П.Цагаан МУИС-ийн хичээлийн нээлтэд оролцов

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

П.Цагаан МУИС-ийн хичээлийн нээлтэд оролцов

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов

Энэ жил 70 жилийн ойгоо угтаж буй манай улсын ууган их сургууль болох Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн шинэ жилийн баярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож үг хэлэв.

МУИС-ийн 16 салбар сургуульд нийтдээ 1000 гаруй багш ажилчид ажиллаж, 21.600 оюутан, 1.800 магистрант, докторант суралцаж буй бөгөөд энэ жил 4350 оюутан шинээр элсэн орсон байна.

Нээлтийн ажиллагааны үеэр ЕТГ-ын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч боловсролын салбарын шинэчлэлд онцгой анхаарч байгаа. Тийм ч учраас энэ хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан “Хүн болох багаасаа” теле хичээлийг орон даяар заахдаа “Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ” гэж тодорхойлсон. Энэ бол “Улсын хөгжил хүнээсээ, хүний хөгжил хүүхэд залуусаасаа эхэлдэг” хэмээн хэлж буй хэрэг.

Үүний нэг жишээ нь оюутны сургалтын тэтгэлэгийн асуудлыг боловсролын шинэчлэлийн түлхүүр гэж үзэн, эрх зүй, санхүүжилтийг нь сайжруулахын төлөө  ажиллаж байна. Оюутан залуусын сурах идэвхийг сайжруулах, сурч байх хугацаанд тохиолдох санхүүгийн бэрхшээлийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой сар бүр бүх оюутнууд 70.000 төгрөгийн тэтгэлэг авч байхаар хуульчилсан. 2012 оны байдлаар улсын хэмжээнд 1-3 сард 141,332 оюутанд, 4-6-р сард 139,789 оюутанд нийт 59,1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгогдсон байна.

Мөн уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг дэмжих зорилгоор 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Номын баяр тэмдэглэх тухай” зарлиг гаргалаа. Энэхүү зарлигт 9-р сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхийг дурьдсан.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, сумдад хүүхэд, залуучууд, ард иргэдийг өргөнөөр оролцуулсан ёслолын ажиллагаа зохион байгуулж, хэвлэмэл болон сонсдог номын үзэсгэлэн худалдаа гаргах, шилдэг ном шалгаруулах, номын зохиогчдыг алдаршуулах, сайн уншигчийг тодруулах тухай тусгасан.

Мөн “Номын сайн нөхөр” тэмдэгтэнг олноор төрүүлэх, аймаг, сумдад номын унших нийтийн танхим, номын сан байгуулах ажлыг Монгол Улсын нийт ард иргэд, эцэг эх, багш, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсан” гэлээ.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж