IPTV дуу, дүрсний гайхамшгийг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

IPTV дуу, дүрсний гайхамшгийг мэдрүүлнэ

Монголын телевизийн салбарыг HD телевизийн шинэ эрин рүү хөтөлж байгаа
IPTV болон Гурвалсан үйлчилгээ нь сүүлийн үед олон нийтийн сонирхлыг
ихээр татаад байгаа. Хэрэглэгчдийн зүгээс хамгийн их сонирхож мэдээлэл
авахыг хүссэн сэдвийн дагуу “Юнивишн” компанийн Маркетингийн албаны Олон
нийттэй харилцах мэргэжилтэн Г.Оюунчимэгтэй ярилцлаа.
-IPTV гэж ямар үйлчилгээг хэлж байна вэ. HD-ээр нэвтрүүлгээ цацдаг телевизийн шинэ суваг гэж ойлгож болох уу?

-IPTV нь телевизийн сувгийг өндөр нягтрал буюу HD форматаар дамжуулж
үзэгчдэд  хүргэх боломжтой шинэ дэвшилтэт систем юм. Монголын телевизийн
салбарын хүмүүст төдийгүй энгийн үзэгчдийн хувьд цоо шинэ зүйл болохоор
хүмүүс телевизийн сувагтай андуурч ойлгож байж магадгүй юм. Кабелийн
телевизтэй төстэй ч, үзэгчид өмнө нь телевизийг аналоги системээр хүлээн
авч үздэг байсан бол IPTV-г гэртээ тавиулснаар телевизийг тоон
системээр, тэр дундаа өндөр нягтралын HD форматаар, Dolby Surround
дуугаралттайгаар үзэх боломж нээгдэж байгаа юм. IPTV нь одоогийн
байдлаар Монголын болон дэлхийн шилдэг 90 сувгийг дамжуулж үзэгчдэдээ
хүргэж эхлээд байна. Юнивишн компани эдгээр сувгуудтай гэрээ хийж албан
ёсны зөвшөөрлийн дагуу олон нийтэд хүргэж байгаа. Энэхүү шинэ системийг
ашиглан телевиз үзэгч нь үзэхийг хүсэж байгаа нэвтрүүлгээ цаг завтай
болсон үедээ үзнэ гэхчлэн олон дэвшилтэт талуудтай.

-Үзэж буй нэвтрүүлгээ шууд зогсооно, эхнээс нь дахиж үзэж болно гэхээр сонирхолтой санагдаж байна. Энэ талаар сонирхуулаач?

-Телевизид цоо шинээр орж ирж буй хэрэглэгчдийг гайхашруулсан эдгээр
ойлголт нь IPTV технологийн бас нэг гайхамшигт давуу тал юм. Хэрэглэгчээ
дээдэлсэн, тэдний цаг завыг хэмнэсэн олон нэмэлт үйлчилгээнүүд IPTV-д
багтаж байгаа. Мөн үзэхийг хүсээгүй сувгаа хязгаарлах гэхчлэн олон
боломж бий.

-Тэгвэл хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болохуйц нэвтрүүлгийг хянах боломжтой гэсэн үг үү?

-Тиймээ. Эцэг эхчүүд хүүхдэдээ зориулан зөвхөн сонгосон сувгуудыг үзэх
боломжтой тохиргоо хийж болно. Ингэснээр тэдний үзэж байгаа кино ба
нэвтрүүлгийн агуулгыг шууд хянах боломжтой юм. Үүнээс гадна хэрвээ таны
хүүхэд гэрийн даалгавраа хийх цагаараа дуртай кино, нэвтрүүлгээ үзэхийг
хүсч, шаардаад байвал тухайн нэвтрүүлгийг даалгавраа хийснийх нь дараа 
нөхөж үзүүлэх боломжтой.

-HD формат гэж ямар формат юм бэ?

-HD гэдэг нь дүрсийг илүү өндөр чанартай дамжуулах, хүлээн авах формат
юм. Бидний одоо хэрэглэж буй дүрс дамжуулах формат нь Standard
Definition буюу 720*480 харьцаатай байдаг бол HD буюу High Definition
формат нь 1920*1080 харьцаатай юм. Энэ нь хэрэглэгч ердийн телевизээс
дуу, дүрсний чадвараараа зургаа дахин сайжруулсан телевиз үзнэ гэсэн үг.
Уг нь бид хэдэн жилийн өмнөөс гэртээ Full HD зурагт ашиглах болсон ч
Монголын телевизийн систем хэрэглэгчдэдээ HD форматаар дүрсээ дамжуулан
хүргэх боломжгүйгээс нэвтрүүлгүүдийг HD-ээр үзэж чаддаггүй, өндөр
үзүүлэлттэй зурагтаа бүрэн боломжоор нь ашиглаж чаддаггүй байлаа. Харин
одоо IPTV бий болсноор үзэгчид HD форматаар телевизийн нэвтрүүлгийг
хүлээн авах боломжтой болж байна.

-Тэгэхээр IPTV-ээр цацагдаж буй бүх л сувгууд HD форматтай гэсэн үг үү?

-HD технологи нь монголын төдийгүй дэлхийн телевизийн салбарт нэвтрээд
хараахан удаагүй байгаа технологи учраас одоогоор манай IPTV-ээр дамжиж
буй сувгуудын 12 нь HD форматаар нэвтрүүлгээ бэлдэж дамжуулж байгаа. 
Одоогоор дотоодоос “Монгол телевиз” энэ форматаар нэвтрүүлгээ бэлдэж
байна. IPTV нь өөрөө телевизийн суваг биш дамжуулах тогтолцоо учраас
хэрэглэгчдийн хүсэлт, шаардлагын дагуу дотоодын телевизүүд HD форматаар
нэвтрүүлгээ бэлтгэх тогтолцоо руу аажмаар шилжих байх. Тэгээд ч Засгийн
газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Радио, телевизийн
өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг
орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ" гэж заасан байгаа. Үүний
дагуу манай зарим телевиз аналоги системээс тоон системд шилжих бэлтгэл
ажлыг хийж эхэлсэн сайхан мэдээ байна. Өмнө нь манайд HD форматыг
дамжуулах дэд бүтэц байгаагүйгээс дотоодын телевизүүд HD форматаар
нэвтрүүлгээ бэлтгэдэггүй байсан.

-Гадаадын ямар шилдэг сувгууд байгаа вэ. Сувгийн тоо цаашдаа нэмэгдэх болов уу?

-Дэлхийд алдартай киноны суваг болох HBO-ийн багц сувгууд, загвар болон
амьдралын хэв маягийг агуулсан нэвтрүүлгүүдийг хүргэдэг Fashion one,
Fashion TV, Luxe, дэлхийн тэргүүлэх баримтат киноны суваг болох
Discovery world, Nat geo wild, хөгжмийн I-concert, гайхамшигт түүх
соёлыг үзүүлэх History asia гэх зэрэг гэр бүлийн бүхий л гишүүдийн
сонирхлыг татахуйц HD сувгуудаас гадна спортын, энтертайнмент, хүүхдийн,
мэдээний бусад шилдэг сувгууд байгаа. Сувгийн тоогоо жил бүр тогтмол
нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд үзэгчдийнхээ үзэхийг хүссэн
спортын, энтертайнмент болон бусад чиглэлийн олон сувгуудтай гэрээ хийж
хамтарч ажиллах болно.

-Шинэ систем видео сантай гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-IPTV-ийн нэг нэмэлт үйлчилгээ болох Видео сан нь урьд өмнө Монголын
телевиз үзэгчдийн хүртээл болж амжаагүй бас нэг цоо шинэ боломж байгаа
юм. Танай гэрийн телевизийн дэлгэц дээр гарч ирэх видео санд дэлхийн
болон Монголын дэлгэцийн сор болсон кино, концерт, дуу хөгжим, спортын
уралдаан тэмцээн гэх мэт олон төрлийн контентууд агуулагдах бөгөөд үзэгч
хүссэн үедээ өөрийн сонгосон төрөл жанраас сонгон үзэх боломжтой. Видео
сангаас сонгон үзэж буй контентоо ухрааж, зогсоож, гүйлгэж үзэх
боломжтой бөгөөд хэрэглэгчид дуу, дүрсний гайхамшгийг мэдрэх болно.

-IPTV, интернэт, суурин утас гэсэн гурвалсан үйлчилгээнээс хэрэглэгч хоёрыг нь, эсвэл аль нэгийг нь сонгож авах боломжтой юу?

-Гурван үйлчилгээг гурвалсан хэлбэрээр нэг зэрэг таны гэрт хүргэж байгаа
нь зөвхөн биднээс танд санал болгож буй давуу тал бөгөөд та хүссэн нэг,
эсвэл хоёр үйлчилгээгээ сонгож авах бүрэн боломжтой.

-Интернэт, суурин утасны үйлчилгээ нь ижил төрлийн бусад үйлчилгээнээс юугаараа давуу талтай вэ?

-Айл өрх болон албан байгууллагад хамгийн багадаа нэг мегабайт хурдаар
интернэтийг хүргэх юм. Мөн утасгүй Wi-Fi орчин үүсгэж нөүтбүүк, i-pad
болон гар утсаараа интернэтэд холбогдох боломжийг хэрэглэгчдэд олгоно.
Харин  суурин утасны үйлчилгээ нь Монголын суурин утасны зах зээл дэх
хамгийн хямд ярианы тарифыг санал болгож байгаа бөгөөд шөнийн цагаар
сүлжээндээ үнэгүй ярих боломжтой. IP дэвшилтэт технологид суурилсан утас
учраас хэрэглэгч нь уламжлалт суурин хэлбэрээс гадна зөөврийн хэлбэрээр
интернэт холболттой хаанаас ч газарзүйн байршил харгалзахгүй өөрийн
дугаараа ашиглан дуудлага хийж болно.

-Суурин утасны аппарат нь ямар байх бол заавал IP аппараттай байх ёстой юу?

-Заавал IP аппарат шаардахгүй. Энгийн болон IP аппаратны аль алийг нь хэрэглэх боломжтой.

-Wi-Fi хэрхэн цацах вэ?

-Гурвалсан үйлчилгээний төхөөрөмж нь өөр дээрээ тухайн орчныг утасгүй
интернэтийн бүс болгох үүрэг бүхий нэмэлт төхөөрөмжтэй юм. Тиймээс
гэрийнхээ хаанаас ч, тагтан дээрээсээ ч интернэтэд холбогдох боломжтой
болно.

-Энэхүү үйлчилгээг хамгийн хямддаа хэдэн төгрөгөөр авах боломжтой вэ?

-Гурвалсан үйлчилгээний гурван төрлийн багцыг санал болгож байгаа.
Классик багц гэж бий. Энэ нь сард 29 мянган төгрөг болно. Энэ багц нь
нэг мегабайтын хурдтай интернэт, сарын суурь хураамжаас чөлөөлөгдсөн,
шөнийн цагаар сүлжээндээ үнэгүй ярих суурин утасны хэрэглээ, зургаан HD,
64 энгийн суваг бүхий IPTV үйлчилгээг ашиглах боломжийг олгоно.

-Гурвалсан үйлчилгээг гэртээ авснаар нэмэлт боломжууд нь юу байх бол?

-Хэрэглэгч нь телевизийн хөтөлбөрийг 72 цаг ухраан үзэж амжаагүй
нэвтрүүлгээ нөхөн үзэж болно, дуртай киногоо үзэж байтал яаралтай ажил
гарвал түр зогсоогоод, үргэлжлүүлэн үзэж болно. Өмнө нь хэрэглэгчид
кабелийн телевизийг нэг байгууллагаас, суурин утасны үйлчилгээг өөр нэг
байгууллагаас, интернэтийн үйлчилгээг гурав дахь газраас авч гэр лүүгээ
олон төрлийн кабелийн утас татуулан, төлбөр төлөх, үйлчилгээний талаар
нэмэлт тодруулга авах гэж зардал, чирэгдэл болдог байсан бол одоо уг
гурван үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байгаа зэрэг олон олон
дэвшилтэт боломжуудыг олгож байгаа.

-Хэрэглэгчийн байр хамрах хүрээнд ороогүй бол уг үйлчилгээнд хамрагдаж болох уу?

-Манай үйлчилгээг авахыг хүссэн хүмүүс лавлах төвд олноор хандаж байгаа
учраас бид тухайн хэрэглэгчид үйлчилгээгээ аль болох түргэн шуурхай
хүргэхийг зорин ажиллаж байгаа. Бид хэрэглэгчийн хүсэлтийн дагуу таны
оршин суугаа газар, хаягийг албан ёсны бүртгэлдээ оруулаад хамрах
хүрээнд орсон бол хоёр хоногт багтаан үйлчилгээгээ хүргэж байгаа. Хэрвээ
хамрах хүрээнд хараахан ороогүй бол шилэн кабелийн сүлжээ суурилуулах
ажлаа эхлүүлнэ. Уг ажил нь олон талын хүчин зүйлээс шалтгаалсан цогц
ажил байдаг бөгөөд тодорхой цаг хугацаа шаарддаг гэдгийг хэрэглэгчид
маань ойлгоосой гэж хүсэж байна. Одоогийн байдлаар манай сүлжээ
нийслэлийн 40 мянган өрхөд хүрээд байна. 2011 оны эцэс гэхэд нийслэлийн
өрхийн 80 хувьд нь сүлжээгээ хүргэх зорилттой ажиллаж байгаа.  Тиймээс
хараахан сүлжээ ороогүй байгаа ч хэрэглэгчид манай үйлчилгээний төвд
хандаж захиалгаа өгч болно.

-Ярилцлагын төгсгөлд хэрэглэгчдэд хандан хэлэх үг байгаа юу?

-Хэрэглэгч та бүгдийн санал, сэтгэгдэл, шүүмжлэл бидний ажилд эрч хүч,
урам зориг, зөв зүг чигийг өгдөг учраас бид цаашдаа хэрэглэгчидтэйгээ
улам ойртож, санал хүсэлтийг нь үйл ажиллагаандаа тусган авч хэрэгжүүлж
байх болно. Бидэнтэй санал, сэтгэгдлээ хуваалцаж дээрх асуулт,
саналуудыг ирүүлсэн Та бүхэндээ баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж