Батлан хамгаалахын сайд Пентагонд айлчлав

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд Пентагонд айлчлав

Монгол
Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтсийн урилгаар АНУ-д албан ёсны
айлчлалаа гуравдугаар сарын 29-ны өдрөөс эхэллээ. Монгол Улсын Батлан
хамгаалахын сайд АНУ-д анх удаа албан ёсоор айлчилж байгаа бөгөөд
бүрэлдэхүүнд нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад
бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, Ерөнхийлөгчийн Үндэсний
аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн
судалгааны хүрээлэнгийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Батбаяр, Батлан
хамгаалахын сайдын зөвлөх Ц.Ганболд, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал
Б.Баярмагнай нар багтжээ.

Айлчлал хоёр улсын Батлан хамгаалахын
сайд нарын уулзалтаар эхэлж, Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй
байдал, Монгол Улс, АНУ-ын харилцаа, ялангуяа батлан хамгаалах салбарын
хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Энэ үеэр АНУ-ын Батлан
хамгаалахын сайд Роберт Гейтс Монгол Улсын Зэвсэгт хүчин Ирак,
Афганистанд АНУ-ыг дэмжин өнөөг хүртэл хамтран үүрэг гүйцэтгэж ирсэнд
талархал илэрхийлж, цаашид Монгол Улсын Батлан хамгаалах салбарын
шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Зэвсэгт хүчний агаарын цэргийн хүчнийг
бэхжүүлэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр
үзүүлж буй тусламжийг нэмэгдүүлэх байр суурийг дэмжихээ мэдэгджээ.
Батлан хамгаалахын сайд Л.Болд АНУ-ын батлан хамгаалахын дэд сайд Воллес
Грегсон болон  албаны бусад хүмүүстэй уулзалт хийж, хоёр орны батлан
хамгаалах салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх таван чиглэлээр ойрын
үед хэрэгжүүлэх тодорхой асуудлуудыг хэлэлцлээ.

Дараа нь Батлан
хамгаалахын сайд Л.Болд төлөөлөгчдийн хамт АНУ-ын Төрийн департамент,
АНУ-ын сенатад ажил хэргийн уулзалтууд хийлээ. АНУ-ын Төрийн нарийн
бичгийн даргын орлогч Жеймс Стейнберг, туслах нарийн бичгийн дарга Курт
Кампбелл, Андрею Шапиро нар манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр
хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь улс төр,
эдийн засаг, аюулгүй байдал, энхийг сахиулах асуудал гэдэгт санал нэг
байв. АНУ-ын Сенатын төсвийн байнгын хорооны дарга Кен Иноей, тус
байнгын хорооны дэд дарга Тад Кокран, Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн
байнгын хорооны дэд дарга, АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Жон
Маккейн нар Л.Болд сайдыг хүлээн авч уулзах үеэр Монгол Улсад ардчилал,
зах зээлийн нээлттэй нийгэм амжилттай төлөвшиж байгаад баяр хүргэн,
Монгол Улс, түүний зэвсэгт хүчнийг цаашид дэмжихээ илэрхийллээ.  

Дугаар
шилжих мөчид Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид
АНУ-ын Төвийн Командлал дахь айлчлалаа эхэлжээ. АНУ-ын Төвийн
Командлалын төв штаб нь Флорида мужийн Тампа хот дахь агаарын цэргийн
Макдил баазад байрладаг бөгөөд өөрийн хариуцлагын бүс дэх Ойрхи Дорнод,
Төв Азийн 20 улсыг хамаарч, Афганистан болон Иракт терроризмын эсрэг
дайныг амжилттай явуулан, өнөөдөр энэ хоёр улсад сэргээн босголт,
тогтворжуулах, энхийг дэмжих ажиллагааг нэгэн зэрэг удирдан явуулж
байгаа билээ.

Батлан хамгаалахын сайд Л.Болд дөрөвдүгээр сарын
1-ний өдөр Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч,
Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга ноён Ле-Руатай уулзалт хийснээр
энэ удаагийн айлчлал өндөрлөх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж