Аймшгийн Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Аймшгийн Улаанбаатар

Өчигдөрхөн л үеийнхээ нөхөдтэй инээж тоглож явсан хүү өнөөдөр алга. Тэр хорвоогоос үүрд буцжээ. Хэрвээ Улаанбаатар аюулгүй байсан бол тэр өнөөдөр ээж, аавдаа эрхлэн, эгчтэйгээ хөтлөлцөөд гүйх байсан байх даа. Саппорогийн тойргоос 3, 4 хороолол явах явган хүний замд 10 настай хүүхдийн дээрээс барилгын зуурмаг шахагч краны шон унаж, амь насыг нь хохироосон хэрэг өчигдөр гарсан.  Өвчтэй солиотой нь мэдэгдэхгүй давхидаг, дүрэм зөрчдөг, хурд хэтрүүлдэг жолооч нарт дайруулчихгүйн тулд явах ёстой замаар нь, мөрөөрөө алхаж явсан ээж хүүгээ гартаа хөтөлж яваад амь тасрахыг нь харжээ.

Аймаар юм, та бид хэзээ ч, хаана ч амь насаа алдахад ойрхон эрсдэлтэй, заваан, бохир аймаар хотод амьдарч байна.

 Энд тэндгүй ухсан нүх шороо, замбараагүй барилга барих барилгын компаниуд, дүрэм мэддэггүй, хуулиа дагадаггүй жолооч нараас болоод нийслэлчүүдийн амьд явах баталгаа улам бүр алдагдсаар байна. Ухсан нүхэнд унаж үхлээ л гэнэ, барилгаас тоосго, чулуу унаж хүн гэмтээлээ л гэнэ. Гарцаар гарч явсан хүүхэд дайрлаа л гэнэ. Хэн ирээд дээрэмдчих бол, хэнд алуулчих бол, хэзээ дээрээс юу унаад ирэх бол гэсэн айдас дунд улаанбаатарчууд амьдарч байна. Хотыг хоггүй болгож, утааны асуудлыг ярихаас наана нийслэлчүүдэд амьд явах баталгаа хэрэгтэй байна.

Өнгөрсөн хугацаанд нийслэлд баригдаж буй зах замбараагүй барилгуудыг, жилдээ нэг удаа болсон болоогүй додомддог замаа бүтээн байгуулалт, хөгжил гэж эндрүүхгүй л юм бол Улаанбаатар хөгжсөнгүй. Харин улаанбаатарчуудын амьд эрх жилээс жилд өдрөөс өдөрт алдагдсаар л байна.

Зургадугаар сарын УИХ-ын болоод НИТХ-ын сонгуулиар Ардчилсан нам олонх болсон. Нийслэл хотыг ирэх дөрвөн жил удирдах эрхийг  сонгогчид Ардчилсан намд олгосон. Улсын баатар Э.Бат-Үүл хотын шинэхэн мэрээр сонгогдоод сар гаруй хугацаа өнгөрчээ. Үнэхээр л хотыг хөгжүүлье, цэцэглүүлье гэвэл одоо баатарын багийнхан ярих биш хийх хэрэгтэй байна.

Хэлэх амархан, хэрэгжүүлэх хэцүү. Хүчтэйхэн салхинд нураад ойчихоор байшин барилгуудыг цэгцэлж, хүүхэд тоглож, хөгшид нарлах талбайгүй, зүү орох ч зайгүй газар байшин барилга барих явдлыг болиулмаар байна. Бидэнд гоё сайхан хотоос илүү амар амгалан, амьд явах эрх маань баталгаажсан нийслэл хэрэгтэй байна.



Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж