Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна

Иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага ажилтан, албан хаагчид, хүүхэд залуучууд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч та бүхэн өдөр тутам дараах асуудалд анхаарч, хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
 
Нэг: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
 
            А.Иргэдэд

1. Гудамж талбай, олон нийтийн газраар зорчих, автобус, такси унаанд суухаасаа эхлээд буух хүртэл биедээ авч яваа эд зүйлдээ анхаарч, халаасны хулгайчаас болгоомжилж, та өөрийнхөө төлөө хамгийн сайн анхаарал тавьж чадна.
 
2. Гэр, орон сууцаа аль болох эзэнгүй орхихгүй байх, хаалга цонхны найдвартай байдлыг хангах, гэрэлтүүлэг, дохиололд холбуулах, орон байрны хулгайгаас өөрсдийнхөө төлөө урьдчилан сэргийлнэ үү
 
3. Оршин суугаа нутаг дэвсгэр, айл хөрштэйгээ хулгайчаас сэргийлэх талаар хөршийн холбоо тогтоож, гадагш явахдаа хэлж, харилцан тусалж байх
          
4. Бэлэн мөнгө, үнэт зүйлдээ анхаарч, бусдад болон “үл таних” гэж бодсон хүнд мэдэгдэхгүй байх
          
5. Автомашинаа харуул хамгаалалтгүй газар удаан хугацаагаар тавихгүй байх, дохиолол хийлгэх, машиндаа хүний нүдэнд үнэтэй эд зүйлсээ орхихоос татгалзах.
 
6. Автомашины болон төмөр замын гарам хөндлөн гарахдаа болгоомжтой гарц, гэрлэн дохиотой газраар гарах нь та өөрийгөө зам тээврийн осолд орохоос урьдчилан сэргийлнэ гэдгийг анхаарна уу.

7. Тасонор сэрэмжтэй байснаар өөрийгөө болон бусдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж чадна.
 
8. Аливаа гэмт хэргийн хохирогч болох,эрүүл мэнд амь насаараа хохирох дээрэм, булаалтын болон бусад гэмт халдлагад өртөхөөс гэр бүл, төрөл садан, найз нөхөд хэлж, байнга сануулж, сэрэмжлүүлж байх
 
9. Хар тамхи, мансууруулах, донтуулагч үйлчилгээтэй  болон сэтгэцэд нөлөөт бодисын талаар та өөрөө мэдэж, бусдыг сэрэмжлүүлснээр өөрийгөө болон бусдыг хар тамхины гэмт хэргийн  золиос болохоос сэргийлж чадна.
 
10. Өндөр цалинтай ажил, бусад хангамжнөхцөл амласан бусдын сэжигтэй саналын цаана таныг гэмт хэрэгтэн болгох, аюул нуугдаж байж, болзошгүй.
 
11. Гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ цагдаагийн байгууллагад мэдээллэх.
 
Хоёр: Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр
 
1. Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй орчинг хамгаалах, хүүхдийг хүчирхийлэл, дарамтанд өртөх, гэмт хэрэгт уруу татагдах, хохирохоос урьдчилан сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн ямагт анхаарч, сургууль түүний орчинд, гудамж талбай, олон нийтийн газарт, гэр бүлийн орчинд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгчид, уруу татагч, дарамтлагч нар байдгийг сануулж байна.
 
2. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан бага болон дунд ангийн  хүүхдээ замын хөдөлгөөнд ганцааранг оролцуулах байх
 
3. Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар орхихгүй байх
 
4. Хүүхдэд их хэмжээний мөнгө, эд зүйл, эдлэл өгөхгүй байх
 
5. Хүүхдэд зориулсан цэнгүүн, үзвэр, үйлчилгээг гадаа харанхуй болохоос өмнө дууссан байхаар тооцоолон зохион байгуулах
 
Гурав. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагч нарт
 
1.Байгууллагынхаа орчны гэрэлтүүллэгийг сайжруулах, камер, дохиололын системийг тавиулах
 
2. Байгууллагын өрөө, агуулах, албан тасалгааны хаалга, цонхны бэхэлгээг найдвартай болгох, дотоод хяналтын системд холбох, цоож, лацын хүлээлцүүлж хэвших, дотоодын хяналтыг сайжруулах.
 
3. Харуул, манаа, жижүүрийн ажлын хариуцлага,сонор сэрэмжийг өндөржүүлж, тэднийг шаардлагатай холбооны болон хамгаалах тусгай хэрэгслээр хангах,  тэдэнд тавих хяналтыг оновчтой зохион байгуулах.
 
4. Ажлын байранд гадны хүнийг зөвшөөрөлгүй, бичиг баримтыг нь үзэж шалгаж, лавлалгүйгээр оруулахгүй байх
 
5. Ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглох.
 
6. Ажилтнууддаа хууль тогтоомжийг сурталчлах, таниулах.
 
7. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн мэдэгдэл, шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах
 
Дөрөв. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх  чиглэлээр
 
1. Иргэд, гэр бүл, олон нийт, та согтууруулах ундааны хор уршгийн талаар зохих мэдлэгтэй болж үр хүүхэд, гэр бүлийнхэндээ тайлбарлан таниулж, хүүхэд залуучуудыг багаас нь эрүүл амьдрах ухаанд сургах.
 
2. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс таны эрүүл мэнд, оюуны чадавхи, гэр бүлийн сайн сайхныг хөнөөдөг учраас түүнийг хэрэглэх нь ухаалаг зүйл биш, амь насаа алдаж болзошгүй…
 
3. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхөртөө анхаарал тавих, ганцааранг явуулах, орхиж явалгүй гэрт нь хүргэж өгөх, эсвэл гэр бүл хамаатан саданг нь дуудан хүлээлгэн өгөх
 
4. Томоохон зах, худалдааны төв болон бусад газарт хууль бус гар аргаар үйлдвэрлэн худалдаалж буй 1500 төгрөгний гэх тодотголтой хямд үнэтэй, стандартын бус  хуурамч  согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, хувь хүн /гар дээрээс, шагчдаас/  худалдаж авахгүй байх

5. Их дээд, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, оюутан залуучуудын байгууллага, төрийн бус байгууллагууд оюутан, сурагчдынхаа дунд архидан согтуурахын хор уршиг, түүнээс сэргийлэх, ардын уламжлалт ёс заншлын талаар хичээлээс гадуур цуврал хичээл, уулзалт ярилцлага,бага хурал, нээлттэй өдөрлөг, мэтгэлцээн, үзэсгэлэн, бусад төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, архины эсрэг тэмцэх сэтгэлгээ, боломж, аливаа үүсэл санаалчилгыг дэмжих
 
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИРГЭД,ОЛОН НИЙТ  ТА БҮХНИЙ ХАРИУЦЛАГА, СОНОР, СЭРЭМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАМГААС ЧУХАЛ ГЭДГИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.
 
 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж