Охиныг үхэлд хүргэсэн нөхдөд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Охиныг үхэлд хүргэсэн нөхдөд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байгаа барилгын бетон зуурмаг шахагч унаж 12 настай бяцхан охины амийг авч одсон. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд буруутай этгүүдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Энэхүү ослын хэрэгт гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тодруулбал, зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн. Мөн барилга бариулж буй байгууллага, гүйцэтгэгч компани, цемент нийлүүлж байсан компаниудыг шалгаж байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ослын шалтгааныг шалгаж тогтоон манайд мэдэгдэх ёстой. Хэрэгтэй гэж үзвэл дээрхи байгууллагын холбогдох хүмүүсийг нэмж сэжигтэнээр татан, эрүүгийн хэрэг үүсгэнэ” гэсэн юм.  

Эрүүгийн хуулийн 183.1-дэх заалтад “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж