Амьдралын боломжгүй иргэдэд 21 мянган төгрөг олгоё гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Амьдралын боломжгүй иргэдэд 21 мянган төгрөг олгоё гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд 21 мянган төгрөгтэй холбоотой асуудлыг түлхүү хөндлөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт сар тутамд олгож ирсэн 21 мянган төгрөгийг амьдралын боломжгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ олгоё. Ингэхгүй бол эл мөнгөөр амьдралаа залгуулж ирсэн олон өрх бий. Тиймээс хүүхдийн мөнгөнөөс гадна эл саналыг дэмжиж төсвийн тодотголд хөрөнгийг суулгаж өгөх шаардлагатай байна гэв. Судалгаагаар улсын хэмжээнд 220 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн тооцоо байдаг аж. Тиймээс 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох шаардлагатай байна гэлээ.

Мөн хэлэлцүүлгийн шатанд гадаад орчинд эдийн засгийн тогтворгүй байдал давамгайлж зарим улс орнууд бүсээ чангалан өр зээлэндээ баригдаж байхад Монгол Улс ч бас энэ бүхнийг анхаарах ёстой болж буй тухай УИХ-ын гишүүн Н.Энхболд хөндлөө. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг өмнөд хөршөөс их хамааралтай, дээр нь хойд хөршийн эдийн засгийн байдал бас тогтворгүй байгаа. Ийм үед төсвийн алдагдлыг таван хувиас хэтрэх байдлаар төлөвлөөд буй нь дотооддоо төлөвлөлтийг маш сайн хийхгүй бол эдийн засагт хүндрэл авчирна” гэсэн юм. Үүнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Гадаад нөхцөл байдал амаргүй байгаагаас зэс, нүүрс зэрэг бүтээгдэхүүний эскпортын хэмжээ буурч, тэр хэрээр төсвийн орлого буурч байгаа. Тухайлбал, Хүний хөгжлийн сангийн орлого 44 тэрбум, Тогтворжилтын сан 222 тэрбум төгрөгөөр тус бүр буурна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголд төсвийн алдагдлыг ДНБ-ийн 4.9 хувиас хэтрүүлэхгүй гэж тусгасан. Тийм учраас байнгын хорооны төвшинд асуудлыг ярилцаад таван хувиас хэтрүүлэхгүй байх талд анхаарч байна. Ер нь хямрал айсуй гээд нэг талаас хөрөнгө оруулалтыг хэт хумивал бизнесийн эргэлтэд сөрөг нөлөө үзүүлэх гэхчлэн олон сөрөг үр дагавар дагуулах талтайг онцоллоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж