Байгаль орчноо иргэд л хамгаална

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Байгаль орчноо иргэд л хамгаална

Байгаль орчныг хамгаалах төслүүд санхүүжилтээ авахаар болжээ. Итгэлийн сангаас “Мод, модлог ургамлаа хам­гаалъя”, “Сэтгэе, бүтээе, дэмжье”, “Байгальд ээлтэй хүүхдүүд”, “Цаасан хог хаягдлыг бууруулах нь”, “Их нартын байгалийн нөөц газрын ухагдсан газрын нөхөн сэргээлт”, “Атаршсан газар, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх”, “Бэлчээрээ нөхөн сэргээж хайрлан хамгаалъя”, “Цөлжилтийг сайжруулах ойжуулагчдын хамтлаг” зэрэг байгаль орчныг хамгаалахад чиглэсэн 36 төсөл санхүүжилтай болсон байна. Сум орон нутгийнхаа байгаль  орчны тулгамдсан асуудалд тулгуурлан  бичсэн 36 тө­сөлд  2000-17 мянган ам.долларын сан­хүү­­жилтыг Нидерландын Вант ул­сын Итгэлийн сангаас  олгож буй юм.  Тус улс Дэлхийн банк, Монгол Улсын БОАЖЯ-тай хамтран “Байгаль орчны шинэчлэл-2” төслийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Энэ удаагийн төсөл нь “Орон нутгийн байгаль орчны менежментийг сайжруулахад олон нийтийн оролцоог дэмжих нь” сэдвийн хүрээнд болж Монгол Улсын өнцөг булан бүрээс 411 төслийн материал ирж, тэднээс 36 төсөл санхүүжилтээ авч, ажлаа эхлэх боломжтой болсон нь энэ. Төслийн нээлтэд Нидерландын Вант Улсын ЭСЯ-ны ажилтан  Атташе Чаллинг Халберттшма, БОАЖ-ийн дэд сайд Ч.Жаргалсайхан,Нээлттэй нийгэм форум ТББ-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэжаргал, Сонгон шалгаруулах төслийн гишүүн Г.Гансүх нарын  хүмүүс хүрэлцэн ирсэн байв. Мөн орон нутгаас төсөл нь шалгарсан ТББ, иргэд төслөө танилцуулж, хэрэгжүүлэх арга замаа ярилцсан юм. БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан төсөл нь шалгарсан төлөөлөлд хандан төслөө үр дүнтэй, бодит ажил болгон хэрэгжүүлж, орон нутгийнхаа байгаль орчныг хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүсч байв. Нийслэл, 21 аймгаас 411 төсөл ирснээс тодорхой үзүүлэлтийн дагуу хоёр үе шаттай шалгаруулалт явуулж, төслийн зорилго, сэдэвтэй тохирсон байдал, гарах үр дүн, хэрэгжүүлэх чадамж арга зам, цаашид орон нутагт үргэлжлүүлэн тогтвортой үргэлжлүүлэх боломж зэргийг голлон анхаарч, есөн хүний бүрэлдэхүүнтэй баг сонгон шалгаруулалтыг шударга явуулсан гэж Сонгон шалгаруулах төслийн гишүүн Г.Гансүх хэлсэн юм. Төслийн танилцуулгын үеэр Увс аймгийн Бөхмөрөн сумын “Ямаат” нөхөрлөлийн малчин О.Булганхишигийн “Цагаан салаан алтны ордны нөхөн сэргээлт” төсөл, “Бизнесийг дэмжих хэвлэлийн холбоо” ТББ-ын “Байгаль хамгаалагч мэдээллийн төв” төсөл, Өвөрхангай аймгийн Арвайхээр  сумын “Сарлаг эрдэнэ холбоо” ТББ-ын “Мод, модлог ургамлаа хамгаалъя” төслийн удирдагч нартай уулзлаа.

Шалгарсан 36 төслийн удирдагчид тус бүрдээ төслөө танилцуулж, хэрхэн бодит ажил болгох талаар бүтэн өдрийн турш ярилцсан юм. Төслийн удирдагчид байгаль орчноо хамгаалах сэтгэлтэй орон нутгийн иргэдийн санаачлагыг дэмжиж, санхүүгийн дэмжлэг олгож буй Нидерландын Вант Улсын Итгэлийн сан, Дэлхийн банк, төслийг сонгон шалгаруулах ажлыг бие даан гүйцэтгэж буй “Нээлттэй нийгэм Форум” ТББ, БОАЖЯ-ныханд талархал илэрхийлж байв.

“Ямаат” нөхөрлөлийн тэргүүн О.Булганхишиг: Алтны компани, нинжа нарын ухсан 5.4 га газрыг нөхөн сэргээнэ

Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат хэмээх газар 2008 оноос “Хэичиг Гоульд” компани алт олборлож эхэл­жээ. Тус компани тус сумын 1.4 га газрыг ухаж, нөхөн сэргээлт хийлгүй орхисон аж. Харин нутгийн нинжа нар өнөөдрийг хүртэл гар аргаар алт олборлож дахин дөрвөн га газрыг ухаж сэндийчжээ. Тиймээс байгаль орчноо нөхөн сэргээх 20 гаруй малчдаас бүрдсэн “Ямаат” нөхөрлөлийг 2007 онд байгуулсан байна. Улмаар энэ жил 200 гаруй нүхийг нөхөн сэргээх, ховордсон ан амьтдыг хамгаалах сайн дурын  байгаль хамгаалагч ажиллуулах 4 сая 300 мянган төг­рөгийн төсөл бичсэн нь энэ аж.

Өвөрхангай аймгийн Арвайхээр  сумын “Сарлаг эрдэнэ холбоо” ТББ-ын тэргүүн Л.Жаргалбаатар:  3640 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ

Энэ удаагийн төсөлд Өвөрхангай аймгаас хамгийн олон төсөл ирж, гурван төсөл санхүүжилт авахаар шалгарсан аж. Үүний нэг нь Арвай­хээр  сумын “Сарлаг эрдэнэ холбоо” ТББ-ын “Мод, модлог ургамлаа хамгаалъя” төслийг онцолж байна. Дээрх төсөл нь хоёр дахь жилдээ Нидерландын Вант улсын Итгэлийн сангаас санхүүжилт авчээ. Тэд өн­гөр­­сөн онд  хөрзөнгөөр 365 тонн шахмал түлш үйлдвэрлэж, аймгийн иргэдийн түлшний хэрэгцээний зургаан ху­вийг хангажээ. Харин энэ удаад 3640 тонн шахмал түлш үйлдвэрлэх зорилт тавьсан гэнэ. Өвөрхангай аймагт түлшний хомсдол бий болсон, мод, модлог ургамлыг их хэмжээгээр түл­шинд хэрэглэж байгаа нь төсөл бичих шаардлагыг бий болгосон  байна. Ул­маар төслийн санхүүжилтээр шахмал түлш үйлдвэрлэх багаж хэрэгсэл авах, сургалт зохион байгуулах, гарын авлага хийхэд зарцуулах  аж.

“Бизнесийг дэмжих хэвлэлийн холбоо”  ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Батмөнх: Байгаль орчны эсрэг гэмт хэргийн мэдээлэл хүлээн авна

Шалгарсан 36 төслөөс энэ төсөл хамгийн өндөр буюу 17  мянган доллар 22 сая төгрөгийн санхүүжилт авахаар болжээ. Уг төсөл нь өнгөрсөн жил 18 сая төгрөгийн санхүүжилт авч, амжилттай хэрэгжсэн аж. “Бизнесийг дэмжих хэвлэлийн холбоо” ТББ нь 21 аймагт тус тус нэг төлөөлөл, нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй Байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг 88017777 утсаар авч, хууль хяналтын байгууллагад мэдээллийг хүлээлгэн өгдөг аж. Өнгөрсөн жил иргэдээс 3000 гаруй мэдээлэл хүлээн авч, 700 орчмыг нь хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлжээ. Харин энэ онд 1500 орчим мэдээлэл хүлээн авч 200 орчмыг нь шийдвэрлүүлэх зорилт дэвшүүлжээ. Төслийн багагүй хувь нь Байгаль орчны гэмт хэргийн эсрэг сурталчилгааг хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр сурталчлахад чиглэх аж. Цаашдаа энэ ажлыг  БОАЖЯ анхааралдаа авч, Засгийн газрын түвшинд асуудлыг хэлэлцэх зорилт тавьж  буйгаа дуулгалаа.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж