Энэ зуны дундуур Гренландын эрэг орчим “Терра Нова” хөлгийн
сэгийг илрүүлсэн талаар мэдээллээ. Уг хөлөг онгоцоор 100 гаруй жилийн
өмнө Английн иргэн Роберт Скотт Өмнөд туйлд хүрсэн түүхтэй. Дэлхийн
хүрэхэд хамгийн бэрх цэгт хийсэн аяллуудын талаар энэ олдвор дахин
сануулж, олон түмний сонирхолыг өдөөж мэднэ. Өмнөд туйл руу хийсэн
Скоттын аялал тун эмгэнэлтэйгээр төгссөн билээ.
20 дугаар зууны эхэн үед дэлхийн газрын зураг дээр хүний хөл тавиагүй
гэж тэмдэглэсэн хоёр том цагаан толбо нь Өмнөд болон Умард туйлууд
байв. Энэ хоёр туйлд хүрч чадсан тохиолдолд Газарзүйн аугаа нээлтийн
эрин үе төгсгөл болж хүн төрөлхтөнд зөвхөн сансарт хүрэх боломж үлдэх
байлаа.
Эдгээр цагаан толбыг “арилгаж” чадах эрх Англид л ногдож буй гэдэгтэй
хүн бүр дотроо санал нийлж байв. Учир нь 19 дүгээр зуунд аугаа энэ
гүрний хөлөг онгоцууд Энэтхэгээс авахуулаад Хойд Америк хүртлэх дэлхийн
олон орон руу явдаг байсан юм. Үүнээс гадна өндөр өртөгтэй аяллыг зохион
байгуулах хөрөнгө мөнгө зөвхөн англичуудад л байсан. Мөн гагцхүү энэ
улсын тэнгисийн офицерууд л аялахын хажуугаар судалгаа шинжилгээний
ажлыг явуулахад бэлэн байлаа. Түүнчлэн Хатан хааны дэргэдэх Газарзүйн
нийгэмлэгтэй энэ зэрэгцэх байгууллага тухайн үед ганц ч байсангүй.
Гэлээ гэхдээ 19 дүгээр зууны сүүлчээс 20 дугаар зууны эхэн үед
дэлхийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээх хүсэл бусад оронд ч бас байгаа нь
илт байв. Далайд гарцтай гэх орнууд, тэр дундаа Итали, Оросын хаант
засаг, тэр бүү хэл Япон улс хүртэл Антарктид болон Умард туйл руу
судалгаа шинжилгээний баг илгээх болжээ. Гэхдээ л англичуудтай тэд
өрсөлдөж чадаагүй. Харин саяхан л Английн колони байсан АНУ болон 1904
оноос эхлэн дэлхийн газрын зураг дээр бие даасан улс гэж тэмдэглүүлэх
болсон Норвеги улс хоёр л англичуудын гол өрсөлдөгч нь болсон түүхтэй.
Норвегичууд 19 дүгээр зууны сүүл үеэс эхлэн Умард туйлыг судалж
эхэлснээр тогтохгүй 1893-1896 онд Фритьоф Нансен өөрийн “Фрам” хөлөг
онгоцоо туйлын мөсөнд хөлдөөн урсгалаар нь явуулах туршилт хийсэн нь
Умард туйлд хүрэх асуудалд жинхэнэ хувьсгалыг хийж чадсан байдаг. Дээрх
туршилтын үр дүнд Нансен хойд өргөрөгийн 86 хэм 13 минутын цэгт хүрч
чадсан ч харамсалтай нь туйл орчмын усны урсгал “0 цэг”-ээр дайрдаггүй
тул үүнээс цааш явж чадаагүй юм. Үргэлжлүүлээд чаргаар аялах гэхэд
хөрөнгө мөнгө байсангүй.
Гэсэн ч Нансений багийнхан Умард туйлд хүрэх замыг нэгэнт нээсэн
учраас 12-13 жилийн дараа тэнд хүн үнэхээр хүрч чадсан юм. Харин
Америкийн иргэн Роберт Пири нээсэн үү эсвэл Нансений нутаг нэгт Фредерик
Кук нээсэн үү гэдэг нь одоо ч маргаантай байдаг тул Умард туйлыг нээсэн
тодорхой огноог ч хэлж чадах хүн алга.
Английн Умард туйл судлалын багт 1875-1876 онд ажиллаж байгаад Хатан
хааны Газарзүйн нийгэмлэгийг удирдах болсон Клемент Маркем “0 цэгт”
хүрэх огтоос боломжгүй зүйл гэж үздэг байсан тул Умард туйлд хүрэх
аяллыг уг нийгэмлэг ийн анзаараггүй өнгөрөөсөн бол харин Өмнөд туйлд
гагцхүү англичууд л хүрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байлаа. Учир нь
1901-1904 онд Үндэсний Антарктид судлалын багийн офицерууд л өмнөд
өргөрөгийн 82’11 хэмд хүрсэн бол 1909 онд Роберт Скоттой хамт ажиллаж
байгаад дараагаар өрсөлдөгч нь болсон Эрнест Шелктон Антарктидад хамгийн
ойр буюу 180 км-ийн наана, өмнөд өргөрөгийн 88’23 хэмд хүрч чадсан
байв.
Умард туйлын төлөөх өрсөлдөөн
Дараагийн багийнхан буюу Роберт Скоттын “Терра Нова”-аар хийх аялал нь англичууд л Өмнөд
туйлд хүрсэн гэх нэр төрийг хамгаалах явдал байлаа. Өмнөд туйл руу
явж байх замдаа Скотт өрсөлдөгчтэй болсноо мэджээ. Тухайн үед Нансений
“Фрам” хөлөг онгоцоор Норвегийн иргэн Руаль Амундсен нууцаар Өмнөд туйлд
хүрэх аяллаа эхлүүлсэн байв. Амундсен олны хэл амаас зайлсхийж, тэр
утгаараа санхүүжилтээ алдахаас эмээн аяллын зорилгоо багийнхнаасаа
хүртэл нууцалсан байсан тул хамт явсан хүмүүсийн олонх нь “Фрам” хөлөг
онгоцоор Умард туйл хүрэхээр явж байна гэж бодож байсан гэдэг.
Үнэндээ ч энэ өрсөлдөөнд Амундсен ялалт байгуулж Өмнөд туйлд Скоттоос
сар гаруйн өмнө хүрэлцэн очжээ. Ингэхдээ нохойнуудыг эс тооцвол
норвегичууд бүрэн бүрэлдэхүүнээрээ нутаг буцаж чадсан бол “Терра Нова”
хөлөг ахмадаа болон хэд хэдэн туслахаа алдсан юм. Скотт хөлөг онгоц руу
хүрэх замдаа осгон, хоол хүнсээр гачигдсандаа турж эцэн, чийг бам өвчин
тусч нас баржээ.
Эрдэмтэд өнөөг хүртэл Скоттын багийнхны үхэлд Амундсен буруутай
гэдэгт маргалдсаар байдаг. Мэдээж хэрэг, Өмнөд туйлд Норвегийн туг
намирч байхыг хараад англичууд сэтгэл зүйн маш хүнд дарамтад орсон нь
лавтай. Ялангуяа Антарктидын нөхцөлд иймэрхүү байдалд орсон хүнд юм
бүхэн учир утгагүй санагдаж амиа хорлох нь энүүхэнд байдаг ажээ.
Амундсен ямар нэгэн байдлаар англичуудын өмнө буруутай байж болох ч тэд
өөрсдөө түүнээс дутуугүй буруутай. Учир нь Скотт аяллынхаа явцад маш
олон алдаа гаргасан байдаг.
Тухайлбал, Скотт механик хөдөлгүүртэй чарга болон одой мориуддаа
найдлага тавьж байсан. Гэвч аль аль нь тус болоогүй. Чарга нь
Антарктидын цас мөсийг туулах чадваргүй гэдэг нь тодорхой болж, харин
одой морьдын туурай нь цасанд шигдэн байрнаасаа ч хөдөлж чадахгүй шахам
байжээ. Тиймээс Скотт ба түүний багийнхан одой морьдоо буудан хороогоод
өөрсдөө чаргаа чирэх болсон аж. Тэгвэл Амундсен аялалдаа нохдыг
ашигласан байдаг. Тэд хүйтэнд их тэсвэртэй байсан тул норвегичууд өдөрт
хэдэн арван км замыг туулж байжээ.
Түүнчлэн Скоттыг бодвол Амундсен мундаг цаначин байсан төдийгүй
хүнсний зүйлсээ ухаалгаар хувиарлаж чадсан тул норвегичууд аяллын явцдаа
бараг өвдөөгүй. Харин Скотт ба түүний багийнхан хүнсний хомсдолд орсон
тул турж эцэн, чийг бам өвчнөөр өвчилжээ. Мөн норвегичуудын хувцас
хэрэглэл нь илүү сайн буюу англичуудынхыг бодвол хөнгөн, найдвартай,
дулаан байсан аж.
Гэлээ гэхдээ Скотт Газарзүйн агуу нээлтүүдийн түүхэнд нэрээ мөнхөлж
чадсан билээ. Учир нь түүн шиг эрэлхэг, романтик хүнийг олоход хэцүү.
Мөн түүнийх шиг эмгэнэлтэй хувь заяаг төсөөлөхийн аргагүй. Тэрээр эр
зориг, тэсвэр хатуужлын тод жишээ болсон. Түүний хийсэн аялал нь хүнээс
гарах бүхий л хүч чадлыг нотолж чадсан амьд хөшөө. Мөсөн тал дээгүүр
хэдэн зуун км-ийг чарга чирж, өлөн зэлмүүн туулсан, цаг агаар муудаж
салхиар шуурч байхад ч аяллаа үргэлжлүүлсээр байсан, мөн ялагдана гэдгээ
мэдсээр байж тэрийг үл огоорон бүх насаараа зорисон үйлсээ бүтээхийн
тулд бууж өгөлгүй зүтгэсэн, эцэст нь хөлөг онгоцдоо хүрч чадалгүй 17-хон
км-ийн наана амиа алдсан гээд түүний туулсан замаас ном бичих, кино
бүтээхэд санаа авах баримт олон билээ.
Скотт бол шинэ газар эзэмших хүн төрөлхтний хүсэл эрмэлзлэлийн
сүүлчийн золиос нь байлаа. Учир нь 20 дугаар зууны 20-30-аад оны үед ийм
урт, хүч шавхсан аялал явуулах шаардлагагүй болсон байв. В.Кавериний
“Хоёр ахмад” зохиолын баатар Саня Григорьев Амундсений талаар эргэцүүлж
бодохдоо түүнд онгоц байгаагүйд харамсан өгүүлдэг. Онгоц байсан бол
Өмнөд туйлд хэдхэн цагийн дотор хүрэх байв. Гэтэл Скотт байгалийн хүчин
зүйлстэй нүүр тулан улмаар амиа алдсан нь түүнийг илүү баатарлаг
харагдуулна.
Дэлхий дахинаа Скоттыг англичууд шиг үзэх нь үгүй. Англичуудын хувьд
Скотт бол үндэсний баатар төдийгүй түүний хийсэн аялал нь Вант улсын
төлөө амиа хайрлалгүй хүчин зүтгэж байсан хүмүүс үүргээ биелүүлж байж
үхдэг байсныг нотлох жишээ болдог ажгуу. Скотт нүд аних хүртлээ өдрийн
тэмдэглэл хөтөлдөг байснаас гадна эхнэр Кэтлин Брюстээ бичсэн “Миний
эхнэрт” хэмээх захидлаа дахин хаяглаж “Миний бэлбэсэн эхнэрт” гэж
болгосон байв. Жинхэнэ эр хүн л өөрийн цөхрөлөө, аргагүйтсэн байдлаа ийм
цөөн үгээр илэрхийлж чадах биз ээ.
Өөр өөр хувь тавилан
“Терра Нова” болон “Фрам” хөлгүүд эзэмшигчдийнхээ хувь тавиланг
дагасан гэлтэй. Өнөө цагт Норвегийн алдарт хөлгийн суурин дээр Ослогийн
хамгийн гол музейг байгуулсан байгаа бол Английн хөлөг онгоц далайн гүнд
хэвтэж байна.
Уг нь хувь тавилан ингэж эргэхгүй байх байсан. Учир нь “Фрам” хөлөг
онгоц Амундсений аяллаас ирмэгцээ нурж эхэлсэн гэдэг. Угаас Амундсен
“Мод” хэмээх шинэ хөлөг онгоцоо барихаар төлөвлөн “Фрам”-аас хэрэгцээтэй
тоног төхөөрөмжөө салгаж авах зөвшөөрлөө ч авчихсан байжээ. Тиймэс
“Фрам” олон жилийн турш хэнд ч хэрэггүй мэт зогссоор байв. Чингэтэл
1920-иод оны дундуур “Фрам”-ыг сэргээн босгох хороо байгуулагдаж хөлөг
онгоцыг сайн тавилан угтаж авсан юм.
Норвегийн энэхүү хөлгийг анхнаасаа л туйл судлалд ашиглах зорилгоор
барьсан бол гурван дарвуулт “Терра Нова” онгоцыг Өмнөд туйл руу
хөлөглөхөөс өмнө халимны аж ахуй болон далайн нохдыг агнахад ашиглаж
байсан аж. 1913 онд Англидаа ахмадгүйгээр буцаж ирсэн энэ хөлгийг
эргүлээд далайн аж ахуйд ашиглаж байгаад таван жилийн дараа ачааны хөлөг
онгоц болгож хойд өргөрөгт нүүрс тэвээрлэдэг байжээ. “Терра Нова” хөлөг
онгоцыг хэрхэн угтаж авч байсныг харуулсан бичлэгийг http://www.britishpathe.com/video/return-of-terra-nova/query/terra+nova эндээс үзнэ үү.
1943 онд буюу Антарктидээс ирээд 30 жил болсны дараа “Терра Нова”
хөлөг онгоц ертөнцийн нөгөө хэсэгт орших Гренландын эрэг хавьд живсэн
аж. Тухайн үед хөлөг дээр байсан багийг аварч чаджээ.
Чингэтэл Дэлхийн II дайн эхэлж англичууд живсэн хөлгөө эрж хайх
манатай болов. Яваандаа бүр мартсан ч гэж хэлж болно. Хөлөг живсэн газар
нь тодорхой байсан хэдий ч түүнийг эрж хайхад шинжлэх ухааны үндэслэл
хэрэгтэй байв. Гэвч ийм үндэслэл гаргахад түвэгтэй байлаа. Учир нь 30
жилийн турш хүнд хүчир ажилд дайчлагдаж явсан хөлөг онгоцон дээр Скоттын
аяллын үеэс ямар нэгэн зүйл үлдсэн гэж хэлэхэд хэцүү байсан нь
ойлгомжтой.
“Терра Нова”-г тохиолдлоор шахам олсон гэж хэлж болно. Энэ онд
америкчууд шинэ төхөөрөмж туршихдаа “Терра Нова”-ийн живсэн газрыг
сонгосон аж. Энэ төхөөрөмжийн ачаар түүнийг олсон. Юутай ч, “Терра Нова”
мөн гэдэгт эргэлзэх зүйл алга шиг байна. Далайн ёроолд хэвтэж буй
хөлгийн урт нь “Терра Нова”-ийн урттай тохирч байгаа юм. Бичлэгийг
эндээс
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Bar1jMJv_Rw үзнэ үү.
Уг хөлгийг далайн ёроолоос гаргах эсэх нь тодорхой бус байна. Тэгээд ч
өндөр өртгөөр татаж гаргасны дараа шинжлэх ухааны шинэ нээлт хийхэд
эсвэл шинэ музей нээхэд ашиглагдаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Хэдий
тийм ч хөлгийг газар дээр гаргахаар шийдвэл олон хүн Газарзүйн агуу
нээлтүүдийн эрин үеийн сүүлчийн жилүүдэд анхаарлаа дахин хандуулж,
улмаар Роберт Скотт, Руаль Амундсен нарын байгуулсан гарамгай үйлсийг
дахин нэг тунгаах болно гэдгийг үгүйсгэх аргагүй юм. http://lenta.ru/articles/2012/08/21/terranova/
Эх сурвалж: http://uynaa.wordpress.com/