“Талын хөх чононууд” Мьянмартай учраа таарлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

“Талын хөх чононууд” Мьянмартай учраа таарлаа

Бразил улсад болох 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Ази тивийн сонгон шалгаруулалт удахгүй эхлэх гэж байна. ДАШТ-д өрсөлдөх 32 багийн дөрөв нь Шар тивийн баг байдаг. Өөрөөр хэлбэл, FIFA-гаас Ази тивд шууд шалгарах дөрвөн эрх олгодог бөгөөд нэмэлт нэг эрхийг плей-оффт тоглож, авч болох дүрэмтэй. Мэдээж Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Австрали гээд хүчирхэг багууд эргэлзээгүйгээр Ази тивээс шалгарах хэдий ч бусад багууд сонгон шалгаруулалтад оролцох бүрэн эрхтэй.

ДАШТ-ий Азийн сонгон шалгаруулалт гурван үе шаттай үргэлжилдэг. Тивдээ чансаагаараа эхний тавд бичигдсэн багууд шууд гуравдугаар шатанд өрсөлдөх бол 6-27 хүртэлх байрт жагссан багууд хоёрдугаар шатанд, харин 28-аас доош чансаатай багууд эхний шатанд өрсөлддөг билээ. Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг Ази тивд чансаагаараа 35 дугаар байрт бичигдэж буй учир эхний шатанд өрсөлдөнө. Тэгвэл Азийн сонгон шалгаруулалтын нэг болон хоёрдугаар шатны сугалаа өчигдөр Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо байрлах Азийн хөлбөмбөгийн холбооны байранд болж, Монголын шигшээ баг Мьянмарын багтай сугалаа таарлаа. Хуваарь ёсоор “Талын хөх чононууд” эхний тоглолтоо зургадугаар 29 эсвэл 30-ны өдөр талбайдаа хийх бол хариу тоглолтоо долдугаар сарын 3, 4-ний аль нэгэнд Мьянмар улсад хийх юм. Хоёр тоглолтын нийлбэрээр хожсон тохиолдолд манай улсын хөлбөмбөгчид хоёрдугаар шатанд Оманы багтай өрсөлдөх эрхтэй болно.

Азийн сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатны сугалаа:

Малайз – Тайвань
Бангладеш – Пакистан
Камбож – Лаос
Шри-Ланка – Филиппин
Афганистан – Палестин
Вьетнам – Макао
Непал – Зүүн Тимор
Монгол – Мьянмар

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж