Шалгарсан 36 төслийн удирдагчид тус бүрдээ төслөө танилцуулж, хэрхэн бодит ажил болгох талаар бүтэн өдрийн турш ярилцсан юм. Төслийн удирдагчид байгаль орчноо хамгаалах сэтгэлтэй орон нутгийн иргэдийн санаачлагыг дэмжиж, санхүүгийн дэмжлэг олгож буй Нидерландын Вант Улсын Итгэлийн сан, Дэлхийн банк, төслийг сонгон шалгаруулах ажлыг бие даан гүйцэтгэж буй “Нээлттэй нийгэм Форум” ТББ, БОАЖЯ-ныханд талархал илэрхийлж байв.
“Ямаат” нөхөрлөлийн тэргүүн О.Булганхишиг: Алтны компани, нинжа нарын ухсан 5.4 га газрыг нөхөн сэргээнэ
Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат хэмээх газар 2008 оноос “Хэичиг Гоульд” компани алт олборлож эхэлжээ. Тус компани тус сумын 1.4 га газрыг ухаж, нөхөн сэргээлт хийлгүй орхисон аж. Харин нутгийн нинжа нар өнөөдрийг хүртэл гар аргаар алт олборлож дахин дөрвөн га газрыг ухаж сэндийчжээ. Тиймээс байгаль орчноо нөхөн сэргээх 20 гаруй малчдаас бүрдсэн “Ямаат” нөхөрлөлийг 2007 онд байгуулсан байна. Улмаар энэ жил 200 гаруй нүхийг нөхөн сэргээх, ховордсон ан амьтдыг хамгаалах сайн дурын байгаль хамгаалагч ажиллуулах 4 сая 300 мянган төгрөгийн төсөл бичсэн нь энэ аж.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Сарлаг эрдэнэ холбоо” ТББ-ын тэргүүн Л.Жаргалбаатар: 3640 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ
Энэ удаагийн төсөлд Өвөрхангай аймгаас хамгийн олон төсөл ирж, гурван төсөл санхүүжилт авахаар шалгарсан аж. Үүний нэг нь Арвайхээр сумын “Сарлаг эрдэнэ холбоо” ТББ-ын “Мод, модлог ургамлаа хамгаалъя” төслийг онцолж байна. Дээрх төсөл нь хоёр дахь жилдээ Нидерландын Вант улсын Итгэлийн сангаас санхүүжилт авчээ. Тэд өнгөрсөн онд хөрзөнгөөр 365 тонн шахмал түлш үйлдвэрлэж, аймгийн иргэдийн түлшний хэрэгцээний зургаан хувийг хангажээ. Харин энэ удаад 3640 тонн шахмал түлш үйлдвэрлэх зорилт тавьсан гэнэ. Өвөрхангай аймагт түлшний хомсдол бий болсон, мод, модлог ургамлыг их хэмжээгээр түлшинд хэрэглэж байгаа нь төсөл бичих шаардлагыг бий болгосон байна. Улмаар төслийн санхүүжилтээр шахмал түлш үйлдвэрлэх багаж хэрэгсэл авах, сургалт зохион байгуулах, гарын авлага хийхэд зарцуулах аж.
“Бизнесийг дэмжих хэвлэлийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Батмөнх: Байгаль орчны эсрэг гэмт хэргийн мэдээлэл хүлээн авна
Шалгарсан 36 төслөөс энэ төсөл хамгийн өндөр буюу 17 мянган доллар 22 сая төгрөгийн санхүүжилт авахаар болжээ. Уг төсөл нь өнгөрсөн жил 18 сая төгрөгийн санхүүжилт авч, амжилттай хэрэгжсэн аж. “Бизнесийг дэмжих хэвлэлийн холбоо” ТББ нь 21 аймагт тус тус нэг төлөөлөл, нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй Байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг 88017777 утсаар авч, хууль хяналтын байгууллагад мэдээллийг хүлээлгэн өгдөг аж. Өнгөрсөн жил иргэдээс 3000 гаруй мэдээлэл хүлээн авч, 700 орчмыг нь хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлжээ. Харин энэ онд 1500 орчим мэдээлэл хүлээн авч 200 орчмыг нь шийдвэрлүүлэх зорилт дэвшүүлжээ. Төслийн багагүй хувь нь Байгаль орчны гэмт хэргийн эсрэг сурталчилгааг хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр сурталчлахад чиглэх аж. Цаашдаа энэ ажлыг БОАЖЯ анхааралдаа авч, Засгийн газрын түвшинд асуудлыг хэлэлцэх зорилт тавьж буйгаа дуулгалаа.