Тавантолгойгоос иргэд 538 хувьцаа эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Тавантолгойгоос иргэд 538 хувьцаа эзэмшинэ

Тавантолгойн орд газраас монгол хүн 550 ширхэг хувьцаа эзэмшинэ гэж бид алгаа тосон хүлээж байгаа. Гэхдээ хэрхэн олгох, анхны буюу нэрлэсэн үнэ хэд байх бүр цаашилбал, хувьцаагаа зарж борлуулж, бэлэглэж, өвлүүлж болох уу гэх мэт асуулт тодорхойгүй байгаа. Тэгвэл эдгээр асуудлыг лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн тогтоно гэж байсан юм. Хэвлэлийнхны анхаарлыг татаад байсан хуралдаан ажлын цаг өндөрлөтөл үргэлжилж, асуудлыг эцэслэн шийдээгүй маргааш үргэлжлүүлнэ гэсэн сураг сонсогдоод өнгөрөв. Засгийн газрын хуралдааны албан мэдээнд ч энэ талаар ямар нэгэн үг, өгүүлбэр байсангүй. Өнөөдөр 10.00 цагт Засгийн газар дахин хуралдаж асуудлаа шийдээд дараа нь Ерөнхий сайд С.Батболд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн тов байна. Хуралдаанд танилцуулснаар бол иргэдэд 550 биш 538 хувьцаа олгоно гэжээ. Энэ ч яах вэ хувьцааны 10 хувийг 2,7 сая иргэндээ нарийвчлан хуваагаад гаргасан тоо байх. Харин нэрлэсэн үнийг нарийвчлан тогтоогүй гэж албаны эх сурвалж мэдээллээ. Засгийн газрын хуралдааны дараа ажлын хэсэг шөнө дөл болтол үргэлжлүүлэн хуралдсан. Тэд нэрлэсэн үнийг нарийвчлан ярилцаад Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэж байгаа бол энэ хуралдаанаар зөвхөн иргэдэд олгох хувьцааг хэрхэн батламжлах, баталгаа бичгийг яаж олгох гэх мэт асуудлыг л шийдвэрлэнэ. Харин хувьцааны үнийг жичдээ шийднэ гэсэн мэдээлэл бас байна.

А.АНУ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж