Өмнөд Судан Умардтай яриа хэлэлцээгээ сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Өмнөд Судан Умардтай яриа хэлэлцээгээ сэргээлээ

Өмнөд Судан болон Умард Судан улсууд хоорондын маргаантай асуудлуудаа шийдвэрлэх яриа хэлэлцээгээ дахин сэргээжээ. Өнөөдөр тус хоёр орны албаныхан Этиоп улсад уулзаж, хилийн маргаанаа шийдвэрлэх болон газрын тосны экспортоо сэргээх зэрэг асуудлуудыг авч хэлэлцэхээр болсон байна. Одоогийн байдлаар тус улсуудын хувьд газрын тосны экспортоо сэргээх нь эдийн засгийн хувьд хамгийн чухал байгаа бөгөөд хоёр орон  газрын тосны экспортыг зогсоохоос өмнө энэ нь Умард Судан улсын орлогын тал хувийг, Өмнөд Судан улсын Засгийн газрын орлогын 98 хувийг бүрэлдүүлж байжээ. Энэхүү уулзалтаас өмнө өнгөрсөн нэгдүгээр сард хоёр орны хооронд газрын тосны экспортын үнийг тогтоох хэлэлцээр болсон ч тодорхой үр дүнд хүрээгүй. Харин барууныхан болон Африкийн холбооны орнуудын эвлэрүүлэгчид энэ удаагийн  уулзалтад ихээхэн найдлага тавьж, газрын тосны экспортын үнийг шийдвэрлэж чадна гэж найдаж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр орны хил дээр гарсан тулаан хурцдаж, дайны хэмжээнд хүрэхэд ойрхон болсноос Умард Судан Өмнөдөд нийлүүлж байсан газрын тосны экспортоо зогсоосон аж. Гэхдээ энэхүү хоёр орны хил дээрх тулаан намжсан ч тус улсуудын эдийн засгийн байдал хүнд болсон байна. Хоёр орны албаныхны мэдэгдэж буйгаар тэд газрын тосны экспортоо сэргээхээс өмнө хилийн байдлаа тогтворжуулахыг эрмэлзэж байгаа гэнэ. Өмнөд Судан улс Умардаас тусгаар тогтносноос хойш тус улсуудын хооронд шийдвэрлээгүй, маргаантай асуудлууд их гарах болсон юм. НҮБ-аас хоёр улсад эдгээр маргаантай асуудлуудаа шийдвэрлэхэд зориулан өгсөн хугацаа уржигдар дууссан байна. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсуудыг маргаантай асуудлуудаа энэ сарын 22 гэхэд шийдвэрлэж дуусахгүй бол тус улсуудын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлнэ хэмээн мэдэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж