Ах, дүү Брайнууд 12 дахь цомоо гардлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Ах, дүү Брайнууд 12 дахь цомоо гардлаа

Талбайн теннисний оны дөрөвдэх “Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” наймдугаар сарын 27-нд эхэлсэн билээ. Тэмцээний 12 дахь өдөр болох өчигдөр эрэгтэйчүүдийн хосын төрлийн аваргууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн хосын шигшээ тоглолтод АНУ-ын ихэр ах, дүүс Боб Брайн, Мик Брайн нар тавд чансаалагдсан Энэтхэг болон Чехийн хосуудыг 6:3, 6:4-өөр буулган авч “Америкийн нээлттэй тэмцээн”-ий дөрөв дэх (2005, 2008, 2010, 2012) нийт “Их дуулга”-ын 12 дахь цомоо гардлаа. Хосын аваргууд тус бүр 420 мянган ам.доллар хүртэж чансааны 2000 оноо, дэд аваргууд 210 мянган ам.доллар хүртэж, чансааны 1200 оноо авч байна. Ах, дүүс энэхүү тэмцээнд чансааны хоёрт бичигдсэн бөгөөд Бээжингийн олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж тэд Лондонгийн олимпоос алтан медаль хүртсэн билээ.

Өчигдөр мөн эмэгтэйчүүдийн хагас шигшээгийн тоглолт болж дэлхийн манлай теннисчин Беларусын Виктория Азаренка, энэ жилийн “Уимбльдон”, Лондонгийн аварга АНУ-ын Серена Уильямс нар шигшээд шалгараад байна. Азаренка ОХУ-ын Мария Шарапоавг 3:6, 6:2, 6:4-өөр, АНУ-ын Серена Уильямс чансааны аравт бичигдсэн Италийн тэргүүн теннисчин Сара Эрринаг 6:1, 6:2-оор буулган авчээ. Италийн Сара Эррина ганцаарчилсан төрлийн шигшээд шалгарч чадаагүй ч хосын төрлийн шигшээд шалгараад байна. Италийн хосууд Чехийн хостой аваргын төлөө ирэх ням гаригийн шөнө тоглоно.

WTA-н чансааг тэргүүлж буй Беларусын Виктория Азаренкагийн хувьд энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж, Лондонгоос хүрэл хүртээд байна. Тэрбээр мөн Лондонгийн холимог хосын алтан медальтай.

АНУ-ын Серена Уильямс “Их дуулга”-ын 12 түрүү хүртэхдээ “Америкийн нээлттэй тэмцээн”-д хоёр удаа (2002, 2008) өнгөлж, өнгөрсөн жилийн шигшээд Стосурт ялагдаж байсан бол энэ жил дахин аваргын төлөө шалгараад байна. Серенагийн хувьд энэ жилийн “Уимбльдон”-д түрүүлж, Лондонгоос алтан медаль хүртээд байгаа. Мөн олимпийн наадмын хосын төрөлд эгч Винустай хослон тоглож алтан медаль хүртсэн билээ. Серена эгч Винустай хосын төрөлд тоглосон ч гуравдугаар тойрогт ОХУ-ын Кириленко, Петрова нарын хосод ялагджээ.

Өнөө шөнө эрэгтэйчүүдийн хагас шигшээгийн тоглолт болж шигшээд өрсөлдөх теннисчид тодорно. Энэ жил 131 дэх жилдээ зохиогдож буй тус тэмцээний шагналын сан 24 сая
ам.долларт багтаж байгаа бөгөөд ганцаарчилсан төрөлд түрүүлсэн эрэгтэй,
эмэгтэй теннисчид 1 сая 900 мянган ам.долларын шагнал хүртэх аж.



Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж