Цахим үнэмлэхээ авсан уу?

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхээ авсан уу?

Шинэчлэгдэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрт дөрвөн зэрэглэлийн 14 нууцлалтай, тухайн хүний талаарх мэдээллийг багтаасан чип бүхий цахим иргэний үнэмлэхийг сонгуулийн өмнөөс олгож эхэлсэн. Шинээр нэвтрүүлж буй иргэний цахим үнэмлэх нь лазерь тэмдэглэгээ, солонгон болон мушгирсан хээн хэвлэл, нэвт харагдах зураг бүхий цонх гээд л хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид үндэслэсэн нууцлалтай. Тэрхүү чипд өмнөх иргэний үнэмлэх дээр байдаг овог нэр, регистрийн дугаар, гарын үсэг орчин суугаа хаягаас гадна хурууны хээ мэт нарийн зүйлсийг багтах бөгөөд Поликарбонат гэдэг материалаар хийсэн тул 10 жил хүртэлх хугацаанд хэрэглэж болох юм. Ингээд өнөөдрийн байдлаар цахим үнэмлэх хэвлэх, олгох ажлын явцыг сонирхлоо.

Нэг сая гаруй иргэний цахим үнэмлэхийг хэвлээд байна

Цахим үнэмлэх хэвлэх ажлыг долдугаар сарын 16-наас эхлүүлээд байгаа. Өчигдрийн байдлаар нийт  нэг сая 249216 иргэний цахим үнэмлэхийг хэвлэж дууссан байна. Орон нутгийн тухайд 16 аймгийн цахим үнэмлэхийг бүрэн хэвлэж дууссан бөгөөд нийслэлийн есөн дүүргээс гурван дүүргийн цахим үнэмлэхийг хэвлэж дуусчээ. Одоогоор Баян-Өлгий аймгийн цахим үнэмлэхийг хэвлэлт үргэлжилж байгаа гэнэ. Булган Орхон аймгаас бусад аймагт хэвлэсэн цахим үнэмлэхийг олгож эхэлсэн байна. Цахим үнэмлэх олголтод ямар нэгэн алдаа гарахгүй бол орон нутгийн цахим үнэмлэх есдүгээр сарын 26 гэхэд харин нийслэлийн иргэдийн цахим үнэмлэх аравдугаар сарын 1-нд хэвлэж дуусгах аж. Хамгийн өндөр хувьтайгаар цахим үнэмлэх олгож буй аймгуудыг дурьдвал, Дорнод аймгийн иргэдийн 72,4 хувь, Өмнөговь аймаг 61.9 хувь, Сүхбаатар аймгийн 52.1 хувь нь үнэмлэхээ авсан байна. Харин Баянзүрх, Баянгол дүүргүүд нийт иргэдийнхээ 17 хувьд нь иргэдийн цахим үнэмлэхийг олгожээ.

Цахим үнэмлэхний үнэ тодорхойгүй байна

Цахим үнэмлэх хэвлэлт, олголтод багагүй төөрөгдөл, асуудал, асуулт дагуулсаар байгаа. УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүнээс цөөн асуултыг тодрууллаа.

-Цахим үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн иргэд цөөнгүй байна. Эдгээр иргэд үнэмлэхээ яаж авах вэ?

-Засгийн газар цахим үнэмлэхний үнийг хараахан хэлэлцэн тогтоогоогүй байна.  Эхний удаад бүх иргэнд цахим үнэмлэхийг үнэгүй олгож эхэлсэн. Гэвч тухайн иргэн оршин суугаа хаягаа сольсон, цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн бол дахин төлбөр төлж авах ёстой.

-Урьд нь хаяг шилжсэн тохиолдолд иргэний үнэмлэхний ард шинэ хаягыг бичиж наадаг байсан.  Шинэ цахим үнэмлэхийг хэрхэх вэ? 

-Шинэ цахим үнэмлэх нь тусгай төхөөрөмжид уншигдах учир ямар нэгэн зүйл нааж болохгүй.

-Нүүх бүртээ шинээр цахим үнэмлэх авна гэсэн үг үү?

-Засгийн газраас тухайн иргэний ямар мэдээллийг ил байлгах алиныг нь нууцлахыг тодорхой зааж өгсөн. Мөн иргэний оршин суух хаягийг үнэмлэхний гадна талд байрлах нь зөв гэж шийдвэрлэсэн.

-Тодруулбал?

-Манай улс хилийн 25 боомттой.БНХАУ, ОХУ-ын хилээр нэвтрэхдээ хялбаршуулсан хуудас цаасаар хил нэвтрэх цаас бөглөж гардаг. Хил дээр тухайн  хүний улс, аймаг дүүргийг иргэний үнэмлэхнээс хардаг. Хилийнхэнд цахим үнэмлэхийг унших тоног төхөөрөмж хараахан байхгүй тул ийм шийдвэр гаргасан болов уу.

 -Цахим үнэмлэх олгож байгаатай холбоотойгоор иргэдээс багагүй гомдол ирж байна.  Жишээлбэл, нөхрийг нь хуучин хаяг дээр нь харин эхнэрийг нь шинэ хаяг дээр бүртгэсэн шинэ цахим үнэмлэх гарсан байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Цахим үнэмлэх нь буруу хаягаар хэвлэгдсэн бол хэн, хэдэн ам бүлтэй байж байгаад хэзээ бүртгүүлсэн гэдгийг тодорхой бичиж өргөдөл өгөх хэрэгтэй. Манай байгууллага үүнийг шалгаж, шийдвэрлэх болно. Хэрвээ цахим үнэмлэх дээр нь манай ажилтны буруугаас цахим үнэмлэх нь буруу хаягаар хэвлэгдсэн бол бид үнэ төлбөргүй хэвлэж өгнө.

-Цахим үнэмлэх хэвлэлтэд иргэнээс шалтгаалаагүй зөрчил илэрсэн бол хаана хандах хэрэгтэй вэ?

-Манай газрын дарга нар ажлын өдрүүдэд цаг харгалзахгүйгээр иргэдийг хүлээн авч уулзана. Ерөнхий газрын дарга, дэд дарга нар иргэд хүлээн авах цаг гаргасан байна. Энэ үеэр иргэд ирж уулзан, өргөдөл гомдлоо өгч болно.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж