“Хоёрдугаар Христ” таалал төгсөв

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

“Хоёрдугаар Христ” таалал төгсөв

Нэгдлийн сүм хийд гэгчийг үндэслэж дэлхий даяар олон сая хүнийг номлолдоо оруулан дагуулж нэр олсон Өмнөд Солонгосын иргэн Сун Мён Мүүн өчигдөр нас барав. 92 настай Мүүн Сөүлээс холгүй орших Капхэн хошууны эмнэлэгт уушигний өвчнөөр бие барсан байна. ХХ зууны нэг цуутай авантюрист гэж зарим нэгний үздэг энэ хүний намтар түүх туйлын арвин баялаг, түүнийг шүтсэн олон сая хүний тоонд зарим монголчууд ч ордог нь үнэн билээ.   
 
Сун Мён Мүүн 1920 онд одоогийн Хойд Солонгосын нутгийн хөдөө тосгонд төржээ. Хар нялхаасаа Күнзийн уламжлалт сургаалаар хүмүүжсэн ч 10 настайдаа аав ээжийгээ даган Христийн шашинд орсон байна. Өөрийнх нь хэлдгээр 15 настайд нь Есүс Христ түүний нүдэнд үзэгдэж, бүтээж амжаагүй үйл хэргээ өөрөө хэлбэл хүний хорвоод энх амгаланг тогтоох үйлсээ гүйцээхийг даалгасан гэдэг. Түүнээс хойш өнөөг хүртэл Мүүн өөрийгөө хоёрдугаар Есүс хэмээн ил тодоор тунхаглаж ирсэн бөгөөд дагалдагчид нь ч үүнд эргэлзээгүй итгэдэг байна. Есүс “болсноосоо” хойш тэрбээр өөрийн гэсэн шашны номлолыг үндэслэж боловсруулсан бөгөөд 1954 онд “Unification Church” хэмээх өөрийн шашны бүлэглэлийг байгуулсан юм. Нэг жилийн дараа гэхэд Өмнөд Солонгост 33 салбар нэгжтэй болсон Мүүний байгууллага номлогчдоо 1955 онд Япон, 1959 онд АНУ-д илгээн дэлхий даяар бүтцээ өргөжүүлж эхэлжээ. 1965 онд АНУ-д анх очсон Мүүн дөрвөн жилийн дараа тэнд байнга оршин суух болсон байна. Гэхдээ БНСУ-ын иргэн байсан, тэнд орд харш, өдий төдий үл хөдлөх хөрөнгөтэй нь одоо ч хэвээр. Дэлхий дахинд, тэр дундаа АНУ-д олон зуун мянган дагалдагчтай болсон Мүүн 1974 онд Уотергэйтийн хэрэгт холбогдсон ерөнхийлөгч Ричард Никсоныг дэмжин тал бүрийн туслалцаа үзүүлснээр АНУ-ын төр засаг, тэр дундаа Бүгд найрамдах намынхантай нягт холбоотой болох замаа зассан бөгөөд энэ холбоо нь эцэг Ж.Бушийн үеийг ч дамжин олон жил үргэлжилсэн юм. 1977 онд АНУ-ын Конгрессын дэд хороо Америк-Өмнөд Солонгосын харилцааны талаар тусгай шалгалт явуулах явцдаа “Мүүний байгууллага” нэртэй 81 хуудас илтгэл бэлтгэсэн бөгөөд түүндээ Мүүнийг “Өмнөд Солонгосын тусгай албадтай холбоотой ажилладаг” хэмээн дүгнэсэн байдаг. Мөн Мүүний мэдлийн “Tongil Group” хэмээх бизнесийн томоохон бүтэц нь төрөл бүрийн зэвсгийн үйлдвэрлэл эрхэлдгийг хөдөлбөргүй тогтоожээ.

Мүүн олон тэрбум долларын хөрөнгөтэй хүн байсан бөгөөд Хойд Солонгост автомашин үйлдвэрлэлийн “Pyeonghwa Motors” компани; Өмнөд Солонгост зэвсэг, хүн орхоодой, барилга, үл хөдлөх хөрөнгө, эм, хэвлэл; Японд компьютер, шашны эд зүйлийн бизнес; Өмнөд Америкт том том эдлэн газрууд; Аляскад далайн бүтээгдэхүүний үйлдвэр; Нью-Йоркод бичлэгийн студи, жуулчлалын агентлаг; Техаст адуу үржүүлгийн газар; Калифорнид гольфын талбай гэхчлэн өдий төдий эд хөрөнгөтэйг нь хэвлэлүүд илрүүлэн бичиж байсан боловч энэ их баялгийн эх үүсвэр юу болохыг одоо ч тогтоон нотолж чадаагүй байгаа юм. Вашингтоны хоёр том сонины нэг “Washington Times”-аас гадна  ”United Press International” хэмээх агентлаг мөн түүнийх. Бүгд найрамдах нам, консервативчуудын байр суурийг хамгаалдаг “Washington Times” сониныг тэрбээр 1982 онд байгуулснаас хойш уг сонин нь байнга алдагдалтай ажилласан бөгөөд 1991 он хүртэл уг сонинд бараг нэг тэрбум доллар зарцуулснаа Мүүн өөрөө хэлсэн бол 2002 онд “Columbia Journalism Review” сэтгүүл энэ хэмжээг “Хоёр тэрбум давсан” гэж бичжээ.

1960 онд гурав дахь эхнэрээ (17 настайд нь) авсан жилээ Мүүн нэг дор 36 хосыг гэрлүүлснээр “Гэр бүл адислах ёслол” гэдгээ эхлүүлж, өнгөрсөн хугацаанд АНУ, Өмнөд Солонгос болон Ази, Африк, Өмнөд Америкийн олон арван оронд хэдэн арван мянган хосыг гэрлүүлсэн бөгөөд өдгөө энэ нь түүний шашны бүлэглэлийн үйл ажиллагааны нэг гол чиглэл болжээ. Бие биенээ огт танихгүй дагалдагчдаа өөрийн шууд оноолтоор гэрлүүлэх, мөн гэрлээд удсан хоёрыг ч дахин гэрлүүлж адисладаг энэ ёслол Монголд ч хэд хэд болсны нэгийг тэрбээр өөрийн биеэр удирдсан, харин зохион байгуулагч нь манай нэр бүхий улс төрчид удирдлагад нь оролцдог “Энх тайвны гэр бүлийн төлөө Монголын нийгэмлэг” байв. Төрөхөөс заяасан нүглээс Мүүн багшаар адислуулж салснаар шинэ гэр бүл төгс ариусч, үр хүүхэд нь ч энэ ариуслыг удам дамжин хүртдэг гэх агуулгатай энэ ёслолыг тэрбээр хамгийн сүүлд 2009 онд 40 мянган хосыг гэрлүүлж үйлдсэн билээ. Мөн ондоо тэрбээр байгууллагынхаа удирдлагыг хүүдээ шилжүүлжээ. 1981 онд Мүүний том хүүтэй гэрлэсэн Хансүг Хон гэгч (өөрөө 15, нөхөр нь 19-тэй байсан) гэрлэснээсээ 14 жилийн дараа таван хүүхдээ авч Мүүний гэр бүлээс зугатан, нөхрөөсөө салах өргөдлөө өгсөн юм. Тэрбээр 1998 онд “Мүүнийхний сүүдэрт өнгөрөөсөн миний амьдрал” хэмээх ном бичиж, Мүүний гэр бүл болон хүүхдүүдийнх нь ёс бус явдал, хүчирхийлэл, дарамтыг илчилсэн нь, гэр бүлийн сайн сайхан, эв найрамдал, төгс зохицлыг номлодог хоёрдугаар Есүсийн нэр хүндэд багагүй сэв суулгасан билээ.

2004 оны гуравдугаар сарын 23-нд Мүүн Вашингтон дахь Сенатын байранд өөртөө Энх тайвны титэм гээчийг зүүлгэн хувийн ёслол үйлдсэн бөгөөд Бүгд найрамдах намаас парламентад сонгогдсон арваад гишүүн үүнд оролцсон нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. “Associated Press” энэ талаар мэдээлэхдээ “Шашны байгууллагыг сурталчлахад оролцох гэж байгаагаа тэдгээр гишүүдийн олонх нь ойлголгүйгээр уг арга хэмжээн дээр очоод, хууртсанаа дараа нь мэдсэнээ хэллээ” гэжээ.
  
Мүүний “Unification Church” байгууллагыг судлаачид шашны аюултай урсгалд оруулан тооцдог бөгөөд ийм төрлийн жагсаалтад, Японы метронд хорт хий тавьж олон хүний аминд хүрсэн “Аум Шинрикёо” болон тиймэрхүү урсгалуудтай хамтдаа бичигддэгийг наад захын эх сурвалжаас үзэж болно. Гэр бүлийн сайн сайхан, соёл боловсрол, энх тайвны төлөө гэх Мүүнийхний тал бүрийн үйл ажиллагаанд ялангуяа Европын соёлт орнууд нэлээд болгоомжтой ханддаг байна. 2002-2006 онд Герман тэргүүтэй Шенгений гэрээний 14 орон Мүүн, түүний эхнэрийг нутагтаа нэвтрүүлэхийг хориглож байв. ОХУ-д, ялангуяа дунд боловсролын салбарт өргөн далайцтай үйл ажиллагаа явуулж байсан Мүүнийг тус улс 2005 оны 10 дугаар сард нутагтаа орохыг хориглосон бол Болгар, Молдова зэрэг хэд хэдэн улс мөн ийм арга хэмжээ авсан билээ. Харин Өмнөд Америк, ялангуяа Африкийн орнуудад түүнийг төр засгийн хэмжээнд хүндэтгэн хүлээж авах нь түгээмэл бөгөөд хар тивийн буурай орнуудад түүний дагалдагчид олон зуун мянгаараа буй юм.

Б.АМГАЛАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж