БНИУ-ын Ерөнхийлөгчийг угтах ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

БНИУ-ын Ерөнхийлөгчийг угтах ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өөрийн нь урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Сусило Бамбанг Юдоёоног  угтах ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. 

Монгол, Индонезийн төрийн далбаа мандуулсан Сүхбаатарын талбайд Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Сусило Бамбанг Юдоёоно, гэргийн хамт   хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсаж, хоёр улсын сүлд дуулал үлээвэр найрал хөгжимд  эгшиглэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  гэргийн хамт  эрхэм зочдыг угтан авч мэндчилэв. 

Энэ үеэр Монгол үндэсний хувцастай хүүхдүүд Бүгд  Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Сусило Бамбанг Юдоёоно, гэргий Эрхэмсэг хатагтай  Ани Бамбанг Юдоёоно нарт амьд цэцгийн баглаа өргөн барилаа. 

Хоёр Ерөнхийлөгч гэргий нарын хамт дурсгалын зураг авахуулав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Эрхэмсэг Хатагтай Хажидсүрэнгийн Болормаа, Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Сусило Бамбанг Юдоёоно, гэргий Эрхэмсэг хатагтай Ани Бамбанг Юдоёоно нар Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Сусило Бамбанг Юдоёоно Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, төрийн ордны баганат танхимд Ерөнхийлөгч нар гэргийн хамт мөн дурсгалын зураг авахуулав.
 
Эрхэм зочдыг угтан авахад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, албаны бусад хүн байлаа.





Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж