2008 оны өвөл 19 сумдын төлөөлөгчид чуулан цаашдын хөгжил, зорилгоо тодорхойлон холбоогоо шүтлэгт Жавхлант шарга уулаараа нэрийдэхээр тогтсон гэдэг. Холбоо шинэ удирдлага зохион байгуулалтанд орсон даруйд аймгийнхаа морин спортыг хөгжүүлж, уяачдаа нэгдсэн удирдлагаар хангах зорилтыг дэвшүүлэн аймгийн чанартай хэд хэдэн уралдааныг шинээр зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд “Аймгийнхаа аварга хүлэг” шалгаруулах уралдааныг хоёр үе шаттайгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтож, дээд гурван насны морьдын уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор, харин доод гурван насны морьдын уралдааныг таван сардаа багтаан хийж байхаар тогтжээ.
Хурдны өлгий нутгийн аварга хүлэг шалгаруулах энэхүү уламжлалт уралдаан зөвхөн Сүхбаатарчуудын бус моринд дуртай монгол түмний хүсэн хүлээдэг наадмуудын нэг болсон бөгөөд түрүүлж, айрагдсан морьд нутгийн нэрийг дуурсган халхын дэвжээнд хурд сорьдог жишиг тогтоод буй юм.
Өөрөөр хэлбэл Сүхбаатарын аварга хүлэг шалгаруулах уралдаанд амжилт гаргасан хүлгэд улс бүсийн наадамд айрагдаж түрүүлэх нь олонтаа байдаг тул энэ үеэр арилжаа хийх сонирхолтой хүмүүс нэлээдгүй ирдэг аж. Чухам тиймээс өнгөрсөн 2011 оноос эхлэн уралдааны үеэр “Сүхбаатар хурд” хурдан морины дуудлага худалдааг зохион байгуулж 335000000 /Гурван зуун гучин таван сая/ төгрөгийн борлуулалт хийн, малчдадаа бодит хөрөнгө оруулалтыг оруулжээ. Дашрамд сонирхуулахад 2011 онд “Жавхлант шарга” холбоо болон уяачид аймагтаа оруулсан хөрөнгө оруулалтаараа уул уурхайн ашигт малтмал , мал аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүний дараа буюу гуравдугаарт бичигдэж, нутаг орныхоо хөгжилд томоохон хувь нэмрээ оруулагсад гэдгээ баталсан байна.
ДАРХАН АЙРАГДДАГ СҮХБААТАР АДУУ
2011 оноос эхлэн “Жавхлант Шарга ”морин спорт уяачдын холбооноос Сүхбаатар аймгийн сумдыг баруун, зүүн бүсэд хуваан аймгийн статустай хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахаар болсон юм. Уг шийдвэрийн дагуу Мөнххаан суманд “Мөнххаан хурд-2011” баруун бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсан бөгөөд хамгийн гол нь энэхүү уралдаанд айрагдаж, түрүүлсэн есөн хурдан хүлэг улс, бүсийн наадамд түрүүлж айрагдан нутгийн нэрийг дуурсгасан юм. Харин Ардын хувьсгалын 90 жил, Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойн аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд тоосоо өргөсөн 14-н хурдан хүлэг улс, бүсийн наадамд түрүүлж айрагдсныг дуулгахад таатай байна.
Дээрх хоёрхон жишээ Сүхбаатар аймгийн наадам чансаа өндөр болдгийг батлахын сацуу “Жавхлант шарга” холбоо уралдаанаа цагаа олж зохион байгуулдагийг харуулж буй юм.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд Сүхбаатарын уяачид нэгдсэн журмаар зохион байгуулалттайгаар төрийн наадамдаа оролцон амжилтаа ахиулах болсон нь холбооны зохицуулалттай холбоотой гэх юм билээ. Зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд Сүхбаатар нутгийн уяачид улсын наадмаас гурван түрүү, дөрвөн айраг хүртээд буй юм.
Нутаг орны нэрийг цуурайтуулан амжилт гаргасан шилдгүүдээ шалгаруулж, урамшуулдаг уламжлал “Жавхлант шарга”-ынханд бий. Өнгөрөгч оны шилдгүүд шалгаруулах ёслолын ажиллагаанд 150 гаруй хүндэт зочид оролцсон юм.
АХ-ын түүхт 90 жилийн ойд зээрд азаргаа түрүүлгэн, Дундговь аймгийн 70-н жилийн ойд айргийн дөрөвт хурдлуулан Мөнххаан суманд зохиогдсон “Баруун бүсийн уралдаан”-д түрүүлгэсэн Түмэнцогт сумын харьяат аймгийн Алдарт уяач Ө.Шинэтулга шалгарлаа. Ө.Шинэтулга уяачийн шаргал соёолон нь Мөнххаан суманд зохиогдсон “Баруун бүсийн уралдаан”-д аман хүзүүнд хурдалсан юм.
Сүхбаатар аймгийн Халзан сумын Алдарт уяач Г.Бааванхүүгийн халиун шүдлэн. Дорноговь аймгийн 80 жилийн ой зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн амжилтаараа 2011 оны хязаалангийн чансааг тэргүүлж байна.
Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэнгийн хар. Дорноговь аймгийн 80 жилийн ой зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан амжилтаараа 2011 оны соёолонгийн чансааг тэргүүлж байна.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Монгол улсын Манлай уяач С.Төмөр-Очирын бор морь нь хаврын бүсийн “Дүнжингаравын хурд” болон “Нүүрэнтэйн хурд” хаврын бүсийн уралдаануудад тус тус айргийн тав, “Мөнххаан 2011” Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдаанд аман хүзүүдсэн амжилтаараа шалгарчээ.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Алдарт уяач П.Баянхүүгийн хүрэн халзан хязаалан. Дорноговь аймгийн 80 жилийн ой зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан амжилтаараа 2011 оны хязаалангийн чансааг тэргүүлж байна. Халзан үрээ нь өнгөрсөн жилийн сумынхаа наадамд түрүүлсэн юм.
“Хан-Эрдэнэ” компанийн захирал Халзан сумын уяач Ойдовренцэнгийн Амарсайханы “Эрдэнэ зээрд” даага. Халзан сумын аймгийн Алдарт уяач Р.Мөнхтөрийн унаган адуу бөгөөд өнгөрсөн жил АХ-ын 90 жилийн ойд айргийн таваар хурдалж, Дорноговь аймгийн 80 жилийн ой зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөвт, 2011 оны аймгийн аварга шалгаруулах уралдаанд түрүүлсэн амжилтаар 2011 оны хурдан дааганы чансааг тэргүүлж байна.
Оны шилдэг уяачдын холбоо: Эрдэнэцагаан сумын “Егүзэрийн хүлэг” морин спорт уяачдын холбоо тус тус шалгарчээ.
Хурдны өлгий Сүхбаатар нутгаас Монгол улсын зургаан Манлай уяач төрөн гарсан байдгийн гурав нь усан луу жилийн шинэ босгон дээр тодорсон билээ. Жанжны өлгий нутгаас төрөн гарч, Манлайд эрэмбэлэгдсэн А.Ухна, Ц.Онгуу, Т.Монхор нарын уяачид дээр хүй цөглөсөн нутгийнхаа алдрыг дуурсган төрийн зарлигт уралдаануудад уясан хүлгэдээ түрүүлж айрагдуулсан Ч.Гансүх, С.Төмөр-Очир, Ч.Улаан нарын шинэхэн Манлайгууд нэмэгдэж, нутгийн адууны хөгжлийг урагшлуулах нэгэн сэтгэлээр зүтгэж байна.
21-р зууны төрийн их баяр наадмыг Сүхбаатарын унаган хүлгэд чимж буй. Сүүлийн жилүүдэд улс, бүсийн наадмуудад түрүүлж, айрагдсан хурдан хүлгэдийн 50-иас дээш хувийг нь Сүхбаатар аймгийн унаган ажнайнууд эзэлдгийг баяр наадмын цуваанаас бэлхнээ харж болно.
Наран мандах нутгийн сүлд хийморийг өргөн хурдалж буй шандаст хүлгэдээ мөнхлөх ажлыг “Жавхлант шарга” холбооноос санаачлан сумдын салбар холбоод, ивээн тэтгэгч, морьдын эзэдтэй хамтран зохион байгуулж буй бөгөөд 13 сумаас 11-т барьж байгуулжээ. Өнгөрсөн 2011 онд гэхэд л Эрдэнэцагаан сумын нутагт Монголын морин спорт, уяачдын холбооны 2009 оны шилдэг хүлэг “Егүзэр хээр” морины хөшөөг Монгол улсын Алдарт уяач “Сонор трейд” ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхболдын ивээн тэтгэлгээр барьж байгуулсан байна. Мөн түүнчлэн Онгон сумын нутагт байрлах “Жаахан Шарга”-ын цогцолбор хөшөөг аймгийн төсвөөс өргөтгөх ажлууд амжилттай хийгджээ.