгж  дээрээ өөрийн биеэр иргэний үнэмлэх, мобикомын дугаар бүхий гар утас, Хүний хөгжил сангийн дэвтэртэйгээ очиж Хүний хөгжил сангийн мөнгөө гар утсаар авна гэсэн хүсэлт гаргана. Үүний дагуу сар бүр хүний хөгжил сангийн мөнгө Таны нэр дээр орж ирсэн тухай бүр нь банк таны гар утасны ММ дансанд шилжүүлнэ.Таны ММ дансанд орсон мөнгөн дүнгээр мэдэгдэл мессеж ирнэ.

  -Сар бүр хүний хөгжил сангийн мөнгө харилцагчийн ММ дансанд ороход харилцагчийн гар утсанд мессеж ирнэ гэлээ. Гар утсаар Хүний хөгжил сангийн мөнгөө авахад хэдэн төгрөгийн хураамж төлөх вэ?

  -Энэ оноос эхлээд иргэд банкнаас Хүний хөгжил сангийн мөнгөө авахад 250-300 төгрөгийн хураамж төлж байгаа. Төрөөс олгож байгаа 21000 төгрөг Таны ММ дансанд нэг хоног ч алдалгүй ороход 200 төгрөгийн үйлчилгээний хураамж л манай банкинд төлнө.

  -Одоогоор яг хэдэн хүн 21 мянган төгрөг авдаг вэ?

  -Нийт хүн амын 86 хувь буюу 2,3 сая гаруй иргэд  21 мянган төгрөг авдаг гэсэн мэдээ бий. “Хаан”, “Хадгаламж”, “Капитал” гэсэн гурван банк энэ мөнгийг өөрийн салбар, нэгжээр олгож байна. Сар бүр 2,3 сая хүнд энэ мөнгийг олгоно гэдэг банкны хувьд асар их ачаалал. Энэ ачааллыг багасгах, иргэдийн мөнгийг гар утсаар цаг алдалгүй, шуурхай олгох зорилгоор энэ шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн юм.

  -Хүний хөгжил сангийн мөнгийг банкууд виза картаар олгож байгаа. Энэ үйлчилгээ виза картаас ямар ялгаатай вэ?

  -Монгол улсын иргэн бүрт 21000 төгрөг олгох болсон нь  иргэдэд урт дараалал, банкуудад асар их ачаалал бий болгосон тухай өмнө хэлсэн. Энэ мөнгийг олгож байгаа банкуудын ихэнх  салбар, нэгж банкны бусад үйлчилгээг харилцагчидадаа үзүүлэхэд хүндрэлтэй болж ирсэн.  

Энэхүү үйлчилгээг үзүүлснээр Капитал банк иргэдэд чирэгдэл учруулахгүй шуурхай үйлчлэх, мөн нийт салбар, нэгжийн  ажлын ачаалал багассан.

ММ данстай  харилцагчид бэлэн бус гүйлгээг гэрээсээ, машин дотроос ер нь  хаанаас ч  хамаагүй, цаг хугацааг харгалзахгүйгээр хийж болно. Зөвхөн ММ данснаас бэлэн мөнгө авах, тушаах үед л гэр болон ажлынхаа ойролцоох Мост Монигийн төлөөлөгч дээр очно.

Мөнгөний хөгжлийн түүхийг авч үзэхэд мөнгө нь биет хэлбэрээс улам бүр боловсронгуй хэлбэрт шилжиж одоо болон ирээдүйн цахим хэлбэрт шилжиж байгаагийн нэг илрэл нь ММ дансны үйлчилгээ юм.

  -Иргэд мөнгөө сар бүр биш, бөөгнүүлж байгаад авахыг хүсвэл?

  -Хэрвээ иргэн мөнгөө авахгүй, хуримтлал үүсгэнэ гэсэн нөхцөлд Таны  ММ дансанд мөнгө нь хадгалагдах боломжтой. Таны ММ дансанд орсон мөнгөнөөс гар утасны төлбөр гэх мэт ямар нэг төлбөр тооцоог Таны зөвшөөрөлгүй хийх боломжгүй. Иймд мөнгө шилжүүлэх гүйлгээ хийгээгүй тохиолдолд таны гар утсанд мөнгө хуримтлагдаж байна. Иргэд энэ үйлчилгээг авахаар банкинд очих үедээ тухайн салбар, нэгжийн теллерээс зөвлөгөө сайн авах хэрэгтэй.

  -Мобифинанс бусад банктай хамтарч ажилладаг уу? Капитал банктай хамтарч ажиллаж байгаа нь юугаар давуу вэ?

  -Хүний хөгжил сангийн мөнгийг гар утсаар олгох үйлчилгээг Капитал анх нэвтрүүлсэн.Бусад банкинд энэ үйлчилгээ одоохондоо байхгүй.

  -Харилцагчидад хандан ямар зөвлөгөө өгөх вэ?

Цаг  алт болсон өнөө үед хүмүүс урт дараалалд бухимдан,  удаан зогсон цаг заваа дэмий үрэх хүсэлгүй болсон. Тухайлбал 21 мянган төгрөг олгож эхлэх үед урт дараалал бий болдог. Иймээс Та бүгд манай банкны энгийн хялбар бөгөөд найдвартай, шуурхай шинэ үйлчилгээг сонгож үйлчлүүлээрэй.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж