Номын баярын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Номын баярын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэдхэн хоногийн өмнө жил бүрийн 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг номын баярын өдөр болгон тэмдэглэх тухай зарлиг гаргасан билээ.

Энэхүү зарлигийг дэмжиж олон байгууллага, аж ахуй нэгж, эрдэм соёлын төвүүд болон иргэдээс номын соёлыг улам бүр дэлгэрүүлэхийг дэмжсэн санал санаачилгууд ирсээр байна. Эдгээр санал санаачилгуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дэмжиж Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз, Монголын зохиолдчдын хороо, Үндэсний номын сан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, “Олуулаа” клуб, “Номын соёлт ертөнц” ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг дэмжин ажиллах ажлын хэсэг байгуулсан бөгөөд өчигдөр тус ажлын хэсэг хуралдаж хэдэн хэдэн ажлуудыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Энэ 9 дүгээр сарын 1-ний өдөр шинэ хичээлийн жилийн нээлтийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүн болох багаасаа” сэдэвт хичээл заах үеэрээ “Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ” хэмээх зүйр үгийг хүүхэд залуустаа хандаж хэлсэн. Ийнхүү сайн хүүхэд байхын эхлэл нь ном эрдмийг дээдэлсэн, сурах дэвжихэд тэмүүлсэн номын сайн нөхөр байхаас эхлэх юм.

Ингээд “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг дахин танилцуулж байна.  

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Номын баярын өдөр тэмдэглэх тухай

 
2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр                Дугаар: 158

Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдлэж есөн эрдэнээр чимэглэн, шасдир их цадиг, суу сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, ном дор мөргөхийг сүслэн, эрхэмлэн уншдаг ариун ёс, уламжлал бий.

Эдүгээ энэ сайхан уламжлал хэвээр хадгалагдаж буй бөгөөд Монгол орны хөгжил дэвшил, өөдрөг гэгээн ирээдүй чухамхүү эрүүл бие, саруул ухаантай, эрдэм боловсролд тэмүүлсэн Монгол хүнээс шалтгаалах буюу.

Уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэсүгэй.

2. Номын баярын өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд:

  • а) Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, сумдад хүүхэд, залуучууд, ард иргэдийг өргөнөөр оролцуулсан ёслолын ажиллагаа зохион байгуулж, хэвлэмэл болон сонсдог, дижитал буюу тоон технологид суурилсан номын үзэсгэлэн худалдаа гаргах, ном солилцох, бэлэглэх, хандивлах,
  • б) Шилдэг ном шалгаруулах, номын зохиогчийг алдаршуулах, сайн уншигчийг тодруулах ажиллагаа явуулах, зохиолч уншигчдын уулзалт ярилцлага хийх, уламжлалаа сэргээж “Номын сайн нөхөр” тэмдэгтэнг олноор төрүүлэх, тэднийг сургууль, анги, хамт олон нь зүйл бүрээр хөхиүлэн дэмжих, хэвлэл мэдээллээр сурталчлах,
  • в) Аймаг, сум, тосгонд ном унших нийтийн танхим, номын сан байгуулж тохижуулах.

3. Номын баярын өдөр бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, эцэг эх, багш, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид уриалсугай.

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж