БНХАУ медалийн тоогоор тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

БНХАУ медалийн тоогоор тэргүүлж байна

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн паралимпийн XIV наадам өндөрлөхөд дөрөв хоног үлдээд байна. Энэ удаагийн наадамд Олон улсын паралимпийн хорооны 165 гишүүн орны 4200 тамирчин спортын 20 төрөлд 503 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Манай улс энэ удаагийн наадамд жудо бөх (-60 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Д.Ганбат), байт харваа (Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ), пара буудлага (Ц.Лхамсүрэн), хөнгөн атлетик (Ч.Мөнх-Эрдэнэ) гэсэн дөрвөн төрөлд зургаан тамирчин оролцож байгаагаас хөнгөн атлетикийн жад шидэлтийн төрөлд оролцох Ч.Мөнх-Эрдэнийн тэмцээн үлдээд байна. Тэрбээр хаалтын өмнөх өдөр болох есдүгээр сарын наймны өдөр тэмцээндээ оролцоно.

Манай баг тамирчдаас хамгийн өндөр амжилтыг байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа үзүүлээд байна. Тэрбээр тэмцээний эхний өдөр (08.30) хувийн урьдчилсан харваанд 524 оноогоор 19 тамирчнаас VIII байраар шалгарсан. Улмаар хасагдах шатанд Тайландын тамирчинг 6:4 (25:26, 26:26, 22:21, 25:25, 26:20), Хятадын тамирчинг 6:0 (25:24, 24:21, 24:21)-оор ялалт байгуулснаар хагас шигшээд шалгарсан юм. Тэрбээр мөнгөн медалийн төлөө "Бээжин-2008" паралимпийн аварга, дэлхийн хошой аварга БНСУ-ын тамирчин Ли Хва Сүктэй оноолт таарч 3:7(23:27, 26:26, 24:17, 20:24, 23:25)-аар ялагдсан боловч хүрэл медалийн төлөө Польшийн тамирчинтай учраа тааран 2:6 (23:20, 23:25, 22:24, 26:28)-аар ялагдал хүлээж шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Энэ төрөлд өрсөлдсөн ОУХМ Б.Оюун-Эрдэнийн хувьд урьдчилсан харваанд  516 оноогоор XI байраар шалгараад байсан бөгөөд хасагдах шатанд VI байраар шалгарсан Их Британы тамирчинтай оноолт таарч, 2:6 (23:27, 23:25, 24:20, 23:24)-ийн харьцаагаар ялагдсан.

Жудо бөхийн төрөлд -60кг-д А.Мөнхбат IX байр, -90 кг-д Д.Ганбат VII байр, эмэгтэйчүүдийн P2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд Ц.Лхамсүрэн  XIV байрт шалгарлаа.

Монголын паралимпийн баг тамирчид 2000 онд Австралийн Сидней хотноо зохиогдсон XI наадмаас гараагаа эхэлсэн түүхтэй. 2004 онд Афин хотноо болсон XII наадамд хөнгөн атлетикч Ж.Лхагважав холын зайн уралдаанд шагналт байр эзэлсэн бол “Бээжин-2008” XIII наадмаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав байт харваанд аваргалж, анхны медалийг авчирсан байна.

Долоон өдрийн дараах байдлаар 69 улс ямар нэгэн медаль хүртээд байгаагаас БНХАУ (60 алт, 50 мөнгө, 49 хүрэл), ОХУ (28+25+20), Их Британи (25+36+31) улсууд медалийн тоогоороо тэргүүлж байна.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж