
Сүүлийн жилүүдэд уул уурхайн асуудлаарх чуулга уулзалт, үзэсгэлэн ихээр зохион байгуулагдах болсон ч энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлогийг уул уурхайн салбарыг зам барилгатай холбох гэдгээр албаныхан тайлбарлаж байгаа юм. Дашрамд дуулгахад, үзэсгэлэнд Канадын экспортыг дэмжих байгууллага ирж байгаа бөгөөд Канад улсаас Монгол Улс руу бүтээгдэхүүн гаргах нь ихэссэн тул ийнхүү үзэсгэлэнг зорин ирж, цаашдын хамтын ажиллагаагаа сайжруулах гэнэ.
Ингээд энэ талаар үзэсгэлэнг зохион байгуулагч “Allworld Exhibitions” группын захирал Брэндон О’Конеллээс тодрууллаа.
-Үзэсгэлэнгээр тухайлбал ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах бол?
-Гадаадын 200 гаруй компаниас оролцож буй учир хамрах хүрээний хувьд нэлээн өргөн болох нь.Компани бүрийн өөрсдийн баримталдаг бодлого, технологийн шийдлийг тэндээс харах боломжтой учир яг тэр энэ гээд цохоод хэлэхэд хэцүү л дээ. Ер нь Монголын аж ахуй нэгжүүд мөн оролцож, гадаад улстай уул уурхай, зам барилгын салбарт хэрхэн хамтарч ажиллах, бизнесийн түншээ олох боломжийг өгөх юм. Тухайлбал, газар доорх суваг холбооны үйлчилгээг үзүүлдэг, хүнд даацын машшин механизм үйлдвэрлэдэг компаниуд оролцоно.
-Үзэсгэлэнгээс гадна ямар арга хэмжээг төлөвлөсөн бэ?
-Үзэсгэлэнгийн эхний өдөр буюу есдүгээр сарын 5-ны 13.00 цагт Их Британийн Элчин сайдын яам Лондон хотын зүүн хэсэгт хэрхэн “Лондон-2012” Олимпийн хотхон барьж байгуулсан талаар баримтат кино үзүүлнэ. 6-нд Монгол Улсын Барилга хот байгуулалтын яамнаас Монголын барилгачдын өдөрт зориулан 100 мянган айлын хөтөлбөрийг танилцуулна. Эдгээр хоёр арга хэмжээнд бидний зүгээс ихэд анхаарал хандуулж байгаа бөгөөд хүмүүс ирж сонирхвол илүүдэхээргүй, үр өгөөжтэй байх болно гэж бодож байна.
-Ер нь сүүлийн үед олон үзэсгэлэн зохион байгуулдаг боллоо. Энэ удаагийн үзэсгэлэн юугаараа онцлог юм бэ?
-Сүүлд “Дисковер Монголиа” гээд арга хэмжээ болж, нэлээд хүмүүсийг цуглуулсан. Манай зохион байгуулж буй үзэсгэлэн нь чуулга уулзалт бус, бизнес эрхлэгчдийн практик ажиллагаанд ахиц гаргах, шинэ танилаа олоход чиглэгдсэн дан ганц үзэсгэлэн юм. Ингэхдээ анх удаа уул уурхайн салбарын салшгүй нэгэн хэсэг болсон зам, барилгыг холбож байгаагаараа онцлог. Мөн үзэсгэлэнд оролцох гадны 200 гаруй төлөөлөгчдийн 70 гаруй хувь нь урьд нь Монголд ирж байсан бөгөөд Монголын онцлогийг тодорхой хэмжээгээр мэддэг туршлагатай мэргэжилтнүүд юм.
-Үзэсгэлэнд иргэд, аж ахуй нэгж хэрхэн оролцох вэ?
-Ер нь энэ салбарт ажиллаж, хөдөлмөрлөдөг хүн бүрт нээлттэй. Харин үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэх зай талбай дууссан.