Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 31

Тэмдэглэлт өдөр

АНУ-ын олон мужид Цезарь Чавесийн өдрийг тэмдэглэж байна.  Тэрээр хөдөөгийн ажилтнуудын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулахын төлөө тэмцэгч нийгмийн зүтгэлтэн байжээ.

1998 оны гуравдугаар сарын 26-нд Азербайжаны ерөнхийлөгч зарлиг гарган жил бүрийн гуравдугаар сарын 31-нд азербайжанчуудыг армянчууд 1918 оны гуравдугаар сард хоморголон устгасны дурсгалын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ

Энэ өдөр төржээ

Йозеф Гайдн, Австрийн хөгжмийн зохиолч, Венийн сонгодог сургуулийн тод төлөөлөгч (1732.03.31-1809.05.31)

Йозеф Гайдн 1732 оны гуравдугаар сарын 31-нд Унгарын хилээс холгүй Попей тосгонд төржээ. Түүний эцэг эх нь дуу хууртай хүмүүс байсан учир тэрхүү авьяас нь хүүд нь өвлөгдсөн гэдэг. Дунай дахь Хайнбург хотод 1737 онд хамаатныдаа ирсэн тэрээр найрал дуу ба хөгжимд суралцаж эхэлжээ. Дараа нь сүмийн найрал дуунд дуулж байгаад 1749 онд тэндээс гарч, янз бүрийн ажил хийж эхэлсэн байна. Италийн хөгжмийн зохиолч Никкола Порпорагийн зарцаар хүртэл ажиллаж байв. Тэрээр хөгжмийн их мастеруудын бүтээлийг судлан түүнээс суралцдаг байлаа. Клавесин хөгжмийн сонатуудыг бичсэн нь анхаарал татжээ. Хамгийн анхны том бүтээл нь “Доголон нохой” гэх дуурь ба нэгдүгээр яруу тунгалаг найрал хөгжим болсон юм.
1759 онд тэрээр гүн Карл фон Морцины ордны хөгжмийн багш, 1761 онд Унгарын хамгийн нөлөө бүхий язгууртан ван Эстерхазийн ордны хоёрдугаар багш, таван жилийн дараа жинхэнэ багш, удирдагч нь болсон байв. Ван ба түүний гэр бүлийнхэн Гайдны авьяасыг биширч, дэмждэг байв. Эстерхазийн ордонд өнгөрүүлсэн 30 жил нь түүний уран бүтээлд сайнаар нөлөөлжээ. 1781 онд тэр Моцарттай танилцан нөхөрлөсөн байв. 1790 онд Миклош Эстерхазийг нас барсны дараа ван Антон хөгжмийн хамтлагийг нь тараажээ. 1791 онд Гайдн Англид очсон ба тэнд байхдаа алдар нэрийг нь улам нэмэгдүүлсэн хоёр яруу тунгалаг найрал хөгжим бүтээсэн байв. Вена хотод ирж суурьшаад “Ертөнцийг бүтээсэн нь”, “Жилийн дөрвөн улирал” гэсэн хоёр нэртэй оратори бүтээсэн байв. 1792 онд тэрээр Бонн хотноо залуу Бетховентай танилцан шавиараа авсан байлаа. Гайдн 1809 оны тавдугаар сарын 31-нд Вена хотноо нас баржээ. Түүний урын санд 104 яруу тунгалаг найрал хөгжим, 83 квартет, 52 төгөлдөр хуурын сонат, хоёр оратори, 14 месс дуурь  байдаг.

Энэ өдөр нас баржээ

Исаак Ньютон, Английн суут эрдэмтэн, сонгодог механикийн үндсийг тавигч (1643.01.04-1727.03.31)

Английн математикч, одон орон судлаач, физикч, сонгодог механикийг үндэслэгч тэрээр Нарыг тойрон эргэлддэг гаригууд ба Дэлхийг тойрон эргэлдэх сарны хөдөлгөөний тайлбарыг хийсэн юм. Түүний хамгийн алдартай нээлт нь дэлхийн таталцлын хууль юм.

Исаак Ньютон 1643 нэгдүгээр сарын 4-ний өдөр Линкольнширийн гүнтний нутгийн  Вулсторп тосгонд төржээ. Түүнийг төрөхөөс өмнө эцэг нь нас барсан учир эх нь Ньютонг эмээд нь үлдээж, дахин нөхөрт гарсан аж. Тэрээр их зожиг хүүхэд байсан бөгөөд эхлээд сургуульдаа муухан сурлагатай нэгэн байв. Гэхдээ ихээхэн хичээнгүй байсан учир  тэргүүлэх сурагч болж чадсан гэдэг.
Түүнд техник, математик хамгийн сонирхолтой байлаа. Тэрээр 1660 онд Кембрижид элсээд 1965 онд урлагийн магистр цолтойгоор төгсчээ. Ньютон шинжлэх ухаанд шуудран ороод механикийн гурван хууль, дэлхийн таталцлын хууль зэргийг нээж, телескоп-рефлектор бүтээн гэрлийн үзэгдлийг судалж байлаа.

Ньютоны нээлтүүд физикийн биетүүд ба үзэгдлийн механикийн үндэс болсон юм. Физикийн хөгжилд түүний оруулсан хувь нэмэр үнэлэхийн аргагүй их. Олон улсын системд хүчний нэгжийг түүний нэрээр нэрлэжээ. Ньютон өөрөө нээлтүүдээ өмнөх хүмүүсийн бэлтгэснээс үндэстэй гээд “Хэрэв би бүхнээс цааш харж чадсан гэж байгаа бол тэр нь аваргуудын мөрөн дээр зогсон харсных” гэж хэлж байжээ. 1703 оноос тэрээр хаантны академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 1727 оны гуравдугаар сарын 27-нд таалал төгсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж