Тулгуурт харайлтын хатан хаан гэгддэг Исинбаева энэ сараас эхлэн шинэ дасгалжуулагч Евгений Трофимовын хамт Волгоград хотод бэлтгэлээ эхлүүлээд байгаа юм. Трофимовын хэлснээр Елена ноён Роман Абрамовичид хандан санхүүгийн асуудалд туслахыг хүсч, тэр ч зөвшөөрсөн гэнэ. Улмаар Абрамивочийн хүмүүс саяхан Волгоград хотод зочилж, шаардлагатай мэдээллийг цуглуулж, тооцоо хийгээд явсан байна.
Елена Исинбаева 2005 оны арваннэгдүгээр сараас 2011 оны гуравдугаар сар хүртэл дасгалжуулагч Виталий Петровтой хамтран ажиллаж байсан юм. Петров өмнө нь Зөвлөлтийн домогт тамирчин, дэлхийн рекордыг 35 удаа шинэчилж байсан Сергей Бубкаг дасгалжуулж байжээ. Бараг есөн сарын хугацаанд уралдаан, тэмцээнд оролцолгүй нам жим байсан “Юбкатай Бубка” өнгөрсөн сард их спортдоо эргэн ирж, Москва хотноо болсон Оросын өвлийн уулзалт тэмцээнд 4,81 метрийн амжилт гаргасан юм. Одоо түүний гол зорилго 2012 оны Лондонгийн олимп гэнэ.